Газрын тосны өдрийн гарц 1.9 сая баррель болж өснө

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Газрын тосны өдрийн гарц 1.9 сая баррель болж өснө

Газрын тосны өдрийн гарц 1.9 сая баррель болж өснө

Covid-19-ийн эсрэг вакцинтай холбоотой таатай мэдээлүүдээс үүдэн дэлхийн зах зээл дээр өнгөрсөн арваннэгдүгээр сард ихээхэн өсөлт үзүүлээд байсан нефтийн үнэ Даваа гариг (2020.11.30)-ийн байдлаар буурав.

Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа нефтийн үнийн хэлбэлзэл, хэтийн төлвийн талаарх мэдээллийг онцолж байна.


Арилжааны мэдээллээс харвал, өнгөрсөн Даваа гаригт "Brent” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн нэг торхын үнэ 58 цент буюу 1.2 хувиар буурч, 47.60 ам.долларт хүрчээ. Мөн хоёрдугаар сард нийлүүлэх үнэ 48 центээр буурч, 47.77 ам.доллар болсон байна. Харин "WTI” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 40 цент буюу 0.9 хувиар буурч, 45.13 ам.долларт хүрэв.

Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн долоо хоногт нефтийн үнэ өсч, “WTI” маркийн нефтийн үнэ гуравдугаар сарын 6-наас хойш анх удаа 45 ам.доллароос давсан бол “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 48 ам.долларт дөхжээ.

“Brent” маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 3.84 хувиар өсч, нэг торх нь 47.81 ам.доллар болсон байна. Энэхүү сортын нефтийн нэгдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 4.06 хувиар өсч, нэг торх нь 47.93 ам.долларт хүрчээ. Харин “WTI” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг торх нь 45 ам.доллар болж, 4.51 хувиар өссөн байна.

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК+) дэлхийн зах зээлийг тогтворжуулахын тулд олборлолтоо үргэлжлүүлэн бууруулах эсэх асуудлаар нэгдсэн байр суурьд хүрэхийг эрмэлзэж буй энэ үед нефтийн үнэ нэг орчим хувиар унасан үзүүлэлттэй байгаа юм.

ОПЕК+-ын албан бус цахим хэлэлцүүлэг өнгөрсөн Ням гариг (2020.11.29)-т болж, хэлэлцүүлэгт оролцогчдын ихэнх нь олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхгүй, одоогийн түвшинд барих саналтай байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, ОХУ гарц нэмэгдүүлэх төлөвлөгөөг хойшлуулах саналыг дэмжиж буй бол Арабын Нэгдсэн Эмират, Казахстан улсууд эсэргүүцсэн байна.

Өнөөдрийн байдлаар ОПЕК+-ын гишүүн орнууд 2021 оны нэгдүгээр сард нийлүүлэх газрын тосны гарцыг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрээгүй хэвээр байгаа юм. Хэрвээ энэ долоо хоногт хэлэлцээрт өөрчлөлт оруулж амжихгүй бол газрын тосны өдрийн гарц 1.9 сая баррель болж нэмэгдэн, газрын тосны зах зээл дээр илүүдэл үүсч, үнэ нь буурах магадлалтайг шинжээчид онцолж байна.

ЭРЭЛТ АЛГУУР НЭМЭГДЭЖ, ХАНШ НЬ 51 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ ӨСӨХ БОЛОМЖТОЙ

Гэхдээ Covid-19-ийн эсрэг вакцины таатай үр дүн газрын тосны эрэлтийг нэмэгдүүлэх төлөв ажиглагдаж байгаа аж. PVM-ийн брокер Тамаш Варга “Reuters” агентлагт “Ирэх жил нефтийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна" хэмээн ярьжээ. Covid-19-өөс үүдэлтэй эрэлтийн сөрөг нөлөө түүхий эд дундаа газрын тосны зах зээлд хамгийн хүчтэй нөлөөлсөн билээ. Өнгөрсөн хугацаанд улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон нь газрын тосны эрэлтийг 40 хувиар бууруулсан. Энэ нь ханшийг 77 хувиар унагаж, 2002 оноос хойших доод хэмжээнд хүргэжээ.

Газрын тосны зах зээлийн эрэлтийн 50 хувийг зам тээвэр, 15 гаруй хувийг агаарын тээвэр бүрдүүлдэг. Нийт нийлүүлэлтийн 30 гаруй хувийг ОПЕК+ хангадаг бөгөөд нийлүүлэлтээ танах журмаар газрын тосны үнийг хянаж байдаг.

ОПЕК+ зах зээлд үүссэн эрэлтийн сөрөг нөлөөг тэнцвэржүүлэх зорилгоор түүхэн дээд хэмжээгээр гарцаа танах шийд гаргаж, өнгөрсөн тавдугаар сараас 9.7 сая баррель, наймдугаар сараас оны эцэс хүртэл 7.7 сая баррелиар нийлүүлэлтээ танахаар болсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт нийлүүлэлтийн 10 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулсан билээ. Энэ нь өнгөрсөн тавдугаар сараас эхлэн "Брент" маркийн газрын тосны үнийг хоёр дахин өсгөж, зургадугаар сараас өнөөдрийг хүртэл 42-45 ам.долларын хооронд тогтвортой хэлбэлзэж буй юм.

Орос улсаас нефтийн бүтээгдэхүүн импортлон хэрэглэдэг Монгол Улсын хувьд энэхүү ханшийн хэлбэлзэл нь гурван сарын хоцрогдолтой нөлөөлдөг. Эндээс үзвэл ирэх дөрвөн сарын хугацаанд шатахууны үнэ өсөх төлөвтэй байна. Ердийн үед дэлхийн газрын тосны нийлүүлэлт сарын 100 сая баррель байдаг. ОПЕК+ нийлүүлэлтээ он дуустал тогтмол сарын 7.7 сая баррелиар, 2021 оноос сарын 5.8 сая баррелиар тус тус танах төлөвлөгөөтэй учир цаашид газрын тосны ханшийг эрэлт удирдах нь. Эрэлтийн дийлэнх буюу 20-иод хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг ба тус улсад Covid-19-ийн тархалт, эдийн засгийн өсөлт, газрын тосны нөөцийн өөрчлөлт ханшид хамгийн ихээр нөлөөлөхөөр байна.

Хөл хорио суларч, зам болон агаарын тээвэр өсч байгаа нь өнгөрсөн тавдугаар сараас эхлэн эрэлтийг аажмаар дэмжиж байгаа. Гэвч энэ нь ердийн үеэс 10 хувиар бага үзүүлэлт юм. Энэ байдал 2022 он хүртэл үргэлжилж, эрэлт 2019 оныхоос харьцангуй бага байгаа ч цаашид алгуур нэмэгдэж, ханш нь 51 ам.доллар хүртэл өсөх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BLOOMBERG, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж