Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх 2021 оны Төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаагаа өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт /2020.11.25/ мэдэгдлээ.
Халдварт өвчний цар тахлын гадаад, дотоод хүчин зүйл Монгол улсыг мөнгө, санхүүгийн хувьд үлэмж доройтуулж, улсын болоод хувь иргэний төлбөрийн чадварт шууд нөлөөлөх нь ойлгомжтой болсон. УИХ ирэх оны төсвийг хуулийн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15-наас өмнө онлайн хуралдаанаар баталсан. Гэхдээ төсөв өргөн баригдах үеийн нөхцөл байдал, төсөв батлах үеийн нөхцөл байдал зарчмын ялгаатай байсан. Цар тахал зөвхөн гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байсан үед боловсруулагдсан төсөв, дотроо халдвар алдсан бачим үед батлагдсан. Дотроо халдвар алдаж, онц байдал үүсээгүй байхад ч төсвийн хэлэлцүүлгийн явцад ирэх оны төсвийг аль болох татуу байлгаж, илүү дутуу зардал гаргах шаардлагагүй, цар тахлын нөхцөлийг бодох ёстойг парламентын цөөнх болсон Ардчилсан нам болон цөөн хэдэн прагматик сэтгэлгээтэй гишүүд анхааруулсаар байтал дорвитой өөрчлөлт хийлгүйгээр баталсан. 2021 он бол монголчуудын хувьд бас нэгэн сонгуулийн жил. Ирэх 2021 онд монголчууд төрийн тэргүүнээ сонгох учиртай. Энэ 2020 оны төсөв өнгөрсөн зургадугаар сард явагдсан парламентын сонгуульд зориулагдсан байсан бол ирэх оны төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан нь үнэн. Энэ төсвийн өөр зориулалт нь ирэх жил тэмдэглэх Ардын хувьсгалын болоод МАН-ын 100 жилийн ойд зориулагдаж байгааг хэлэх хэрэгтэй. 100 жилийн ойн комисс гэгч аль эрт байгуулагдаад үзэл суртлын гэж хэлж болохоор арга хэмжээнүүдийн жагсаалт төрийн бараг бүх шатны байгууллагад гарсан байгаа бөгөөд эдгээр арга хэмжээг 2021 оны тавдугаар сарын 15-наас өмнө багтаан хэрэгжүүлэхээр төлөвлө гэсэн үүрэг өгөгдсөн нь нь ирэх оны төсвийн хөрөнгийн чамгүй хэсэг сонгууль болоод МАН-ын үзэл сурталд зарцуулагдах нь тодорхой.
Ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байгаа шалтгаанаа Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой тайлбарлажээ. Ялангуяа, Ерөнхийлөгчийн зүгээс өгсөн өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг эрхэм гишүүд унагасан.
Цар тахлын нөхцөл байдлыг бүрэн тооцож чадаагүй, үүссэн нөхцөл байдалд нийцээгүй үрэлгэнээр төсөөлсөн хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнэн өмнө өгсөн саналуудыг зайлшгүй тусгах ёстойг УИХ-д анхаарууллаа.
Ерөнхийлөгчийн зүгээс дараах саналыг тавьж байгаа юм. Үүнд,
-Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
-Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
-Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
-Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх гэсэн санал багтжээ.
2021 оны төсөв батлагдсанаас хойших хоёр долоо хоногийн хугацаанд эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт ирэх оны төсвийг яаралтай тодотгох шаардлагатай хэмээн сануулсаар байгаа ч Сангийн сайд цааргалсан хариу өгсөөр Ерөнхийлөгчийн хоригтой золголоо. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёрын харш барилдлага дахин үргэлжлэх нь. Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын шийдвэрт арав гаруй удаа хориг тавьж байсан бөгөөд эдгээрийн цөөнгүй нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбогдож ирсэн байдаг. Тухайлбал, 2017 оны аравдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлж, УИХ-аар томилуулахад Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан бөгөөд энэ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан хориг байв. Үүний дараахан арваннэгдүгээр сард нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрд бүхэлд нь хориг тавив. Мөн дараа сард нь буюу 2017 оны арванхоёрдугаар сард 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавив. 2018 оны арваннэгдүгээр сард 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан. 2019 оны есдүгээр сард Татварын багц хуульд хориг тавьсан. Энэ хоригийг тавихдаа Ерөнхийлөгч Х.Баттулга 2006 оны хүчингүй болсон хуулийг ашигласан хэмээн тухайн үедээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийж байв. Гэхдээ эдгээр хоригийн алийг нь ч УИХ хүлээн аваагүй, олонхийн саналаар татгалзсан.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийг мөн ижил хувь заяа хүлээж байх магадлал маш өндөр.
Д.НАРАНТУЯА
Холбоотой мэдээ