СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургууль нь Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээ нь өнгөрсөн баасан гаригт болж, Д.Амгалангийн шавь, хамтран зүтгэгчид мөн үр хүүхдүүд нь оролцлоо.
Мөн энэ үеэр түүний хүү А.Баясгалан эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, хойч үед алдаршуулах, залуу зураачдыг дэмжих зорилгоор "Амгалан ертөнц" сангийнхаа нээлтийг хийлээ. Сангийн нээлтэд үе үеийн зураач, уран бүтээлчид өөрийн уран бүтээлийнхээ дээжээс хандив өргөсөн юм. Сангийн гүйцэтгэх захирал А.Баясгалан "Сангийн маань гол зорилго нь залуу зураачдыг дэмжихэд оршино. Ялангуяа 30-аас доош насны зураачдыг дэмжиж, тэдний үзэсгэлэнг зохион байгуулна. Мөн энэ чиглэлийн залуу багш нарыг дэмжиж, урамшуулах болно. Цаашлаад аавынхаа алдрыг залуу хойч үед түгээх, алдаршуулахад сангийн маань үйл ажиллагаа оршиж байна" гэдгийг онцоллоо.
Төрийн шагналт, ардын зураач Д.Амгалангийн амьдрал, уран бүтээлийн замнал нь Монголын шинэ үеийн дүрслэх урлагийн сургалтын үүсэл хөгжил, төлөвшилтэй салшгүй холбоотой хэмээн салбарынхан нь үнэлж байлаа. Тэрээр бүхий л амьдралынхаа турш эрэл хайгуул хийж, уран зургийн сонгодог болон уламжлалт арга барилыг баяжуулан, өвөрмөц өгүүлэмж, зохиомжтой бүтээл туурвиж байжээ. Ялангуяа түүний өвөрмөц хэллэг, өнгө аяс, уран бичлэгтэй "Жаахан шаргын нутаг", "Ээж ээ сайн байна уу", "Их үсрэлт", "Улаан тоос" зэрэг бүтээлийг зураач, судлаач, шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг байна.
Онцлоход, СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийг Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болгох тогтоолыг Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард гаргажээ.
Б.ЗАЯА
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ