"Төр эдийн засгаа царцааж, ААН-үүдээ бодитой дэмжихгүй байна"

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

"Төр эдийн засгаа царцааж, ААН-үүдээ бодитой дэмжихгүй байна"

"Төр эдийн засгаа царцааж, ААН-үүдээ бодитой дэмжихгүй байна"

Хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд нийт аж ахуй нэгж /ААН/-ийн 66 хувь нь бүрэн зогсолт хийж, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа бол үлдсэн хоёр хувь нь хэвийн ажиллаж байгааг МҮХАҮТ-аас хийсэн судалгаанд дурджээ.

Энэ үед 855 мянган хүн ажилгүй, өдөрт 755 тэрбум орлого тасалдаж буйг МҮХАҮТ-аас тодотгов.

Энэ сарын 12-оос хойш 152 мянган ажлын байр хумигджээ. Хэрэв хөл хориог дахин нэг сараар буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгавал ажилгүйдэл 432 мянга болж нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Хэрэв гурван сараар буюу ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилбэл 505 мянган хүн ажилгүй болох аж.

Судалгаанд хамрагдсан ААН-ийн 53 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд өөрийн нөөцөөр ажлын байраа хадгалах боломжтой гэж хариулсан бол, 31 хувь нь 1-3 сар, 8 хувь нь 4-6 сарын хугацаанд урсгал зардлаа төлөх боломжтой гэжээ.

Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банк хүндрэлтэй нөхцөл байдалд бизнесийн байгууллагуудад олгосон зээлийн төлөлтийг хойшлуулсан шийдвэр гаргаагүй. Энэ нь Засгийн газар  бизнесийн байгууллагуудаа дэмжихгүй байна гэсэн шүүмжлэлд өртөж буй. Иймд Хөгжлийн банк бизнесийн зээл хойшлуулах хүсэлтүүдийг яаралтай шийдвэрлэхийг ААН-үүд хүсч байна.

Мөн онцгой нөхцөл байдлын хүрээнд нийтийн хөл хорионы шийдвэрийн дагуу зогссон хугацааны зээлийн хүүг төр даах боломж байна уу. Банкууд ч гэсэн аж ахуйн нэгж тул дангаараа энэ зардлыг даах боломжгүй, хадгаламжийн хүү зогсохгүй тул зээлийн хүү зогсох нь банкуудаа эрсдэлд учруулна. Энэ үеийн эрсдэлийг төр дааж энэхүү хугацааны зээлийг хүүг Засгийн газар банкуудад төлөх боломж байгаа юу гэдэг асуултыг  ААН-үүд төрд тавьж буй.

Учир нь ААН-ийн 72 хувь нь бизнесийн зээлтэй бөгөөд хэмжээгээр нь ангилбал 16 хувь нь 50 хүртэлх сая төгрөг, 24 хувь нь 50-100 сая, 31 хувь нь 100-500 сая, 20 хувь нь 1 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зээлтэй байна.

Тиймээс татвар НӨАТ, НДШ, зээлийн эргэн төлөлт, хүү, түрээсийг хөнгөлөх, ААН-ийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлөх зэрэг төрийн бодит дэмжлэгийг хүсч байна. Энэ талаарх бизнес эрхлэгчдийн байр суурийг сонслоо.


Үл хөдлөх хөрөнгө /ҮХХ/зуучлалын “UA Properties” компанийн захирал А.УРАНГОО: Барилгын зээлийн хүүг тэглэх зохицуулалт хийх шаардлагатай 

-Хөл хорио тогтоосон болохоор манай салбар УОК-ын шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоосон. Ихэнх хөрөнгө оруулсан төслүүд хүүгийн хохирол амсч байна. Оны эхнээс хөрөнгө оруулалтаа зогсоосон гэж үзвэл өмнөх жилд хөрөнгө оруулсан төслүүд бүтэн жилийн хүүгийн алдагдалд хүрээд байна. ҮХХ зуучлалын салбар талаасаа бол өндөр үнийн дүнтэй бүтээгдэхүүн зарж борлуулах, мэдээлэл дамжуулах үйлчилгээ. Оны 8-12 сар бол бидний хувьд борлуулалт өндөртэй сарууд байдаг. Байгууллагын маань хувьд анх байгуулагдсан цагаасаа эрсдэлийн сан үүсгэж эхэлсэн болохоор бид бодлогынхоо хувьд алдагдалтай зүйл бол гарсангүй, харин борлуулалтын орлогоороо цалинждаг агентуудын хувьд хүнд тусч байгаа байх. Бид энэ сарын цалингаа тавьсан, сүүлийн хагаст бол ажилтан болгондоо сарын хүнсээ базаах Имарт-ын бэлгийн карт илгээсэн. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид бид шаардлагатай барилгын төслүүдийг санхүүжүүлээд, заримыг нь худалдаж аваад явдаг. Санхүүжүүлж буй төслүүд маань ихэнх нь банкны зээлтэй холбогдсон байдаг. Барилгын салбар өөрөө чамгүй хөрөнгө шаарддаг болохоор зээлийн хүүг болон ажилчдын цалингийн татварыг тэглэх зэрэг зохицуулалт хийх шаардлагатай.  Ингэснээр  компаниудын алдагдлыг дунджаар 15 хувиар багасгах шийдвэр болно.

“Faro education” англи хэлний сургалтын төвийн захирал Б.ИДЭР-ОД: Төр эдийн засгаа 100 хувь царцааж   гарзтай менежмент явуулж байна

-Хатуу хөл хориог тогтоосон нь нийтийн эрүүл мэндийн төлөөх зөв шийдвэр гэж харж байгаа. Энэ утгаараа хөл хорионоос үүдэж хохирол амслаа гэж гомдолмооргүй байна. Гэхдээ бусад орны жишгийг харахад хэдийгээр төрөөс нь нэгдсэн арга хэмжээ авч байгаа ч гэсэн ажлын байр, иргэдийнхээ цалин, орлогыг давхар харгалзаж авч үздэг. Тухайлбал, Япон, Солонгос зэрэг орнууд хөл хориог тогтоохдоо маш ойлгомжтойгоор буюу нэг, хоёр, гурав гэх мэт үеүдэд хуваасан байдаг. Энэ нь хүмүүст ажил, амьдралаа төлөвлөх боломжийг илүү олгодог. Нөгөөтэйгүүр, төрийн бодлого шийдвэр нь маш тодорхой байдаг. Жишээ нь, хүн амын хэдэн хувь нь халдвар авбал хөл хорионы хоёрдугаар үе рүү орно шүү гэх мэтээр урьдчилан тодорхой болчихдог учраас ажил олгогчид ч бэлдэх хугацаатай  болдог. Гэтэл манайд эсрэгээрээ гэнэтийн бөгөөд наашаа, цаашаа хувьссан шийдвэрүүд гардаг нь бизнес эрхлэгчид ажлаа төлөвлөхөд маш хүндрэлтэй байна. Манай сургалтын төвийн тухайд хичээлүүд онлайн горимд шилжсэн. Сургалтын төвийнхөө түрээсийг жилээр нь төлчихсөн учраас хөл хорионы өдрүүдэд түрээс сул гүйж байна. Хоёрдугаарт, эдийн засагтаа эрсдэл, хохирол бий болгож хөл хорио тогтоож байгаа атлаа хөдөө орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулахдаа хоорондоо тэврэлдэх шахуу болж хэдэн зуугаар нь цуглуулж аюулгүй горимыг алдагдуулсан үйл ажиллагааг төр өөрсдөө хийгээд байгаа нь эдийн засгийн гарз хохирлыг улам бий болгож байна. Ингэх байсан бол хөл хорио тогтоох шаардлагагүй шүү дээ. Халдвар авсан хүмүүсийн мэдээллээс харахад хяналтыг бүрэн хийж чадахгүй байгаа хэрнээ нөгөө талдаа эдийн засгаа 100 хувь царцааж байгаа нь төр гарзтай менежментийг явуулж байна. “Иргэдийг дархлаагаа дэмж” гэж ЭМЯ-наас байнга мэдээлдэг атлаа төрийн шийдвэрүүд нь иргэдийн дархлааг муутгаж байна. Жишээ нь, шөнөөр хүнсний түгээлтийг явуулна гэх мэт логикийн алдаатай шийдвэрүүд гаргасныг хүн бүхэн мэднэ. Ажлын байр царцана гэдэг нь мөн өрхийн орлого царцана гэсэн үг. Иргэн бүрийг дэмжихгүй юм гэхэд ядаж ажил олгогчдыг нь дэмжээд өгвөл тухайн ААН цалингаа 50 хувь олгох гэж байсан бол 80 хувиар олгоно. Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэрэг компанийн зардлуудыг хамгийн бага хэмжээгээр тогтоож өгвөл бодит дэмжлэг болж чадна. Өнгөрөгч аравдугаар сараас эхлэн ААН, даатгуулагч тус бүр 5 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ч энэ нь хангалттай дэмжлэг биш. ААН-ийн НДШ-ийг тэглэх зэрэг компанид шууд ирдэг зардлуудыг хамгийн бага хэмжээнд бууруулах шаардлагатай.  Ингэснээр ААН-үүд ажилчдынхаа цалинг 50 хувиас дээш олгож чадна. Энэ байдлаар үргэлжилбэл жижиг, дунд бизнес эрхлэгчид гурван сар л тэвчих байх. Түүнээс цааш байдал үнэхээр хүндэрнэ.

“Exclusive” компанийн захирал Г.МАЙЦЭЦЭГ: Түрээс болон банкны зээлийн хүүг царцаавал ажил олгогчид гэртээ тайван сууж чадна

-Манай компанийн хувьд цар тахлын үед exMed бренд буюу халдвар хамгааллын хувцас үйлдвэрлээд эхэлсэн. Бид эмнэлгийн хувцас үйлдвэрлэх эрхээ өнгөрөгч аравдугаар сард авсан. Монголдоо анх удаа дэлхийн стандартын дагуу, ВАКУМ хамгаалалтын хувцсыг үйлдвэрлэхийн тулд сүүлийн найман сар уйгагүй бэлтгэл ажлаа хангасан гэж хэлж болно. Дэлхийн брендүүд ч гэсэн цар тахлын үед маск хамгаалалтын хувцас хийж байгаа шиг бид exMed брендээ гаргаснаар ажлын байраа хадгалж үлдэж чадсан. Гэвч нөгөө талд хөл хорионы улмаас санхүүгийн хямралд орж ажилчдаа цомхтгож байгаа олон компани бий. Энэ үед төр зөв бодлого шийдвэр гаргаж ААН-үүдээ авч үлдэх цаг нь. Хатуу хөл хорионд үндсэндээ 20 гаруй хонож байна. Дахиад 10 хоногоор сунгачихлаа. Энэ хугацаанд ААН-үүдээ яах вэ гэдэгт эрх баригчид хариулт өгсөнгүй. Хүмүүс хөл хориог эсэргүүцэж байгаагийн шалтгаан нь амь насандаа хайргүйдээ биш шүү дээ. Өрх бүр, ААН-үүдэд өнөөдөр тулгарч байгаа асуудал нь өр зээл, банкны хүү, түрээс. Иргэдийнхээ хөл хориог хязгаарлаж, тэг зогсолт хийчихээд байгаа атлаа ААН-ийн хувьд тэг зогсолт хийгээгүй. Үнэхээр тэг зогсолт хийж байгаа бол ААН-үүдийн түрээс, цахилгаан дулаан, банкны өр, хүү энэ бүхэнд тэг зогсолт хийх ёстой. Ингэж байж иргэд болон бизнес эрхлэгчид санаа зовох зүйлгүйгээр гэр гэртээ байж чадна. “Гэртээ бай” гэж хэлж байгаа бол ард нь санхүүгийн хөшүүрэг байх ёстой. Түрээс болон банкны зээлийн хүүг нь царцаавал ажил олгогчид гэртээ тайван сууж чадна. Хөл хорионы үед иргэн, өрх бүрт халамж өгөх хэрэгтэй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох гэсэн санал бол маш зөв. Энэ бол иргэд болон ЖДҮ эрхлэгчдийн аль алийг нь дэмжсэн зөв халамжийн бодлого. Хөл хорионоос өмнө аливаа халамжийн мөнгө Эрээний бараа болж байсан бол өнөөдөр цар тахлын үед халамжийн мөнгө дотооддоо үлдэнэ, үндэсний үйлдвэрлэгчдэд очно гэсэн үг.

Эрүүл мэнд чухал уу эсвэл эдийн засаг чухал уу гэдэг сонголт хийж байна. Эрүүл байхын тулд эдийн засгаа сул хаяж болохгүй.  Такси үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг нээх хэрэгтэй. Хөрсөн дээрээ буусан шийдвэрүүд төрөөс гарахгүй байна. Энэ үед төр мэдрэмжтэй, соргог байх ёстой. Дэлхийн улс орнуудын жишгийг харахад эдийн засгаа дэмжихийн тулд нэг бол иргэддээ мөнгө тарааж байна. Мөн хүүгүй, барьцаагүй урт хугацааны зээлийг ААН-үүдэд олгож байна. ААН-ийн ард ажлын байр бий, ажлын байр болгоны цаана иргэн, өрхийн амьдрал яригдана. Саяхан Засгийн газраас танилцуулсан 23 багц арга хэмжээ дотор ажил олгогчид руу чиглэсэн нэг ч дэмжлэг алга. Өнгөрөгч гуравдугаар сард коронавирусийн халдвар дотоодод гараагүй байхад ААН-ийн НДШ-ийг тэглэсэн, мөн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй зэрэг зөв шийдвэрүүдийг төрөөс авсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал хүндэрчхээд байхад ажил олгогчдыг дэмжсэн бодлого гаргасангүй. Ийм цаг үед ажлын байр бий болгож буй ААН-үүдээ төр нь дэмжих ёстой байтал эсрэгээрээ татварын дарамт учруулж байна. Бидэнд бага хүүтэй зээл олгоно гэдэгт би хувьдаа итгэхгүй. Яагаад гэвэл арилжааны банкууд ч гэсэн бидэнтэй адилхан  хувийн хэвшил.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж