Хөгжлийн банк компаниудаа хөсөр хаяв уу!

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк компаниудаа хөсөр хаяв уу!

Хөгжлийн банк компаниудаа хөсөр хаяв уу!

   Монголбанкнаас бодлогын хүүг хоёр нэгжээр бууруулж, зургаан хувь болгосон талаар мэдээлсэн. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг агаад царцсан эдийн засгийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн арилжааны банкуудаас авсан зээлийн хүүгийн дарамтыг багасгахад чиглэгдэж буй юм.

Харин том бизнес эрхлэгчдийн хувьд төр засаг хэрхэн дэмжих нь тодорхойгүй ба  ойлгомжгүй байгаа юм. Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг топ 100 татвар төлөгч бүрдүүлдэг. Тиймээс томоохон бизнес эрхлэгчдээ дэмжихгүйгээр эдийн засгаа авч үлдэх боломжгүй.

Нэн ялангуяа эдийн засгийн өсөлтийг хангаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан, бондын хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй Хөгжлийн банк нь цар тахлын энэ хүнд хэцүү үед усанд хаясан чулуу шиг таг чиг болсон байна.

Аж ахуйн нэгжүүд нь ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө хуруу, хумсаа хуйхлан байж зүтгэж суухад Хөгжлийн банк нь  валютын ханшийн өсөлт дээр тоглолт хийж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бус дэвслэх холгүй байгаад бизнес эрхлэгчид бухимдалтай байна

Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд өдгөө ам.долларын ханшийн өсөлтөөс болж үйл ажиллагаа нь хүндэрч, зээлээ ч төлж чадахгүйд хүрч магадгүй болсон байна.  УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө нэг ам.доллар 1950 төгрөг байсан бол өнөөдөр 2849 төгрөгтэй тэнцэж байна.  Төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш өдрөөс өдөрт өсч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн буруу биш.  Гадаад, дотоодын хүчин зүйлс, эрх баригчдын улс төр их, бага хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн.

Гэтэл аж ахуйн нэгжүүддээ ам.долларын зээл олгочихоод, ханшийн өсөлтөөр мөнгө олж суугаа Хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажиллах болжээ гэж хардагдаж, харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид наашаа харж аж ахуйн нэгжээ дэмжинэ гэж амлаад, цаашаа харж Хөгжлийн банкаараа дамжуулж ам.долларын ханшийн өсөлтийн дарамтад оруулж байна.

Хөгжлийн банк бол ашгийн бус банк. Монгол Улсыг эдийн засгийн хөгжлийг түргэвчлэх зорилгынхоо хүрээнд цар тахалд нэрвэгдсэн хүнд хэцүү үед цөөн хэдэн төсөл хэрэгжүүлэгч нараа бодлогоор дэмжиж, ажлын байраа хадгалж үлдэхэд анхаарах ёстой.

Дэлхийн бүх улс орнууд ажил олгогчоо авч үлдэх ард иргэдээ ажилтай орлоготой байлгахын тулд бодлогын хүүгээ эрс бууруулж, зээлийн бүтэц дээр нь дорвитойхон дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгаа эмчилж, сэргээж байна.

Монгол Улсад өнөөдөр  60 гаруй мянган  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрт нийт 770 мянган хүн ажиллаж байна.

Дотоодод цар тахал тархсанаас болж, УОК-оос авч хэрэгжүүлж буй хатуу хөл хорионы улмаас улсын хэмжээнд 152.9 мянган ажлын байр цомхотголд өртсөнийг МҮХАҮТ тогтоогоод буй.

Гэтэл  эдийн засгийн хөгжлийг бодлогоор дэмжих ёстой Хөгжлийн банк нь  аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэгч нараа дэмжихгүй бол энэ тоо хэд дахин нэмэгдэх нь цаг хугацааны асуудал боллоо. Эдийн засгийн гол хөдөлгүүр болсон энэ 770 мянган ажлын байрыг авч үлдэх нь төр засаг хийгээд бодлогын институцуудын энэ цагийн хамгийн том үүрэг болоод байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж