Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдуудын хамт арваннэгдүгээр сарын 18-нд цар тахлыг даван гарах нийгэм, эдийн засагт авч хэрэгжүүлж буй 23 багц ажлаа танилцуулахдаа covid-19-өөс болж хөл хорионд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс татварын алданги, торгууль тооцохгүй байхаар болсон. Гэсэн хэдий ч энэ нь бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадахгүй байна.
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, эдийн засгийн гол бүх болох Улаанбаатар хот УОК-ийн шийдвэрийн дагуу бүтэн сар хатуу хөл хорионд байхаар болсон. Энэ хугацаанд олон арван хүн орлого, цалингаа алдаж, цаашдаа ч ажлын байргүй үлдэх нөхцөл бий болоод буйг ирэх хавар гэхэд нийтдээ 410 мянган хүн ажилгүй болох эрсдэлийг МҮХАҮТ-аас тооцон гаргасан.
Сангийн яамнаас 2021 оны төсвийг боловсруулах үеийн төсөөллөөс эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдал өөрөөр эргэсэн. УИХ-аас Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг нийт зарлагыг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг алдагдлыг 2 их наяд 153.7 тэрбум төгрөг байхаар баталсан юм.
Тиймээс төсвийн хэрэгцээгүй зардлыг танаж, бизнес эрхлэлтийг дэмжиж, ажлын байраа хадгалж үлдэхийг эдийн засагчид сануулж буй.
Тухайлбал, Засгийн газрын зардлыг хамгийн багадаа 20-30 хувиар танаж чадвал хоёр их наяд төгрөгийн хэмнэлтийг бизнес эрхлэгчид рүүгээ нийлүүлэх боломжтойг эдийн засгийн ухааны доктор Б.Лхагважав хэлж байна.
Түүнчлэн “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газруудын 2020 оны ногдол ашгийг ил болгож дахин хуваарилалтыг нь ил хянавал маш олон тэрбум төгрөгийн нөөц гарч ирнэ, энэ мөнгөөр эдийн засагт цус сэлбэж олон боломжтойг ч онцолсон. Энэ мэт эдийн засгийг дэмжих олон боломж бидэнд бий.
Ч.Сайханбилэгийн засгийн боловсруулсан, Ардчилсан намынхан УИХ-д олон суудалтай байхдаа шинэчлэн баталсан Нэмүү өртөгийн албан татварын тухай хууль өнөөдрийн хүнд хэцүү нөхцөлд улсын төсөвт багагүй дэмжлэг болж буй. МАН-ынхны харлуулаад байдаг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн ачаар 34.7 их наядын хөрөнгө ил болж, далд эдийн засгийг багагүй хумьж өгсөн. Энэ мэтээр тархиа жаахан ажиллуулах юм бол хуулийн зохицуулалтаар эдийн засгаа дэмжих олон арга хэрэгсэл байна.
Хуулийг нь шинэчлэн батлахаас өмнө НӨАТ-аас улсын төсөвт 500 тэрбум орлого төвлөрдөг байсан бол өнгөрсөн 2019 онд 1.1 их наядын орлого төвлөрчээ. НӨАТ барааны үнэд нөлөөлдөг учраас инфляцид нөлөөлдөг. Өндөр ашигтай аж ахуйн нэгжүүдэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй ч бага орлоготой, жижиг дунд үйлдвэрүүдэд хүнд тусдаг.
Тиймээс НӨАТ-ыг 10-аас таван хувь болгож бууруулах, НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлэх нь жижиг, дунд үйлдвэрүүд болон иргэдэд томоохон дэмжлэх болж чадна.
Дэлхийн бусад орнуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарт 7.7, Японд 8, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна. Харин Монгол ердөө хоёр хувь.
Сангийн яам 2016 онд 499 мянган татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум, 2018 онд 793 мянган татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум, 2019 онд 890 мянган татвар төлөгч иргэнд 140 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
Хэдийгээр улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлэн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулж байгааг эдийн засагчид сануулж байна. Машин, хурдан морь, мал, томоохон худалдааны дэлгүүрүүд одоо ч НӨАТ-ын баримт өгдөггүй.
Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас ядаж таван хувь болгосноор иргэд, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн дэмжлэг болоод зогсохгүй иргэдийн хяналт сайжирч, татварын бааз суурь нэмэгдэнэ. Айлаас гуйхаар авдраа уудал гэж үгтэй.
Б.БАТ
Холбоотой мэдээ