Жо Байдены гэр бүл нэгдүгээр сард Цагаан ордонд нүүж ороход дахиад нэг өрөө шаардлагатай болж магадгүй гэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байден болон түүний гэргий Жилл Байден нар цагаан ордонд хоёр герман хоньч нохойноосоо гадна муураа авч орохоор шийдсэнээ ярьжээ.
Энэ талаар өмнө нь жилл Байден телевизийн ярилцлагад орж байхдаа нэг удаа ярьж байжээ. Сэтгүүлч түүнээс “Нөхөр тань хэрвээ сонгуульд ялвал биелүүлнэ гэсэн амлалт бий юу” хэмээн асуухад тэрбээр “Би мууртай болъё гэж хүссэн. Би гэртээ олон амьтантай байх дуртай” хэмээн хариулсан юм.
Жо Байден өмнө нь Цагаан ордонд нохой тэжээдэг уламжлалыг сэргээн Маёр, Чэмп нэртэй хоёр герман хоньч нохдоо Цагаан ордонд тэжээхээ мэдэгдсэн билээ. Хамгийн сүүлд Барак Обама Цагаан ордонд Бо, Санни нэртэй хоёр нохой тэжээдэг байсан бол Трампын үед дээрх уламжлал тасалджээ.
Байден Маёр нэртэй нохойгоо 2018 онд золбин нохой хамгаалах газраас авч тэжээсэн бөгөөд өдгөө тэр ийнхүү Цагаан ордонд орсон анхны золбин нохой болох гэж байна. Харин Чэмпийг 2008 онд Жо Байден хэрвээ Барак Обама сонгуульд ялбал биелүүлнэ хэмээн эхнэртээ өгсөн амлалтынхаа дагуу гөлөг байхад нь авч тэжээсэн гэнэ.
Харин муурны хувьд бол Байдены гэр бүлийн тэжээх муур Цагаан ордны анхны муур биш юм. Өмнө нь Жимми Картерын охин Эми сиамес үүлдрийн Мисти Маларки Еин Ян нэртэй мууртай байсан юм. Мөн Билл Клинтон Оймс нэртэй муур тэжээж байжээ. Хамгийн сүүлд Жорж Бушийн гэр бүл цагаан ордонд муур тэжээж байсан аж.
Эх сурвалж: TODAY
Холбоотой мэдээ