Covid-19 цар тахлын улмаас хөл хорионд орж, Улаанбаатар хотод гацаад байсан орон нутгийн иргэд өнөөдөр (2020.12.01)-өөс нутгийн зүг хөлгийн жолоо залж эхэллээ.
Эмнэлэгт үзүүлэх, сургалтад суух, оюутан хүүхэддээ идшийг нь дөхүүлж өгөх, дэлгүүртээ бараа татах, бие муу хүнээ эргэх зэрэг олон шалтгаанаар нийслэлд ирсэн байсан иргэд хөл хорионд орсноор 20 орчим хоног саатсан юм.
Хэдийгээр эхний ээлжинд Covid-19 халдвар бүртгэгдээгүй аймгийн иргэдийг нутаг руу нь буцааж буй ч энэ нь аз сорьсон, иргэдийн ухамсарт илүү найдсан, Шадар сайд Я.Содбаатарын хэлсэнчлэн хайчин дунд орж, гаргасан шийдвэр гэдгийг ойлгож, аян замд явахдаа шүлсээ бусад руу үсчүүлэхгүй, хаа таарсан газраа нус, цэрээ хаяхгүй, хоёр цаг тутамд маскаа сольж, хоолоо бусадтай хувааж идэхгүй байх зэрэг дэглэм мөрдөн, нутагтаа очуутаа 14 хоног гэрээсээ гарахгүй, өөрийгөө тусгаарлахыг хүсье.
Учир нь нутаг буцаж буй иргэдийг Covid-19 вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулж, сөрөг гарсан тохиолдолд явах эрх олгосон ч халдвар авсан хүмүүсийн 40 шахам хувьд шинж тэмдэг илрэхгүй, мөн нууц үе нь 14 хоног үргэлжилж, энэ хугацаанд дээд тал нь 26 хүнд халдварыг тараасан судалгаа гарсан учир хаа, хаанаа хариуцлагатай хандах шаардлага тулгарч буй.
Сар хүрэхгүй хугацаанд Монголд дотооддоо дээрх өвчний халдвар авсан иргэдийн тоо 400 дөхлөө. Хамгийн гол аюул нь халдвар авсан иргэн хавьтагчийн талаарх мэдээллээ бүрэн дүүрэн өгдөггүй. Түүнээс болж, цаг алдан илүү их эрсдэлд оруулж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл Архангай аймгийн хүнс тээврийн жолооч Улаанбаатар хотод ирээд бариа хийлгээд халдвар авсан байдаг. Гэтэл тухайн үйлчилгээ үзүүлсэн газар нь жолоочийн тухай мэдээллийг цаг алдалгүй өгөөгүйгээс өнөөдөр Архангай аймаг голомтын бүс болчихсон, нийслэлд саатсан иргэдээ хэсэг хугацаанд хүлээн авах боломжгүй болоод байна. Хуулийнхан хойноос нь эрэл сурал болж, явснаар халдвар авсан иргэнийг олж, хавьтагчдыг тусгаарласан. Хавьтагчдын тоо өнөөдөр 200 давсан байдаг.
Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссын гишүүд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын зүгээс сануулсаар ирсэн 14 хоногийн гэрийн тусгаарлалт ямар их хэрэгтэй вэ гэдгийг энэ хугацаанд олноороо хангалттай мэдэрлээ. Одоо алдааг давтаж болохгүй.
Яагаад гэвэл Улаанбаатар хот Covid-19 цар тахлын голомтын бүс болсон. Хэдийгээр орон нутгийг зорьсон иргэд эрсдэлтэй газраар үйлчлүүлээгүй байж болох ч өөр тохиолдлоор эрсдэлд орсон байж болзошгүй тул дэглэм хамгаас чухал юм. Нөгөөтэйгүүр, Covid-19 вирус илрүүлэх шинжилгээний хариу өнөөдөр сөрөг гарсан ч хэд хоногийн дараа эерэг гарахыг үгүйсгэхгүй. Хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрч байгааг санах учиртай. Энэ тухай ч Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн. Харин нийслэлд гацсан иргэд орон нутагтаа очсон хойно нь халдвар илэрвэл яах вэ гэсэн асуултад өнөөдөр хэн ч хариулт өгч чадахгүй л суугаа. Ард нь ажил, амьдрал нь хэцүүдэж байгаа тул олон хоногоор хотод гацаах нь бас л бэрхшээл учруулж буй учраас аз сорьсон шийдвэрийг аргагүйн эрхэнд Засгийн газар гаргасан.
Ийм учраас одоо нутаг буцаж байгаа иргэд хамгийн хариуцлагатай, хамгийн ухамсартай байх шаардлага тулгарч байна шүү.
Албаныхны өгч буй мэдээллээр Улаанбаатар хот болон орон нутгаас нийслэлд иргэхээр бүртгүүлсэн иргэдийн тоо 100 мянга орчим болж буй. Үүнд нийслэлд суралцдаг оюутны тоо ч багтсан.
Арванхоёрдугаар сарын 1-7-нд халдвар гараагүй аймгийн иргэд хувийн автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, мөн агаарын тээврээр нутагтаа буцах бол арванхоёрдугаар сарын 7-ноос халдвар бүртгэгдэж, голомтын бүс болсон Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Архангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэд буцаж эхэлнэ. Мөн Улаанбаатар хотод суралцдаг оюутнууд буцна.
Гэрийн 14 хоногийн тусгаарлалт оюутнууд ч мөн хамаарна.
Орон нутгийг зорих оюутнуудын хувьд хөдөөнөөс ирсэн иргэдтэйгээ зэрэгцэж, шинжилгээнд дугаарлан, асуудал үүсгэж байгаа учраас буцах цаг хугацаа болоогүй байгааг бодолцож, шинжилгээ өгөх цэгийн гадаа очиж хүндрэл үүсгэх шаардлагагүй юм.
Шинжилгээ өглөө гэхэд PCR шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй тул явах хугацаанаас хэт олон хоногийн өмнө өгөх нь дахин шинжилгээнд хамрагдахаас аргагүйд хүргэхийг анхааруулъя.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ