"Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авахгүй гэж хэлээгүй"

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

"Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авахгүй гэж хэлээгүй"

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос  өчигдөр /2020.11.29/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөн эхлэхээр нуугдмал маягаар өвчлөл нэмэгдэх аюултай байна.  Тиймээс  арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлж аймгаасаа бид баруун найман аймаг руу явах, өөрсдийн унаатай иргэдийг гаргах болно. Харин нэг цагийн өмнө Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Бид Сэлэнгэ аймгийн удирдлагатай энэ асуудлаар дахин ярилцах болно. Өвчлөл ихтэй Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хот, Алтанбулаг сумдаас бусад сумаас ирэх Дархан-Уул аймгийн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлнэ” гэж мэдэгдсэн.

ДАРХАНД БАЙГАА ИРГЭДЭЭ СЭЛЭНГЭ АЙМАГ АВАХГҮЙ ГЭЖ ЯРИАГҮЙ

Тэгвэл өнөөдөр /2020.11.30/ Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэл хийж, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын өгсөн мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “ Халдварын голомттой зургаан аймаг дунд Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хоёулаа  байгаа. Тиймээс ч эдгээр аймгуудад арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл гадагш гаргах, гаднаас оруулах иргэдийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон шийдвэр хэвээр үргэлжилж байна. Аймгуудын Онцгой комиссууд Улсын онцгой комиссын /УОК/ гаргасан шийдвэрийг өөрийнхөө харъяа орон нутагтаа мөрдүүлэх үүрэгтэй. Тэрнээс биш аль нэгэн аймаг нь дангаараа шийдвэр гаргаад бусад аймгуудынхаа иргэдийн эрх ашиг, УОК-ийн шийдвэрийг зөрчих эрхгүй. Сэлэнгэ аймаг нь  УОК-ийн шийдвэрийг л аймгийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлж ажиллаж байна. Дарханд хөл хорионд байгаа 5-10 иргэдийн эрх ашиг чухал уу, одоогоор халдварын  тохиолдол бүртгэгдээгүй тайван байгаа сумдын 5000-10.000 мянган иргэдийн эрх ашиг чухал уу гэдгийг дор бүрнээ бодох ёстой. Дарханд байгаа иргэдээ Сэлэнгэ аймаг авахгүй гэж яриагүй гэдгийг  албан ёсоор мэдэгдэж байна. УОК-ийн шийдвэрээр хэзээ Сэлэнгэ аймагт иргэдийн шилжилт хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн шийдвэр гарна, тэр үед л бид иргэдээ хүлээж авна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж