Дэлхийн хэд хэдэн тэргүүлэгч эдийн засагтай орнуудын бүтээсэн вакцинууд хэдэн арван мянган хүнийг хамарсан эцсийн шатны туршилтаа хийж дуусгаад, үр дүнг нь тооцоолох, засгийн газраас зөвшөөрөл хүсэх шатандаа явж буй. Тухайлбал, АНУ-д Pfizer компани Германы хамтрагч BioNTech компанитай хамтран бүтээсэн вакцинаа 95 хувийн үр дүнтэй хэмээн зарлаж, Moderna компани удалгүй өөрсдийн бүтээсэн вакциныг 94.1 хувийн үр дүнтэй хэмээн мэдэгдсэн юм. тэднийг удаалан ОХУ-ын Гамелея хүрээлэнгийн Спутник V вакцин 92 хувийн үр дүнтэй гэдгээ баталсан бол Британийн Оксфорд их сургууль, AstraZeneca компанийн хамтран бүтээсэн вакцин 70-90 хувийн үр дүнтэй гэдгээ мэдээлжээ. Харин БНХАУ Синофарм тэргүүтэй гурван ч вакцин үйлдвэрлэгчийн вакцинуудыг улсын яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу сая гаруй хүнд тарьсан гэнэ. Түүнээс гадна Johnson& Johnson компани вакцины туршилтын үр дүнгээ энэ ондоо багтаан танилцуулахаар төлөвлөж байгаа юм.
ВАКЦИНЫ ТУРШИЛТЫГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?
Аливаа вакциныг хүн дээр туршихад бэлэн гэж үзсэний дараа үндсэн гурван шатны туршилт, судалгаа хийх ёстой байдаг аж. Эхлээд, туршилтанд бэлэн хэмээн үзсэн вакциныг 100-аас ихгүй хүнийг хамруулах ёстой байдаг аж. Түүний дараа дээрх 100 орчим хүний биеийн байдлыг сайтар ажиглаж, мэдээлэл дээр нь дүгнэлт хийсний үндсэн дээр туршилтын гуравдугаар шатыг эхлүүлдэг гэнэ. гуравдугаар шатанд сайн дурын 1000-аас дээш хүн хамруулж, тэдний мэдээллийг нарийвчлан судалж, эрх баригчдад танилцуулах ёстой юм.
Ийнхүү гуравдугаар шатны туршилт, судалгааг хийхдээ сайн дурын эрүүл зарим хүмүүст жишиг тарилга буюу плацебо, заримд нь туршилтын вакцин тарьж, халдвар авах эрсдэл хэр буурч байгааг харьцуулан судалдаг аж. Судалгааны үр дүн тарилгын дараа зохиомлоор халдвар тараасан хүмүүсээс ихээхэн шалтгаалдаг учиртай. Тиймээс вакцин бүрийн үр дүнг бүрэн тооцоолох хугацаа бүтээгчдийн арга барилаас хамааран өөр өөр байдаг. түүнээс гадна вакцин бүтээгч бүр чухам хичнээн хүнд зохиомлоор халдвар тараахаа өөрсдийн дураар шийддэг аж. Анх вакцинуудын эхний шатны туршилт цөөхөн хүнд зохиомлоор халдвар тарааж байсан бол аравдугаар сар, арваннэгдүгээр сард халдвар авагсдын тоо улам их болж байгаа тул аль болох олон хүнд зохиомол халдвар тараан турших болжээ. Тухайлбал, Pfizer туршилтын сүүлийн шатандаа нийт 170 хүнд халдвар тараан судалсан бол Moderna 196 хүнд халдвар тараан судалсны эцэст үр дүнгээ тооцоолжээ. Харин AstraZeneca туршилтад оролцогчдынхоо 131-д халдвар тараан судалсан бөгөөд шаардлагатай хүмүүст мененгитийн тариа давхар тарьжээ. Мөн ОХУ-ын Гамелея компани Спутник V вакциныхаа эцсийн шатны туршилтад оролцсон хүмүүсийн 20-д нь халдвар тарааж үзсэн гэнэ. харин БНХАУ-ын Синофармын вакцин үр дүнгээ нарийн тодорхой танилцуулаагүй ч шаардлаг хангах түвшинд байгаа аж.
ВАКЦИНЫ ҮР ДҮН ХЭР БАЙХ ЁСТОЙ ВЭ?
Юуны өмнө ямар ч эм, вакцин 100 хувь үр дүнтэй байна гэж байдаггүйг ойлгох хэрэгтэй. тэр байтугай хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг эмнүүдийн нэг болох парацетамол ч 100 хувь үр дүнтэй, 100 хувь аюулгүй биш билээ. ДЭМБ-ын шаардлагын дагуу аливаа өвчний вакцин 70 хувиас дээш үр дүнтэй байх ёстой. Харин АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар вакциныг дор хаяж 50 хувийн үр дүнтэй байх ёстой хэмээн үздэг байна. энэ нь плацебо тариулсан хүмүүсээс дор хаяж хоёр дахин их хүн тухайн өвчний эсрэг дархлаатай болох ёстой гэсэн үг юм. харин Европын эмийн агентлаг түүнээс ч бага үр дүнтэй вакциныг зөвшөөрдөг гэнэ.
ВАКЦИНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ХЭР УДДАГ ВЭ?
АНУ, Их Британи, Европын холбооны эрх баригчид аливаа вакцинд зөвшөөрөл олгоход хэдэн долоо хоног шаарддаг. Pfizer компани арваннэгдүгээр сарын 20-нд АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газарт хандаж, зөвшөөрөл хүссэн ч хариу нь арванхоёрдугаар сарын 10-нд болох хуралдааны дараа гарах юм. харин Moderna АНУ болон Европын эрх баригчдаас энэ долоо хоногт зөвшөөрөл хүссэн бөгөөд хариуг нь арванхоёрдугаар сарын 17-ны хурлаар тодорхой болох гэнэ.
AstraZeneca компани харин арваннэгдүгээр сарын 23-нд Их Британийн болон олон улсын эрх баригчдаас урьдчилсан байдлаар зөвшөөрөл хүссэн хэмээн мэдээлсэн билээ.
Тэгвэл ОХУ-ын Спутник V вакцин хэдийн дотооддоо ашиглах зөвшөөрлөө авсан бөгөөд шинэ оноос эхлэн олон нийтийг дархлаажуулж эхлэх гэнэ. харин БНХАУ-ын Синофармын бүтээсэн хоёр вакцин, Синовак компанийн бүтээсэн нэг, Кансино компанийн нэг, нийт дөрвөн вакцин албан ёсны зөвшөөрлөө хараахан аваагүй ч улсын яаралтай тусламжийн хөтөлбөрийн дагуу сая гаруй хүнийг дархлаажуулсан байна.
ВАКЦИНУУД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Pfizer, Moderna компаниудын бүтээсэн вакцинууд одоо ч бүрэн судлагдаж, батлагдаагүй байгаа технологиор ажилладаг гэнэ. тухайлбал тэдгээр вакцинууд вирусийн ген дэх мэдээллийн Рибонуклейн хүчил буюу мРНХ-ийг ашиглан үйлчилдэг аж. Вакцинд агуулагдаж буй мРНХ биед ормогцоо эсүүдэд нэвтрэн тусгай код ашиглан вирусийн сэртэнгийн уургийг зохиомлоор үүсгэж, улмаар дархлааны тогтолцоонд вирусийг урьдчилан таниулах замаар ажилладаг гэнэ.
Харин ОХУ-ын Гамелея хүрээлэн Covid-19 өвчний эсрэг вакцин бүтээхдээ өмнө нь Ebola вирусийн эсрэг вакцин бүтээж байсан туршлага, технологио ашигласан тул өмнөх вакцинтайгаа адилхан векторын аргаар үйлчилдэг гэнэ. тухайлбал вакцинд өвчин үүсгэх чадваргүй өөр вирусийн генийн мэдээлэл агуулагдах бөгөөд тэдгээр нь эсэд нэвтэрч, дархлааны тогтолцоог идэвхжүүлэн аль болох олон эсрэг биет үйлдвэрлэхэд нөлөөлөх аргаар ажилладаг аж. БНХАУ-ын бүтээсэн вакцинууд ч гэсэн үүнтэй ижил аргаар ажилладаг бөгөөд энэ технологиор бүтээсэн вакциныг өөр өвчний эсрэг вакцин болгон хувиргахад хялбар бөгөөд хурдан байдаг аж. Мөн Векторын аргаар бүтээсэн вакцинуудыг хадгалах болон тээвэрлэхэд илүү амар байдаг аж. Тухайлбал Спутник V вакциныг нунтаг хэлбэрээр +2- +8 хэмийн дулаанд хичнээн ч удаан хадгалах боломжтой гэнэ. Харин харьцуулж үзвэл мРНХ технологи ашигласан вакцинуудыг хадгалах болон тээвэрлэхэд тун төвөгтэй аж. Жишээлбэл, Pfizer-ийн вакциныг -80 хэмд хадгалах ёстой бөгөөд энгийн хөргөгчинд 24 цаг, тасалгааны нөхцөлд ердөө хоёр цаг л хадгалах боломжтой аж. Мөн ижил технологиор үйлчилдэг Moderna-ийн вакцин -20 хэмд зургаан сар, +2- +8 хэмд нэг сар хадгалах боломжтой юм.
ВАКЦИНУУД ЯМАР ҮНЭТЭЙ БҮТЭЭГДЭЖ БАЙНА ВЭ?
Одоогийн байдлаар ОХУ-ын Гамелея хүрээлэнгийн бүтээсэн Спутник V вакцин хамгийн доод үнийг санал болгож байгаа юм. тухайлбал, Спутник V вакцины нэг тун 10 ам.долларын буву хоёр тун нийлээд 20 ам.долларын үнэтэй аж. Харьцуулж үзвээс, Pfizer-ийн вакцин хоёр тун нь 40 ам.доллар, Moderna-ийн вакцин 50-60 ам.доллар байх төлөвтэй байгаа бол AstraZeneca, Johnson& Johnson компаниуд вакциныхаа үнийг эцэслэн тогтоогоогүй байгаа гэнэ.
Холбоотой мэдээ