НЭМЭЛТ:
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 23-ны өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолтой, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Баяр, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, О.Сайнгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцээд,
- Нийслэлийн прокурорын газраас С.Баярыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт,
- С.Баярцогтыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
- Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
- Ч.Даваанямыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад прокурор, өмгөөлөгч нарын “…хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх…” санал, хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тусгаарлах тухай шийдвэр гаргажээ. Улмаар 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргүүдийг тусгаарлаагүй байхдаа үндсэн хавтаст хэрэгт авагдсан материал, нотлох баримтаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг гаргасны дараа эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох баримтуудыг түүвэрлэн хуулбарлаж давж заалдсан гомдлуудын хамт /нийт 64 хавтас 15689 хуудас бүхий материалыг/ тус шүүхэд ирүүлсэн болох нь талуудын гаргасан тайлбаруудаар тодорхойлогдож байна.
Энэхүү хуулбар хэргийн материалыг судлахад, анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад буюу шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээс өмнө хийгдсэн ажиллагааны баримтууд болон хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд авагдаагүй байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нар нь нэр бүхий бусад шүүгдэгч нараас тусдаа үйлдэлтэй бөгөөд үндсэн хэргийн материалаас тэдэнд холбогдох баримтуудыг эх хувиар нь салгах байдлаар тусгаарласан хэргийн материалыг бүрдүүлэх боломжтой байхад прокурорын өгсөн зааварчилгааны дагуу холбогдох материалуудыг хуулбарлан дугааргүй хэргийн материал бүрдүүлжээ. Хэдийгээр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тусгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй боловч уг хэргүүдийг давж заалдах шатны шүүхэд хянах явцад тухайн үндэслэл арилсан тул тэдэнд холбогдох хэргийг мөн хуулийн 29.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах” нийтлэг журмыг баримтлан эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэх боломжтой гэж үзэв.
Ингэснээр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй бөгөөд Монгол Улсын Олон улсын гэрээ “Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм”-ийн 64 дүгээр зүйл /Шүүхийн танхимын чиг үүрэг болон эрх мэдэл/-ийн 5 дахь хэсэгт “Шүүхийн танхим талуудад мэдэгдэл илгээхдээ холбогдох тохиолдолд нэгээс илүү яллагдагчийн эсрэг яллагааг нэгтгэх буюу тусгаарлахыг шаардаж болно” гэж заасанд харшлахгүй болно. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үздэг. Ингэхдээ юуны өмнө хэргийн материалд авагдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэх асуудалд үнэлэлт өгдөг.
Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн 1702 00165 0085 дугаартай үндсэн хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох нийт 64 хавтас бүхий материалыг хуулбарлан бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэсэн заалтуудыг баримтлаагүйгээс хаанаас, хэдэн хуудас, ямар баримтуудыг хуулбарласан нь тодорхойгүй материалууд ирүүлсний сацуу дээрх баримтуудыг хэн, яаж хуулбарласан талаарх үнэн зөвийг баталгаажуулаагүй, ийнхүү бүрдүүлсэн хэргийн материалаа дараалалд оруулж дугаарлаагүй, зарим хавтас хэргийн материалыг 2 удаа хуулбарлаж, эдгээр тусгаарласан хэргийн материалыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулалгүйгээр тус шүүхэд хүргүүлжээ. Шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй хуулбар хэргийн материалд үндэслэж шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, үзэл баримтлалд үл нийцнэ.
Иймээс дээрх нөхцөл байдал болон тус шүүх хуралдаанд гаргасан талуудын “…үндсэн хэргийн материалын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах…” хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэрэгт шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг нэгтгэж, тус хэргийн материалд авагдсан үндсэн эх баримтуудад тулгуурлан нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, шүүх хуралдааныг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулав.
ШҮҮХ: С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХЭЭР БОЛЖЭЭ
НЭМЭЛТ:
Оролцогч нарын зүгээс хэргийг нэгтгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, С.Баяр нарт холбогдох хэргийг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр товлогдсон С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэхээр тогтоол гарсан байна.
С.БАЯР НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
НЭМЭЛТ: 10.00
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.12.01/ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал эхэллээ.
С.БАЯР НАР ӨНӨӨДӨР ДАВЖ ЗААЛДАНА
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.12.01/ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болно. Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-ны өдөр товлогдсон ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг түр хойшлуулаад байсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээр зайлшгүй орох шаардлагатай буюу цагдан хорих, зөрчлийн яаралтай хурлууд л орж байсан бол Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлуудыг цахимаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ юм.
Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.
С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон.
Харин Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ.
Э.БУРАМ