АНУ-ын хууль зүйн яам Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулж, цаазын ял гүйцэтгэх аргуудыг дөрвөөр нэмлээ. Тухайлбал, цэргүүдээр буудуулах, цахилгаан сандалд суулгах, хорт хийгээр утах, дүүжлэх аргуудыг албан ёсоор зөвшөөрсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх нэгдүгээр сард Жо Байден тангараг өргөхөөс өмнө амжиж хүн амины онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн таван хүнийг цаазаар авахаар төлөвлөсөн юм.
Дээрх нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт холбооны хуулинд оруулсан бөгөөд эрх баригчид үүнийгээ засгийн газарт ялтны үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ялыг илүү олон аргаар гүйцэтгэх уян хатан боломж олгосон зохицуулалт хэмээн тодорхойлжээ.
Өмнө нь цаазын ялыг зөвхөн үхлийн тариа тарих аргаар гүйцэтгэдэг байсан бөгөөд цаашид ч уг арга нь хамгийн нийтлэг арга хэвээр үлдэх гэнэ. Ирэх нэгдүгээр сарын 20-нд Жо Байден тангараг өргөж, албан ёсоор Ерөнхийлөгч болохоос өмнө Дональд Трамп таван хүн цаазаар авахаар төлөвлөсөн. Гэхдээ дээрх өөрчлөлт тэдний цаазын ялд нөлөөлөхгүй гэнэ. Учир нь таван хоригдолд үхлийн тариа тарих шүүхийн шийдвэр гарсан аж.
Трамп Ерөнхийлөгч болохоос өмнө хамгийн сүүлд 2003 онд хүн хулгайлсан, хөнөөсөн хэрэгтэн Луйз Жонесийг цаазаар авсан билээ. Тэр цагаас хойш АНУ нэг ч цаазын ял гүйцэтгээгүй байсан бол энэ жил, тэр дундаа сүүлийн зургаан сарын дотор ийнхүү нийт 13 хүнийг цаазаар авч байна.
Жо Байден Ерөнхийлөгч болмогцоо цаазын ялыг хална хэмээн амласан билээ. Тиймдээ ч Трамп бүрэн эрхийнхээ сүүлийн хэдэн долоо хоногт амжин аль болох олон төлөвлөгөөт цаазын ялыг гүйцэтгэхээр улайрч байж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Гэхдээ Байдены амлалтаас үзэхэд дээрх өөрчлөлт хэзээ ч бодитоор хэрэгжихгүй бололтой.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ