НЭМЭЛТ:
СОРЬЦ ГАРГАЦГҮЙ ТЭМДЭГЛЭСНЭЭС ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРАХГҮЙ МЭТ ОЙЛГОГДОЖ БАЙНА
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Монгол Улсад дотоодод бүртгэгдсэн халдварын анхны тохиолдол хаанаас гарсан бэ?
А.АМБАСЭЛМАА: Халдварын эхний голомтоос хойш нэг нууц үеийн хугацаа өнгөрч хоёр дахь нууц үеийн хугацаа үргэлжилж байна. Эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш голомтын тандалт судалгааг эрчимтэй зохион байгуулж, ойрын хавьтал болох 400 гаруй хүнийг илрүүлсэн. Тэдний дунд үзвэр үзсэн, караокегоор үйлчлүүлсэн болон нэг орцонд амьдардаг гээд 40 гаруй хүнээс covid-19 илэрсэн.Үндсэндээ салбарласан дөрвөн том голомт байгаа. Жолооч Д болон төмөр замын тохиолдлыг хяналтад авсан. Одоогоор бариа засал хийсэн, хувийн эмнэлгийн үйлчилгээ авсан хүмүүсийн хавьтлыг тодруулах ажил хяналтад орж байна. Тохиолдлын шалтгааныг тодруулж хяналтад авсан.
-Цахим бүртгэл болох www.119.mn сайт ажиллахгүй байна гэх асуудлаас гадна шинжилгээ өгсөн хүмүүс хариугаа авч чадахгүй байна гэх гомдол их байгаа юм.Үүнээс болж орон нутаг руу өнөөдөр буцах иргэдэд хүлээлт үүслээ. Шинжилгээний хариу яагаад гарахгүй байна вэ. Техникийн саатал гарсан уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
Д.НЯМХҮҮ: www.119.mn сайтад шинжилгээний хариу гарахгүй байгаа шалтгаан нь шинжилгээ авч буй хүмүүс сорьцын тэмдэглэгээг /нас, регистрийн дугаар/ гаргацтай бичих ёстой. Бусад PCR лаборатори цаг хугацаандаа шинжилгээ ачаалал дааж ажиллаж байгаа. Хамгийн гол нь, шинжилгээний хариу бичиж, программд бүртгэхэд асуудал үүсч байна. Учир нь, сорьцыг гаргацгүй тэмдэглэснээс регистрийн дугаар нь олдохгүй байх, буруу бичих зэрэг асуудал үүсч тухайн хүний шинжилгээний хариу гараагүй мэт ойлгогдож байна. Үүнд сайжруулалт хийх талаар анхаарч ажиллаж байна. Мөн лабораторт олон мянган шинжилгээ хийж байгаа тул цаг алдаж байна. Учир нь лабораторийн шинжилгээг тухайн хүний нэр, хаяг, регистрийн дугаарыг нэг бүрчлэн бүртгэж, тулгадаг юм.
-Иргэд хямд, чанаргүй вакцин эрсдэл дагуулах вий хэмээн болгоомжилж байна. Монгол Улсад ямар вакцин хэрэглэх вэ?
Д.НАРАНГЭРЭЛ: Манай улс ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн чанартай вакцин хэрэглэдэг улс орнуудын тоонд зүй ёсоор багтдаг. Иймд санаа зовж, айж түгших асуудал байхгүй. Covid-19 халдварын эсрэг вакцины тухайд ч бас баталгаатай, чанартайг нь хэрэглэх төлөвлөж зорьж байна. ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хэрэглэнэ.
-Халдварын голомтод ажиллаж буй төрийн алба хаагчдын аюулгүй байдлыг хэрхэн анхаарч байна вэ?
А.АМБАСЭЛМАА: Халдварын голомтод ажиллаж буй хүмүүс цагийн хуваарьтай ажиллаж байна. Дархлааг нь дэмжихэд харьяа байгууллагууд анхаарч байгаа. Үүргээ биелүүлж буй төрийн алба хаагчдад өмнө нь чиглэл өгсөн. Аль болох төр ажиллуулж буй хүмүүстээ анхаарал хандуулж байгааг хэлье.
-Халдвар илэрсэн орон сууцуудад эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхгүй байна гэх асуудал гарч байна.Эмнэлгийн тусламж үзүүлэхэд хэрхэн анхаарч, ямар зохицуулалттай ажиллаж байна вэ. Яаралтай түргэн тусламж авах ёстой иргэдээ анхаарал хандуулж байгаа юу?
Д.НАРАНГЭРЭЛ: Халдвар илэрсэн байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн асуудал байхгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа. Дуудлагын ачаалал их байгаа тул хүлээгдэх асуудал байгаа.
-Иргэдээс 119.mn цахим сайт ажиллахгүй байна гэх гомдол ирүүлж байна.Шинжилгээний хариугаа авч чадалгүй автобуснаасаа хоцорсон иргэдийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
Д.НАРАНГЭРЭЛ:119.mn сайт өчигдөр сервер унасан асуудал гарсан ч өнөөдөр хэвийн ажиллаж байна.
-Халдварын анхны тохиолдлууд бүртгэгдэж, эмчилгээнд орсноос хойш 20 гаруй хонож байна.Тэдний биеийн байдал хэр байна вэ?
А.АМБАСЭЛМАА: Бид ойрын хавьтлуудыг тусгаарлаж, өдөр бүр тогтмол халууныг нь хэмжиж байна. Одоогоор биеийн байдал нь хэвийн байна.
Нэг өвчтөний эмчилгээнд зарцуулж буй найман сая төгрөгийн зардлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Олон нийтийн дунд ДЭМБ-д бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэж байгаа учраас зардал өндөр тусч байна гэх хардлага байна?
Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-ийн эмчилгээний баг болон Эрүүл мэндийн яаманд байгуулагдсан салбар зөвлөлийн судалгаагаар найман сая төгрөгийн зардал гарна гэж тооцсон. Үүнд буруу дүн гараагүй. Дунджаар 6.7-8.9 сая төгрөг шаардлагатай гэж үзсэн. Үүнд хувийн хамгаалах хэрэгсэл, шинжилгээний үнэ, вирусийн эсрэг эм байна. Хөнгөн хүмүүс байгаа ч үнэтэй эм тариа хэрэглэх зарчим байхгүй. Хамгийн гол нь, халдвар тараахгүй байхад анхаарч эмчилж хяналтад авч байгаа юм. Манай улсын тухайд урсгал зардал, багаж тоног төхөөрөмжүүдэд ашиглаж буй урсгал зардал, эмч нарын илүү цагийн зардал, эмнэлгийн хүнс болон ойрын хавьтлуудыг олж тогтооход ажиллаж буй хүмүүсийн цагийн зардлыг тооцвол найман саяас илүү өртөг гарна. Иймд эмзэглэх хэрэггүй.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ COVID-19 ХАЛДВАРТАЙ ХҮН ҮЙЛЧЛҮҮЛСЭН
-Хөл хорио тогтоосон хугацаанд дэглэм зөрчиж халдвар тархсан асуудал гарсан уу. Ийм тохиолдол гарсан бол ямар хариуцлага тооцсон бэ?
А.АМБАСЭЛМАА: Одоогоор хөл хорионы дэглэмийг ноцтой зөрчиж, халдвар батлагдсан тохиолдол илрээгүй. Өчигдөр 24 цагийн хугацаанд хотоос гарах гэж буй 12 мянган хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Энэ нь иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж байгаатай холбоотой. Халдварын голомт бүхий газраар орж эрсдэлд ороогүй.
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар илэрсэн гэх мэдээлэл байна.Тус эмнэлэгт арваннэгдүгээр сарын 26-нд хэвтэн эмчлүүлж байсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас ХӨСҮТ-д шилжүүлсэн. Тухайн эмнэлэгт нэг өрөөнд эмчлүүлж байсан гурван хүнийг тусгаарлаж байна гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
А.АМБАСЭЛМАА: Арваннэгдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт амьсгалын замын шинж тэмдэгтэй хүн үйлчлүүлсэн. Тухайн хүнийг тестлэхэд эерэг хариу гарсан. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд тусгаарлах байр бэлдсэн. Коронавирусийн халдварын үед эмнэлзүйн шинж тэмдэгтэй, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс үйлчлүүлэхэд тусгаарлаж байгаа. Энэ журмаар тусгаарлаж, шинжилгээ авахад Халдвартын клиникт шилжүүлэн, эмчилж байгаа . Гэхдээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн хүмүүсээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Журмын дагуу 14 хоног тусгаарлаж байгаа.
-Цахим орчинд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа эмэгтэйн талаарх мэдээлэл цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт төрөөд 14 хонож буй эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тухайн хүн хөх хавдах оноштой байсан, эмнэлгийн тусламж үзүүлсэн тул биеийн байдал нь сайжирсан.
Хэдийгээр түргэвчилсэн оношлуураар сайн дурын шинжилгээ авч байгаа ч PCR шинжилгээгээр эцсий хариу гарч байна. Иймд түргэвчилсэн оношлуур хэрэгтэй юу гэдэг асуудал сөхөгдөж байна?
-Улсын хэмжээнд 54.690 гаруй хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан.Үүнээс 103 хүний хариу тухайн үед эерэг гарсан.
БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ОЙРЫН ХАВЬТЛЫН 10 ХҮНЭЭС COVID-19 ИЛРЭВ
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Өчигдөр /2020.11.30/ нийт 12.116 хүнд шинжилгээ хийснээс 10 хүнд covid-19 илэрсэн. Тодруулбал, хавьтлын 400 гаруй хүний давтан шинжилгээг хийхэд 10 хүний хариу эерэг гарчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Ард иргэдийн дундаас хийсэн 12 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй. Харин хавьтлын давтан шинжилгээний дотроос 10 хүний хариу эерэг гарсан. Үүний дотроос Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс covid-19 илэрсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлын хүн байгаа юм. Мөн Улаанбаатар хотод шинээр долоон тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын аав ээж, хүү зэрэг гэр бүлийн хүнээс илэрсэн.
Улаанбаатарт өвчлөл бүртгэгдсэн дүүрэг, хороодыг танилцуулбал,
- Баянгол дүүрэг-9 хороонд 23 тохиолдол бүртгэгджээ
- Баянзүрх дүүрэг -5 хороонд 25 тохиолдол
- Сүхбаатар дүүргийн -4 хороонд 12 тохиолдол
- Сонгинохайрхан дүүргийн 3 хороонд 13 тохиолдол
- Хан-Уул дүүргийн 3 хороонд 9 тохиолдол
- Чингэлтэй дүүргийн 1 хороонд 1
- БНД- 4 хороонд 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өнгөрсөн 24 цагт Дархан-Уул, Орхон аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт шинэ тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,
- Архангай аймагт шинээр 1 нийт 3
- Сэлэнгэ шинээр 1 нийт 180
- Говьсүмбэр шинээр 1 нийт 4 боллоо
Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 801 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 358 болж байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 434 хүн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд дөрвөн хүн, хүнд 6, хүндэвтэр 82, хөнгөн 342 хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д биеийн байдал нь маш хүнд хоёр хүн байгаа бол хүнд 3 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 185 хүнээс маш хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 56, хөнгөн 124 хүн байгаа юм. Эмнэлзүйн шинж тэмдгийн тухайд хуурай ханиалгах, толгой өвдөх, хамар нусгайрах, амт үнэр алдагдах зэрэг илэрч байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Нийслэл болон зургаан аймагт covid-19 голомтлон гарсан. Улсын хэмжээнд халдварын 9 голомт байна. Ойрын хавьтлын 4179 хүний тандалт судалгаа үргэлжилж байна. Улсын хэмжээнд covid-19 илрүүлэх сайн дурын шинжилгээг зохион байгуулж буй. Өнөөдрийн байдлаар 180.734 хүн шинжилгээ өгснөөс 127.623 хүний хариу сөрөг гарчээ. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Халдварын голомтод ЗӨСҮТ-өөс ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод 1003 хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй. Өнөөдрөөс эхлэн хүмүүс нийтийн тээврээр зорчиж, орон нутагтаа буцаж байна. Иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай. Амны хаалт, бээлийтэй зорчих хэрэгтэй. Гар ариутгагч, салфетка зайлшгүй авч явах хэрэгтэй. Иргэд замдаа хүмүүстэй ярихгүй, хоол хүнсээ бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөе. Хэрэв халуурвал жолоочид мэдэгдэж, тусгаарлалтад орохыг зөвлөж байна. Мөн өнөөдөр дэлхий дахинд ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна.
АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ COVID-19 ХҮНД ТУСЧ БАЙНА
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:
-ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй батлагдсан тохиолдлуудаас зургаан хүний биеийн байдал маш хүнд байна. Covid-19 халдвар архаг хууч өвчтэй хүнд хүндээр тусч байна. Биеийн байдал нь хүндэрсэн хүмүүс зүрх судас болон даралт өндөр гэсэн оноштой. Мөн чихрийн шижин өвчтэй 3 хүн байгаа бол цус харвасан саажилттай хүн covid-19 халдвараар өвдөж эмчлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд өвчтөнүүдэд тандалт судалгаа хийхэд 30 хувь нь уушгины хатгаа, нэвчидсийн улмаас эмчлэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Хамгийн сүүлд гурван хүн амьсгалын аппаратад орж, уушгины нэвчидэс сайжирч байна. Мөн улсын хэмжээнд covid-19 илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байгаатай холбоотойгоор ачаалал ихсэх, шинжилгээний хариу авахад бэрхшээл үүсч байна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Monday, November 30, 2020
Холбоотой мэдээ