“Ээж маань тусгаарлалтын байранд сэтгэлээр унаж, их турсан”

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

COVID-19

“Ээж маань тусгаарлалтын байранд сэтгэлээр унаж, их турсан”

“Ээж маань тусгаарлалтын байранд сэтгэлээр унаж, их турсан”

СөүлУлаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор аравдугаар сарын 20-нд эх орондоо ирж, Энхсаран” сувилалд тусгаарлагдсан иргэний ар гэртэй холбогдож ярилцлаа. Охин Г.Оюун ээжтэйгээ хамт Сөүлээс ирж, “Кентавр” зочид буудалд тусгаарлагдсан бол ээжийг нь “Энхсаран” сувилалд тусгаарласан талаар ярьсан юм.


-Ээжийг нь нийт 38 хоног тусгаарласан талаар олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Одоо гэрийн ажиглалтад шилжсэн үү?

-Би тав хоногийн өмнө “Гадаадад гацсан монголчууд” фэйсбүүк группт пост бичсэн юм. Одоо ээж маань гэрийн ажиглалтад шилжээд дөрөв хонож байна. Гэрийн ажиглалтад 21 хоног байх ёстой гэж хэлээд, гарын үсэг зуруулсан байна лээ. Би аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ээжтэйгээ хамт ирсэн. Ээжийг маань “Энхсаран” сувилал руу хуваарилж, би “Кентавр” зочид буудалд тусгаарлагдсан. Миний хувьд 21 хоног тусгаарлагдаж, арваннэгдүгээр сарын 10-нд хугацаандаа гарсан. Харин “Энхсаран” сувилалд халдвар гарсантай холбоотойгоор тэнд тусгаарлагдаж байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү авч явж, дахин 14 хоног тусгаарлахаар болсон.

-Нийтдээ 38 хоног тусгаарлагдсан гэсэн үү?

-Анх “Энхсаран” сувилалд очиход орчин нөхцөл, хоол унд муутайгаас гадна хүйтэн байртай байсан гэдгийг ээж минь хэлсэн. Үргэлжлүүлэн ХӨСҮТ-д долоо хонуулаад, “Өгөөмөр” захын ойролцоох “Улаанбаатар Hospital” гэдэг газарт тусгаарласан. Тэнд гаднаас нь цоожилдог байсан гэсэн.

Ээж маань ХӨСҮТ-д байхдаа “Бид нар хэзээ эмнэлгээс гарах вэ. Шинжилгээний хариу ямар гарсан бол” гэж эмч, сувилагч нараас асуухаар “Та нарт шинжилгээний хариуг хэлэхгүй. Та нараас Covid-19-ийн халдвар илрэх нь тодорхой” гээд халдвар авахыг нь хүлээгээд байгаа юм шиг сэтгэл санааны дарамтад 38 хоног тусгаарласан. Тэгээд 39 дэх хоногийн орой 20.00 цагийн үед тусгаарлалтаас гаргасан.

Тусгаарлах байрнаас арваннэгдүгээр сарын 10-ны 14.00 цагт гарахдаа ээж рүүгээ 15.00 цагийн орчимд залгасан. Тэгсэн ээж минь уйлаад “Гаднаас хаалга цоожлоод, биднийг гаргахгүй” гэсэн. Тэгсэн Улсын онцгой комиссын ажлын хэсэг нь сувиллын хашаа руу ч орохгүй гаднаас нь цагаан хоолойгоор “Та нарыг өнөөдөр тусгаарлалтаас гаргахгүй. Эндээс халдвар илэрсэн учраас дахин 14 хоног тусгаарлана” гээд явсан гэсэн. Тэгээд гурав хоногийн дараа орой 20.00 цагийн үед ирээд ХӨСҮТ рүү авч явсан. Тухайн үед огт харагдаж байгаагүй нэг эмэгтэй байхаар нь хүмүүс “Та хаанаас ирсэн бэ” гэсэн чинь “Би Covid-19-ийн халдвар авч, эмчлүүлээд, сувилалд шилжсэн” гэж хэлсэн гэсэн. Энэ мэт халдвар авч эдгэсэн болон эрүүл хүмүүсийг хамт нь тусгаарлаж байсан юм билээ.

-Одоо ээжийнх нь биеийн байдал ямар байна вэ. Тусгаарлалтын хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй юу?

-Ээж маань тусгаарлалтын 38 хоногийн хугацаанд сэтгэл санаагаар унаж, 57 кг жинтэй байсан бол 50 кг болтлоо турсан байсан. Халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Бүх шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Сөүлийн онгоцноос хүмүүсийг анх хуваарилахад 26 хүнийг “Энхсаран” руу авч явсан гэж сонссон.

Тэднээс 14 хүний гурав дахь удаагийн шинжилгээгээр Covid-19-ийн халдвар илэрч, ХӨСҮТ рүү авч явсан. Ээж маань “Энхсаран” сувилалаас халдвар авсан 59 хүний тоонд ороогүй.

-Иргэдийг тусгаарлалтаас гаргахдаа гарын үсэг зуруулж, гэрт нь хүргэж өгч байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн. Ажиглан тусгаарлах байрнаас хэрхэн гаргасан бэ?

-Тусгаарлан ажиглах байрнаас хүмүүсийг гаргахдаа бүгдээс нь унааны 10 мянган төгрөг авсан. Би өөрөө утасдаж, “Гэрийн ажиглалтад байх шаардлагатай хүмүүсийг гадуур явуулахгүйгээр машинтайгаа очоод авья” гэсэн чинь “Үгүй. Бид гэрт нь хүргэж өгнө” гэсэн. Гэтэл хүмүүсийг хотын төвийн ойролцоох автобусны буудлууд дээр буулгасан байна лээ. Бид эх орондоо ирэхдээ тусгаарлан ажиглах байранд 21 хоног байх 1.5 сая төгрөгөө тушааж, унааны 10  мянган төгрөгөө төлсөн. Гэтэл ээжээс маань тусгаарлах байрнаас гарахад дахин унааны  мянган төгрөг авсан.

Миний хувьд “Кентавр” зочид буудалд тусгаарлагдахад унааны мөнгө аваагүй. Тэндээс гарахад ар гэрээс хүн ирж, гарын үсэг зураад авч явсан. “Энхсаранд” сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүсийн нөхцөл байдал арай өөр учраас төлбөр авсан болов уу.

-Тусгаарлан ажиглах байранд байхад ээжээс нь хэдэн удаа шинжилгээ авсан бэ?

-Ээж Сөүлээс ирэхдээ тэнд нэг удаа PCR шинжилгээ өгсөн. “Энхсаран” сувилалд тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ өгсөн.        ХӨСҮТ-д дахин 14 хоног тусгаарлахад 4-5 удаа гээд 21 хоногийн тусгаарлалтаас хойш нийт найман удаа шинжилгээ авсан байсан. Тэгээд “Таны шинжилгээний хариу ийм гарсан” гэж нэг ч удаа хэлээгүй. Надад тэр хүмүүсийн хандлага таалагдаагүй учраас Улсын онцгой комиссын утас руу залгаж, шаардлага тавьсан. Гэвч “Бид дарга нартаа уламжилъя” гэдэг хариултыг өгсөн.

А.СҮРЭН            

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж