Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг дотоодод алдахгүй байхад төрөөс анхаарч, үр дүнд нь арван сар тэссэн. Энэ хугацаанд олон жил царцсан эмнэлгүүдээ нээхэд бэлдэж, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд улс төрчид гар татаагүй. Гэвч covid-19 халдвар Монголын эрүүл мэндийн салбарт томхон сорилт болж мэдэх нь.
Эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн улс орнууд ч эл өвчний өмнө сөхөрч байхад манай улсад нөхцөл байдал хүндэрвэл хэчнээн хүн амиа алдаж, хэр их хэмжээний хохирол амсахыг хэлж мэдэхгүй. Одоогоор манай улсад нас баралт бүртгэгдээгүй, цаашид бүртгэхгүйн тулд хатуу хөл хорио тогтоох замаар цар тахал тарах эрсдлийг хумих арга хэмжээ авч байна.
Хэрэв нөхцөл байдал хүндэрч эхэлбэл, үхэл, амьдралыг шийдэх амьсгалын аппарат, хүн амын дунд халдварыг богино хугацаанд илрүүлэх түргэвчилсэн оношлуур хүрэлцээтэй юу гэдэг асуудал одоо ч хариулт нэхсээр байна. Уг асуудалд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас тоног төхөөрөмжийн нөөц хангалттай гэх мэдээллийг өгсөөр байгаа.
Ялангуяа байдал муугаар эргэж, цар тахал хүрээгээ тэлсээр байвал хүн бүрт эмнэлгийн тусламж үзүүлэх амьсгал дэмжих аппарат хүрэлцээтэй юу гэдэг асуудал анхаарал татах асуудлын нэг яах аргагүй мөн.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 180 АМЬСГАЛЫН АППАРАТЫН НӨӨЦТЭЙ
ХӨСҮТ-д гэхэд өнөөдрийн байдлаар амьсгал дэмжих 23, Цэргийн төв эмнэлэгт 12 аппарат байгаа бол Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 амьсгалын аппаратыг тус тус суурилуулжээ.
Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатны эмнэлэгт нэмж 50 орчим аппарат, зөөврийн 20 аппарат ашиглахад бэлэн болгосон аж. Одоогоор нийт 180 орчим амьсгалын аппаратын нөөцтэй байгаа бол нэмэлтээр 200 гаруй амьсгалын аппарат хүлээн авах тооцоо байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Амьсгалын аппаратын дутагдалд орохгүй, түүн дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудал тулгарч байна” хэмээсэн билээ. Гэсэн ч бид тайвшрах болоогүй.
ДЭМБ-Д ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫГ АШИГЛАЖ БАЙНА
Улсын хэмжээнд Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 791 /2020.11.30-ны өдрийн тоо/. Үүнээс дотоодод 348 тохиолдол бүртгэгдээд буй. Тэдний 6 нь биеийн байдал нь маш хүнд байгаа бол дөрөв нь хүнд оноштой, үлдсэн нь хөнгөн болон хүндэвтэр оноштой эмчлүүлж буй.
Халдвар Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь,Архангай, Энхсаран, ХӨСҮТ гэсэн есөн газар халдвар тархаад байна. Эдгээр тохиолдлын ойрын хавьтал болох 4142 хүнийг хяналтдаа авч, тандалт судалгааг үргэлжлүүлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Хүн амын дунд covid-19 халдварыг илрүүлэх, тархалтыг хумих зорилгоор өнгөрсөн сарын 17-ноос түргэвчилсэн оношлуураар өрхийн эмнэлгүүдэд шинжилгээг авч эхэлсэн. Мөн орон нутагт иргэдээс богино хугацаанд шинжилгээг авч байгаа юм. Халдварыг богино хугацаанд илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг манай улс анх өнгөрсөн нэгдүгээр сард Япон улсаас 200 ширхэгийг авч байсан. Үүнээс хойш оношлуурын нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлснийг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй. Гэсэн ч сүүлийн үед түргэвчилсэн оношлуурын хариунд эргэлзэх, үнэхээр баталгаатай юу гэдэг асуудал ч анхаарал татах болов.Энэ тухай Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартыг хангасан оношлуурыг БНСУ-аас захиалан, ашиглаж буйг мэдэгджээ.
Тус оношлуур нэг хайрцагтаа 24 ширхэгтэй, 124.25 ам. долларын өртөгтэй аж. Нэг ширхэг оношлуур нь 4.9 ам.доллар юм байна. Тус оношлуураар иргэдийг сайн дурын шинжилгээнд хамруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас 80 мянган хайрцгийг захиалан ашиглаж байгаа аж. Харин ДЭМБ-аас бүртгээгүй, чанарын шаардлага хангаагүй оношлуур, хэрэгслийг Эрүүл мэндийн яам аваагүй болохыг онцолжээ.
Сайн дурын шинжилгээг эрүүл мэндийн төвүүдэд авч байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.Эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээ өгөхөөр олон хүн нэг дор цуглархын зэрэгцээ бусад эмнэлгийн үйлчилгээ доголдох болсон гэх. Тиймээс зөвхөн эрүүл мэндийн төвүүдэд бус аж ахуй нэгж, албан байгууллагууд хувийн эмнэлгүүдтэй хамтран түргэвчилсэн оношлуураар ажилчдаа хамруулбал эмнэлгүүдийн ачаалал ч буурах магадлалтай. Үүнийг албан байгууллагууд санаачлан хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Мөн тус яамнаас аж ахуй нэгжүүд чанарын шаардлагад нийцсэн түргэвчилсэн оношлуурыг өөрсдөө гаднаас оруулж ирэх боломжтой гэдгийг ч хэлж байсан юм. Хүн бүр covid-19 илрүүлэх сайн дурын шинжилгээнд хамрагдахын тулд эрүүл мэндийн төвүүдэд бөөгнөрөх бус албан байгууллага, аж ахуй нэгжүүд түргэвчилсэн оношлууртай болбол эмнэлгүүдийн ачаалал ч буурах нь.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ