Консолын дайн: PS5, Xbox Series X эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Консолын дайн: PS5, Xbox Series X эрэлт ихтэй байна

Консолын дайн: PS5, Xbox Series X эрэлт ихтэй байна

Видео тоглоомын зах зээлийг сүүлийн 10 жил хуваан эзэрхийлж буй Sony болон Microsoft компаниуд арваннэгдүгээр сард дараагийн үеийн тоглоомын консолуудаа танилцууллаа.

Sony компани өөрсдийн PS5 консолоо өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12-нд цөөн хэдэн газар анхлан худалдаанд гаргасан бол Microsoft компани Xbox Series X консолоо арваннэгдүгээр сарын 10-нд худалдаанд гаргажээ.

ДАМЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАЖ БАЙНА

Судалгаанаас харахад, худалдаанд гараад удаагүй байгаа PS5 консол дэлхий даяар нийт 2.5 сая хувь зарагдсан гэнэ. Үүний 1.3-1.6 сая нь худалдаанд гарсан эхний хоногт зарагдсан бол үлдсэн 800-900 мянга нь дараагийн долоо хоногт нь зарагдаж дууссан аж. Sony компанийн PS5 төслийн ерөнхийлөгч Жим Райаны хэлж буйгаар компанийх нь шинэ консол дэлхий даяар зарагдаж дууссан гэнэ. Тэрбээр Оросын Taсс агентлагт өгсөн ярилцлагадаа “Бүгд зарагдсан. Үнэхээр бүгд зарагдсан. Өнгөрсөн жил бид хэрэглэгчдийн шаардлагад нийцэхийн тулд энэхүү бүтээгдэхүүнээ өндөр түвшинд хөгжүүлж, чадах бүхнээ хийсэн. Харин одоо хэрэглэгчдийн энэ их эрэлтийг хангахын тулд аль болох үйлдвэрлэлээ хурдасгах тал дээр ажиллаж байна” хэмээсэн бол "Microsoft" компанийн Xbox Series X дараагийн үеийн консолын талаар “Консолын дайн гэдэг үгийг би ашигладаггүй, ер нь дургүй л дээ. Миний хувьд, энэ зах зээлд өрсөлдөөн байгаа нь сайн хэрэг. Аль аль талдаа ашигтай, бие биенийгээ хурцалж, илүү сайн бүтээгдэхүүн зохион бүтээхэд хэрэгтэй. Өрсөлдөөн байгаа учир л бид хойш сууж, санаа амарч чадахгүй байна” хэмээн ярьжээ.

PS5 консолын хувьд диск уншдаг загвар нь 499 ам.доллараар худалдаанд гарч байгаа бол диск уншдаггүй загвар нь 399 ам.доллараар худалдаалагдаж байгаа аж. Гэвч одоогоор дамын хоёрдахь зах зээл дээр PS5 консолын үнэ “тэнгэрт хадаж", доод тал нь 1000 ам.доллараас эхэлж байна.

Microsoft компанийн Xbox Series X болон Xbox Series S консолын хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын 10-нд худалдаанд гарсан эхний 24 цагийн дотор 1.2-1.4 сая хувь зарагджээ. Series X загвараа бодвол илүү жижиг авсаархан, хүчин чадал багатай "Series S" загвар нь дэлхий даяар хэдхэн минутын дотор зарагдаж дууссан гэнэ.

Хамгийн хурдан, хамгийн хүчирхэг "Xbox" гэгдээд буй шинэ үеийн "Series X" загварын хувьд 499 ам.доллараар худалдаанд гарсан бол хамгийн жижигхэн "Xbox" гэгдээд буй "Series S" загвар нь 299 ам.доллараар худалдаанд гарчээ.

Хоёр дахь зээл дээр "Xbox Series X" консолын үнэ 800-2000 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Харин "Series S" нь 500 орчим ам.доллараар хоёрдахь зээл дээр зарагдаж байгаа аж.

ӨМНӨ АШИГЛАЖ БАЙГААГҮЙ ТЕХНОЛОГИУД

Microsoft компанийн зүгээс өөрсдийн шинэ бүтээгдэхүүнээ “Дэлхий дээрх хамгийн хүчирхэг тоглоомын консол” хэмээн тодорхойлоод байгаа. 4К өндөр чанарын нягтаршилтай дүрслэл, секундэд 120 удаа дэлгэцийн дүрс шинэчлэгдэх буюу 120 fps, олон нийтэд анх удаа танилцуулагдаж буй 12 терафлопс AMD Zen 2, RDNA 2 хосолсон хүчирхэг процессор, тоглоомон дотроо байгаа мэт санагдуулам 3D Spatial Sound систем, хатуу дискний хөгжлийн шинэ үе SSD карт, цоо шинэ гар, агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх, чимээ багатай, халалт багатай гурван сувагтай хөргүүр, мэдээж сүүлийн бүхий л видео тоглоомуудыг тоглох боломж зэрэг "Xbox Series X" бүгдийг багтаажээ.

Харин “Хязгааргүй тогло” гэсэн уриатай PS5 консолын хувьд хамгийн өндөр хурдны SSD хатуу дисктэй, өндөр нягтаршлын HDR технологитой, 4К дүрслэлтэй, хөдөлгөөн дүрсийг харуулах 120 fps, орчиндоо нэвт уусах 3D AudioTech технологи, AMD Zen 2 процессортой, AMD RDNA 2 микро архитектуртай, ерөнхийдөө хүчин чадлын хувьд Xbox Series X загвартай төстэй. Тоглоомуудын хувьд Xbox консолоос харьцангуй давуу талтай буюу зөвхөн PS5 консол дээр тоглох боломжтой Astro’s Playroom, Demon’s Souls, Marvel’s Spider Man: Miles Morales, Sackboy: A Big Advanture зэрэг олны анхаарлыг татах тоглоомууд нээлтээ хийгээд байна.

Видео тоглоом сонирхогчдын дунд Playstation болон Xbox цувралуудын дараагийн үеийн консолууд хүлээлт үүсгээд байсан. Sony компани хамгийн сүүлд 2016 оны сүүлээр "PS4 Pro" загвараа худалдаанд гаргаж байсан бол Microsoft компани яг нэг жилийн дараа буюу 2017 онд Xbox One X консолоо танилцуулж байжээ. Ийнхүү гурван жилийн дараа зэрэг танилцуулагдсан консолуудын хувьд худалдаанд гармагцаа дуусч, зах зээлд үнэхээр эрэлттэй байна.

Эцэст нь та бүхэндээ дээрхи хоёр консолын видео тоглоомон дээр хийсэн харьцуулалтыг хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж