Бээжин-Канберра хооронд өрнөөд буй худалдааны маргаан өргөжиж, Австралийн дарс импортлогчид хүнд байдалд оржээ. Бээжингийн зүгээс энэ сарын 28-ний өдрөөс эхлэн Австралийн дарсанд 107-212 хувийн татвар ногдуулахаа мэдэгдээд байгаа. Хятадын эрх баригчид үүнийг татвар биш харин "демпингийн эсрэг түр хугацааны арга хэмжээ" хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ экспортын татвар шиг үйлчлэх аж. Хятадын эрх баригчид Австралийн дарстай холбоотой демпингийн шалгалт эхлүүлж буй талаараа наймдугаар сард мэдээлж байсан юм. "Демпинг" гэдэг нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг хэлдэг юм. Ингэснээр шударга өрсөлдөөн үгүй болж, монополь үүснэ гэж үздэг.
Харин Австрали улсын зүгээс Хятадын дээрх шийдвэрийг маш түрэмгий алхам хэмээгээд цар тахлын дараа сэргээхийг оролдож буй эдийн засгийг нь боомилсон арга хэмжээ хэмээн буруутгаж байна. Түүнчлэн Австралийн Засгийн газар арвайн экспортын асуудлаар Хятадыг Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) мэдэгдэхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Австрали улс нь цар тахлын гарал үүслийг тодорхойлохын тулд Хятад улсыг шалгахыг олон улсад уриалсныхаа дараа Бээжинтэй дипломат маргааныг эхлүүлсэн юм. Хятадын талаас үүнд хариу болгож, Австралийн нүүрсийг худалдан авахаа зогсоож, олон сараар боомт руугаа оруулалгүй гацаагаад байна. Түүнчлэн хүнсний салбарт ч Хятад улс татвар, хяналт шалгалтаа чангатгасан юм. Үүнээс өмнө 2018 онд Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс 5G сүлжээг нэвтрүүлэх ажилд Хятадын “Huawei” компанийг оролцуулаагүйгээс хоёр улсын харилцаа хөндийрч эхэлсэн. Гэтэл энэ оны эхээр Австрали улс цар тахлын асуудлаар дахин Хятадын дургүйцлийг хүргэсэн алхам хийсэн юм.
Эх сурвалж: ABC.NET.AU
Холбоотой мэдээ