Улаанбаатар хот дахь алтайчууд өвлийн идшээ хүлээгээд авчихсан, тогоо дүүрэн мах чанаж суухад бусад нь нөөцийн маханд дугаарлаж, “Хүчит шонхор” зэрэг хүнсний зах руу шогшуулан, хэдэн бор төгрөгөө “сэгсэрсээр”…
Хөл хорионы улмаас нийслэлээс аймгууд руу, тэр бүү хэл зарим аймаг дотроо ч хөдлөх боломжгүй болж, хөдөлгөөн хаагдсан тул Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөлөөс “Хүнсний илгээмж” аян санаачилж, Улаанбаатар хотод суугаа иргэддээ идшийг нь хүргэх ажлыг зохион байгуулжээ.
Ингэснээр нийт 17 сумын 2800 гаруй өрхийн 271 тонн махыг 31 машинд тээвэрлэн арванэгдүгээр сарын 27-нд нэгдсэн журмаар Улаанбаатар хот руу хөдөлгөснөөр нийслэл дэх алтайчууд идшээ хүлээн авсан байна.
Энэхүү ажлыг зохион байгуулахдаа Улсын онцгой комиссоос гаргасан заавар журмын дагуу, ариутгал халдваргүйтгэл хийж, бусад холбогдох шаардлагад нийцүүлэн тээвэрлэлтийг хийжээ.
Тухайлбал, идэш ачсан цуваа Улаанбаатар хотод очоод “Барс-2” худалдааны төвийн гадаа нэгдсэн зохион байгуулалтад орж, зогсон, Улсын онцгой комиссоос зөвшөөрсөн цагийн дагуу /22:00-10:00 цагийн хооронд/ түгээлт хийсэн байна.
Тээврийн зардлыг мах илгээгч эсвэл хүлээн авагч хариуцахаар, ачаа тээврийн 1 кг үнийг 150 төгрөг байхаар шийдвэрлэсэн аж.
Тээвэрлэлт хийж ирсэн автомашинууд буцахдаа өвс, тэжээл ачна. Хамгийн их хэрэгцээтэй байгаа малынх нь өвс, тэжээлийг хүргэх тул малчид ч сэтгэл ханагар, жолооч ч хоёр талдаа ачаатай, нийслэл дэх алтайчууд идшээ авчихсан махны үнэ ханшид сэтгэл зовох зүйлгүй болж байна.
Хийе гэсэн хүн аргаа олдог, хийхгүй гэсэн хүн нь шалтаг олдог гэж…
Цар тахал бүртгэгдээгүй аймгууд Говь-Алтайн жишгээр нийслэл дэх нутгийн иргэддээ идшийг нь хүргэх ажлыг зохион байгуулах боломж байгаа нь эндээс харагдана.
Улсын онцгой комисс хуралдах бүрийд иргэдээс сайд нарт хандан тавьсан асуултад идшэндээ яаж хүрэх вэ, идшээ бэлтгээд ирэх боломжоор хангаж болохгүй юу гэдэг асуудал байсан.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын чихэнд өнгөрсөн өдрүүдэд хонх уясан асуудлын нэг гэж хэлж болно. Салбарын яам энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол шуудан компанитай хамтарч, хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн ч Говь-Алтай аймгаас зохион байгуулсан хэмжээний далайцтай явах боломж хомс байгаа юм. Учир нь Монгол шуудан компанийн Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэл тээвэрлэх 0-5 кг ачааны үнэ 11 мянган төгрөг байхаар тариф тогтоожээ. Харин Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөлийн санаачилсан аяны хүрээнд 1 кг ачаа 150 төгрөг тул тээврийн зардлын хувьд хамаагүй хямд тусч буй. Тэгэхээр аймгийн удирдлагууд санаачлагатай ажиллаж чадвал нийслэлчүүд идшээ хямд үнээр тээвэрлэн авчрах боломжтой.
Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээг хангахад зориулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нөөцийн мах нийлүүлж буй.
Гэвч нөөцийн мах нь хонины гулуузаар худалдаалагдаж байгаа тул мөнгөтэй хүмүүс нь авч чадна. Харин мөнгө муутай иргэдийн хувьд “Хүчит шонхор” зэрэг зах, худалдааны төвийг зорьж, жижиглэнгээр мах худалдан авахаас аргагүйд хүрч буй. Энэ нь худалдаачдад мөн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нь болж байна.
Учир нь цар тахал дэгдсэн даруйд махны үнэ өсч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавин, ажиллаж, зарим аж ахуй нэгж, худалдаачдад торгууль ногдуулж, төрийн төмөр нүүрийг үзүүлсэн ч Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэх үгийг сануулах мэт болоод буй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид ажилласан өдөр махны үнэ өсөлтгүй, ажиллаагүй өдөр нь нэмэгддэг жишиг тогтоод байна.
Үндсэндээ Covid-19 цар тахлаас хожиж буй хэсэг махны ченж, худалдаачид боллоо гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Иймээс махны үнийг хөөрөгдөхгүй, эрэлтийг бууруулах нэг боломж нь ядаж л цар тахал дэгдээгүй аймгийн удирдлагууд нийслэлийнхэндээ идшийг нь нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгцээ байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ