Хятад, англи хэлийг хослуулан суралцах боломжтой, сургалтын төлбөр харьцангуй хямд байдаг учир Тайваньд суралцах япон оюутны тоо өссөөр байна. (photo credit by Taiwan Education Center)
Японы NHK телевизийн сувгаас гаргасан сүүлийн үеийн судалгаагаар сүүлийн 10 жилд Тайваньд суралцаж буй япон оюутны тоо 5 дахин өссөн үзүүлэлт гарсан. Үүний гол шалтгаан нь Тайваньд xятад, англи хэлийг хослуулан суралцах орчин бүрдсэн бөгөөд харьцангуй хямд сургалтын төлбөртэй байдагтай холбоотой юм. Үүнээс гадна Тайвань цар тахлыг амжилттай хяналтандаа авч чадсан нь цар тахлын үед гадаад оюутнуудын сонирхлыг татах давуу тал нь болоод байна.
Хятад, англи хэлийг эзэмшсэнээр дэлхийн 2/3-той тэнцэх тооны хүмүүстэй шууд харилцах боломжтойгоос гадна бизнес эрхлэх боломжууд ч мөн адил гарч ирнэ хэмээн NHK сувгийн судалгаанд тусгагджээ. Түүнчлэн Тайваньд суралцдаг хоёр япон оюутнаас ярилцлага авахад эхний оюутан “Тайваньд суралцсанаар хятад, англи хэлийг хослуулан суралцах боломжтойгоос гадна ирээдүйн зорилгодоо хүрэхэд дөхөм учир Тайванийг сонгосон” тухайгаа дурьдсан. Харин Тайванийн Фэнг Жиа их сургуулийн оюутан “Тайванийн сургалтын төлбөр харьцангуй хямд байдаг” хэмээн санал бодлоо хуваалцсан юм. Түүнчлэн NHK “Тайваний их сургуулиудын төлбөр Японы их сургуулиудын төлбөрийн 1/3-тэй тэнцэх ба тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд амьжиргааны зардал ч харьцангуй доогуур байдаг учир Тайваньд суралцах япон оюутны тоо өссөөр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд Тайваньд суралцах япон оюутны тоо 5 дахин өсч, 2019 онд 10,000 давсан” хэмээн мэдээлэв.
Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Тайваньд сурч, амьдрах орчин нь Японы оюутан залуус болон эцэг эхчүүдэд таалагдаад зогсохгүй Монгол болон Зүүн өмнөд Азийн олон орны оюутан залуус сүүлийн жилүүдэд Тайваньд суралцах нь эрс нэмэгдсэн болохыг онцоллоо. Үүний гол шалтгаан нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал нь Европ, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудтай харьцуулахад харьцангуй хямд байхаас гадна Тайванийн нийгэм бусад Хятад төвтэй улс оронтой харьцуулахад илүү чөлөөтэй, ардчилсан хэв шинжтэй байдаг. Түүнчлэн чанартай эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, цар тахлыг хяналтандаа авсан аюулгүй орчин, цагийн ажил эсвэл дадлага хийх зэрэг давуу талууд нь гадаад оюутан Тайвань орныг сонгон суралцах гол хүчин зүйлүүд болдог.
Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Сүүлийн хоёр жилийн хугацаанд Тайваньд суралцах монгол оюутны тоо 800-1600 болтол өссөн. Уг тоо нь 3 сая гаруй хүн амтай Монгол улсын хувьд өндөр үзүүлэлт юм. Тайваньд суралцах монгол оюутнуудын мэргэжил сонголт ч мөн адил илүү өргөн хүрээтэй болсон. Тухайлбал, өмнө нь бизнесийн удирдлага илүү давамгайлж байсан бол одоо барилга болон цахилгааны инженер, мэдээлэл ба аялал жуулчлалын менежмент, урлаг зэрэг мэргэжлийг түлхүү сонгон суралцаж байна. Үүнээс гадна Тайванийн ихэнхи хувийн болоод улсын их сургуулиудад хятад, англи хэл дээрх сургалттай хөтөлбөр байдаг тул монгол оюутан залуус Тайванийг сонгон суралцахыг уриалж байна” гэлээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Тайваньд суралцах монгол оюутны тоо 1600 болж өссөн. (photo credit by Taiwan Education Center)
Холбоотой мэдээ