ЭМЯ: Зургаан хүний биеийн байдал маш хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Зургаан хүний биеийн байдал маш хүнд байна

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, November 29, 2020

Эрүүл мэндийн яам Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.11.30) мэдээллээ хийлээ. Дашрамд дурдахад, өчигдрийн байдлаар  дотооддоо халдвар авсан тохиолдол  нийт 341-д хүрч  Улаанбаатар хотод 75, Сэлэнгэд 174, Дорноговьд 21, Орхонд 22, Дархан-Уулд 44, Говьсүмбэрт 3, Архангай 2 тохиолдол тус, тус батлагдаад байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийтдээ 10308 хүнд шинжилгээ хийснээс долоон хүний шинжилгээнд Covid-19  халдвар илэрсэн. Үүнээс Улаанбаатар хотод ойрын хавьтлаар  тусгаарлагдаад байсан хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Ингэснээр нийслэлд батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 77 боллоо. Энэхүү 77 тохиолдол нь нийслэлийн  26 хороо, дүүргүүдэд гарсан байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт Covid-19 халдварын 21 тохиолдол батлагдаад байна. Тус дүүргийг хороогоор нь танилцуулбал: 1,2,3,4,6,7,9,10,18

Сонгинохайрхан дүүрэгт 10 тохиолдол, Хороо: 7,16, 19

Баянзүрх дүүрэгт 25 тохиолдол, Хороо: 4 ,10,14,15,22

Сүхбаатар дүүрэгт 12 тохиолдол, Хороо: 12,13,16,18

Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол, Хороо: 10,16, 21

Багануур дүүрэгт нэг, Хороо: 4

Чингэлтэй дүүрэгт нэг, Хороо: 19

Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн таван тохиолдол ойрын хавьтлаас илэрсэн. Сэлэнгэд шинээр таван тохиолдол  илэрч, нийт батлагдсан тохиолдол 179 боллоо. Улсын хэмжээнд нийт  Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 791. Дотооддоо халдвар авсан тохиолдол 348 болж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорноговь, Орхон, Дархан-Уул,  Говьсүмбэр, Архангай аймгуудад халдвар нэмж илрээгүй. Тодруулбал, Дорноговьд 21, Орхонд 22, Дархан-Уулд 44, Говьсүмбэрт 3, Архангай 2 тохиолдол тус тус батлагдаад байна. Хамгийн сүүлд халдвар бүртгэгдсэн Архангай аймагт голомтын хариу арга хэмжээ авах, хөл хорио тогтоох арга хэмжээг авч байна. Батлагдсан хоёр тохиолдлоын ойрын болон хоёрдогч хавьтал болох нийт 200 гаруй хүний нэрсийг гарган шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар 120 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Улсын хэмжээнд Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 791. Эдгэрсэн 354, эмчлэгдэж байгаа 428 хүн байгаагаас 342 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 76, хүнд дөрөв, маш хүнд зургаан хүн байна. Батлагдсан халдваруудад илэрч байгаа эмнэл зүйн шинж тэмдгээс дурдахад ихэнх нь хуурай ханиалгаж байна. Хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, амт үнэр мэдрэхгүй болох, ядрах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрч байна.

Халдвар авсан хүмүүсийн насны хувьд 2-90 насны хүмүүс бий. 0-15 настай 75 хүүхэд байгаагаас 0-9 насны 38 хүүхэд, нэг настай 2 хүүхэд, хоёр настай 3 хүүхэд байна. 70-аас дээш насны есөн хүн байгаагаас 80-81 настай гурван хүн, 90 настай нэг хүн бий.

 ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь,Архангай, Энхсаран, ХӨСҮТ гэсэн есөн газар халдвар тархаад байна. Эдгээр тохиолдлын ойрын хавьтал болох 4142 хүнийг хяналтдаа авч, тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Нийслэл хотод өвчлөл бүртгэгдэж байгаатай холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хариу арга хэмжээний хоёр баг нь улсын хэмжээнд 167135 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 118986 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Бусад хүмүүсийн шинжилгээний хариу хүлээгдэж байна.

ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧДИЙН СОНИРХСОН АСУУЛТАД ХАРИУЛЛАА

Өнгөрсөн хугацаанд халдварын нууц хугацаа нь 20 хоног байна гэсэн бол одоо 5-9 дахь хоног дээрээ илэрч байна гэсэн. Үүний учрыг тайлбарлаж өгөөч.

А.Амбасэлмаа: Халдварт өвчний нууц үеийн хугацаа гэдэг нь  эрүүл хүн халдвартай хүнтэй уулзсанаас хойш эмнэл зүйн шинж тэмдэг илрэх, шинжилгээгээр халдвартай гэдэг нь илрэх хугацааг хэлдэг. Өмнө нь 21 хоногийн тусгаарлалт хийж байсан болохоос халдварын нууц үе нь 21 хоног гэж хэлж байгаагүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн үед халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж хэлж байсан. Тэр үед Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг тусгаарлан ирсэн цагаас нь хойш 24-48 цагийн дотор шинжилгээ авч, хоёр дахь шинжилгээг 14 хоногийн дотор, гурав дахь шинжилгээг 21 хоног буюу тусгаарлалтаас гарахын өмнө авч байсан. Зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлыг голомтод бүс нутгаас ирсэн хүмүүс дээр хатуу хяналтыг тавьж, дотооддоо халдварыг тархаахгүйн тулд 21 хоногийн тусгаарлалтын арга хэмжээг авч байсан. Тухайн үед халдвар аваад эдгэрсэн хүнээс вирус ялгарахад халдвар халдахгүй гэсэн баталгаа байгаагүй. Тиймээс нууц үеийн хугацааг 14 хоног гэж хэлсэн. Түүнээс гадна халдварын гинжин хэлхээгээр халдварын нууц үеийн хугацааг тогтоодог. Монгол Улсад дотоодын халдвар батлагдсан цагаас хойш халдвар авсан хүмүүсийн ойрын хавьталтай уулзсан цагаас нь хойш хөөгөөд халдварын нууц үеийн хугацааг тогтоосон. Халдварын нууц  үеийн хугацаа нь 1-14 хоног байна. Энэ нь дээд хязгаар нь гэсэн үг. Дунджаар 5-6 хоногийн дотор эмнэл зүйн шинж тэмдэг халдвар авсан хүмүүст илэрч байгаа. Нийслэлд өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 1100 хүн байна. Хамгийн анхны тохиолдлын ойрын хавьтал  аравдугаар сарын 11-ээс хойш тусгаарлагдсан учраас гэрийн ажиглалтад шилжүүлсэн.

-Өнгөрсөн жилийн өдийд ханиад хүрч өндөр халуурсан иргэдээс судалгаа авч шинжилгээнд хамруулсан гэсэн. Дүн нь гарсан уу

-А.Амбасэлмаа: Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монгол Улсад томуугийн халдвар өндөр байсан. Тиймдээ ч 100 гаруй хүнд судалгаа хийхэд Covid-19 халдвараар өвчилсөн хүн байгаагүй. Харин томуугийн  вирус илэрсэн гэдгийг хэлмээр байна.

Д.Нарангэрэл: Томуугийн тандалтыг хоёр аргаар хийдэг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд Амбасэлмаа даргын хэлсэн вирусүүд эргэлтэд байсан. Тандалтаас харахад насны бүлэгт өөрчлөлт гараагүй. Жил бүр 0-4 насны хүүхдүүдийн дунд өвчлөл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал хамгийн их байдаг нь өнгөрсөн жил ч давтагдсан.

Мөн АШУҮИС-ийн багш нар, ХӨСҮТ-ийн эрдэмтэн судлаачид болон бусад судлаачид хамтран хүн амын дунд Covid-19 халдвар байгаа эсэхийг тогтоох тандалтыг хийсэн. Эдгээр судалгааны үр дүн болон тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн Монгол Улсад дотоодын Covid-19 халдвар 2020 оны арваннэгдүгээр сард анх гарсан гэдгийг тогтоосон.

-Сэжигтэй болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон сургуулийн сурагчид хичнээн байгаа бэ?

-А.Амбасэлмаа: Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас халдвар илрээгүй. Сургуулийн багш халдвар авсан ч нууц үеийн хугацаагаар нь хөөхөд зай нь хол байсан. Сурагчдаас шинжилгээ авахад халдвар илрээгүй нь батлагдсан.

-Монгол Улс хүн амаа вакцинжуулах  вакцинаа сонгосон уу?

Д.Нарангэрэл: Монгол Улсын хувьд одоогоор вакциныг сонгоогүй байгаа. Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт  нэгдэх хүсэлтээ Монгол Улс илэрхийлсэн.

-Халдварын батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн гишүүд бүгд халдварлаж байна уу? Аль эсхүл хувь хүний дархлаанаас хамаарч байгаа эсэхэд хариулт өгөөч?

-Д.Нарангэрэл: Гэр бүлийн гишүүд өвдөх нь илүү өндөр байна.

А.Амбасэлмаа: Төрсөн өдрийн баяр, караокед хамт орсон зэрэг ойрын хавьтлуудаас эх сурвалжтай халдвар нийт халдварын ихэнх хувийг эзэлж байна. Нэг гэр бүлээс үүдэлтэй 100 гаруй хүн халдвар авсан. Нэг гэр бүлээс нэг хүн өвдөхөд бусад хүмүүс өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй. Тухайн гэр бүлээс 2-5 хүн өвдөж байна. Ер нь амны хаалт зүүх, 1.5 метрийн зай барих бол хамгийн найдвартай арга юм.

-Цаашдаа биеийн байдал хөнгөн байгаа хүмүүсийг гэрээр эмчлэх үү?

Цаашдаа ийм тактикт шилжихийг үгүйсгэхгүй. Хэрэв хүн амын дунд өндөр хэмжээгээр халдвар тархсан тохиолдолд хөнгөн хүмүүсийг гэрээр нь эмчилж, хүнд хүмүүсийг эмнэлэгт тусгаарлана. Авч хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрт тусгагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж