Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.01) хуралдаан таван асуудал хэлэлцлээ. УИХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” хэмээн заагаад хуулийн 7 дугаар зүйлд “Цахим хуралдаан” гэсэн шинэ зохицуулалтыг тусгай бүлэг болгож оруулсан. Энэ үндсэн дээр байнгын хорооны хуралдааныг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байхаар зохицуулсан. Энэ үндсэн дээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан цахимаар болж, гишүүд “Сүхбаатар” танхим болон байгаа газраасаа интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютер, iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан ZOOM-ээр нэгдсэн хуралдаанд оролцож байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛ НЬ ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна. Иймд Монгол Улсын 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Ингэхдээ,

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.” хэмээн танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэллээ. Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэнгүй. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулахаар тогтлоо.

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг 2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тогтоохоор төсөлд тусгасан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь Байнгын хорооны тогтоолыг төслийг батлахыг дэмжлээ.

“Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Үүний дараа “Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Э.Түвшинжаргал танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.23 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Улсын Их Хурлын Тамгын газар өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргана гэж заасныг үндэслэн боловсруулсан Эрх зүйн дүгнэлт гаргах журмын төслийг Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

ээрх хуралдааны явцад гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн тусгажээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын саналын  дагуу нэр томьёоны хувьд “эрх зүйн дүгнэлт” гэснийг “хууль зүйн дүгнэлт” болгон өөрчилсөн. Улсын Их Хурын гишүүн Б.Энхбаярын гаргасан саналын дагуу шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргахад мэргэшсэн шинжээч, судлаачдыг татан оролцуулах зарчмыг нэмж тусгажээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын саналын дагуу тухайн зохицуулалтын хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож, шинжилгээ хийх асуудлыг мэргэжлийн байгууллага, мэргэшсэн судлаач, шинжээчээр гүйцэтгүүлэх, дүгнэлтийг шат шатанд нь албан тушаалтан хянахаар заасныг хасаж, Хууль эрх зүйн газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулахаар өөрчилсөн байна. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн саналын дагуу дүгнэлтийг хэлэлцэх эсэх, анхны, эцсийн хэлэлцүүлэгт гаргахаар тусгасныг хассан байна.

Мөн хууль зүйн дүгнэлт гаргах цогц үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлжээ. Энэ хүрээнд,

  1. Хууль тогтоомжийн төслийн зөрчлийг тодорхойлох – нэг этгээдийн зан үйлийг ижил нөхцөлд хуульд зааснаас өөрөөр журамласан, Үндсэн хууль болон хууль тогтоомжийн эрэмбэлэлтийн аргын дагуу хамгийн дээд хүчин чадалтай, суурь харилцааг зохицуулж байгаа хуульд зааснаар өөр зохицуулалтыг тусгасан, өөр нэр томьёо хэрэглэсэн, зохицуулалтын агуулга нь үзэл баримтлалтайгаа зөрчилдсөн эсэх талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
  2. Хууль тогтоомжийн төслийн давхардлыг тодорхойлох – хуулиар нэгэнт зохицуулсан харилцааг хэл зүйн хувьд хуулбарласан, эсхүл тэдгээрийн зохицуулалтын зорилго, агуулгатай ижил байдлаар томьёолсон эсэх талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
  3. Хууль тогтоомжийн төслийн хийдлийг тодорхойлох – тухайн харилцаанд оролцогчдын зан үйлийг журамласан боловч түүнийг хэрэгжүүлэх арга зам, процедурыг заагаагүй, шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан, эсхүл зохицуулалт нь хэл зүйн найруулгын хувьд зөрчилтэй буюу салаа утгатай байгаа эсэх талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулахад “Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

“Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “УИХ-ын гишүүн нь Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, түүнээс гарах эрхтэй”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.3-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална.” гэж тус тус заасан. Үүний дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

“Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотой асуулт, санал гарсангүй. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулна.

“Ажлын дэд хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Үргэлжлүүлэн “Ажлын дэд хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн танилцуулгыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулж, санал хураалт явууллаа.

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулахыг Байнгын хорооны гишүүдийн 72.2 хувь нь дэмжсэн юм. Тус дэд ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ундрах, Б.Эрдэнэбалсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарг Б.Баасандорж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Хонгорзул, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын референт Л.Мөнхчимэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах шинжээч Ш.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Тамгын газрын дарга С.Билгүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Батсүх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор А.Эрдэнэцогт, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Б.Болд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж