"Галтай бумба тавьж,Covid-19-ийг эмчлэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

COVID-19

"Галтай бумба тавьж,Covid-19-ийг эмчлэх боломжтой"

"Галтай бумба тавьж,Covid-19-ийг эмчлэх боломжтой"

Польш улсад монгол уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаа хүний их эмч, эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр аюулт цар тахлаас сэргийлэхийн тулд галтай бумба тавих эмчилгээг хийж, бага зардлаар үр дүнтэй эмчлэх боломжтой гэдгийг хэлсэн юм. Ингээд түүний яриаг хүргэе.


-Польш улсад монгол анагаах ухааны чиглэлээр олон жил ажиллаж байгаа гэж дуулсан. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний бие Балбарын Энхбаяр, хүний их эмч мэргэжилтэй. Аавыг маань Дашдооровын Балбар гэдэг. Өвөрхангай аймгийн уугуул, багш мэргэжилтэй хүн байсан. Ээжийг минь Дүвзээгийн Лантуу Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул хүн. Аав, ээжийн минь удамд нутагтаа нэртэй бариач, монгол эм тангаар эмчилдэг хүмүүс байсан.

Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1987 онд арван жилийн сургуулиа төгсч, 1994 онд Анагаах ухааны их сургуулийг монгол уламжлалт, европ хосолсон мэргэжлээр төгссөн. Тэгээд Ардын эмнэлгийн хүрээлэнд 1994-1998 онд мэргэжлээрээ ажиллаж байгаад хоёр улсын Ардын эмнэлгийн хүрээлэнгийн гэрээгээр Польш улсад одоог хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна. Ардын эмнэлгийн хүрээлэнд Монголын шилдэг эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллах боломж олдож, тэднээсээ их зүйлийг сурсан.

-Польш улсад цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ?

-Польш улсад гуравдугаар сараас эхлэн Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Тухайн үедээ Засгийн газраас зарим хязгаарлалтыг шат дараатай хийж, цар тахлын нөхцөл байдалтай хослуулан хорио цээрийн дэглэмээ тохируулж байсан. Улсын эдийн засгаа давхар унагаахгүйн тулд бизнес эрхлэгчдэд улсаас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлсэн. Үр дүнтэй арга хэмжээг цаг алдалгүй авснаар хорио цээрийн дэглэмээ шат дараалан бууруулсан.

Гэхдээ сургалтын байгууллага болон олон нийтийн үзвэр үйлчилгээ онлайнаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цар тахлын үеийн гурван зарчмаа баримталж, бусад үйл ажиллагаа хэвийн явж байна. Ямар нэгэн тэг зогсолт, хөл хорио тогтоосон зүйл байхгүй. Одоогийн байдлаар өдөрт 30-50 мянган шинжилгээний тестийг ашиглаж, иргэдээ шинжилгээнд хамруулж байгаа.

-Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гадаадад ажиллаж буй туршлагатай монгол эмч нартай хамтран ажиллах хүсэлт ирүүлбэл хүлээн авах уу?

-Монгол Улсад нэгдүгээр сарын 27-нд өндөржүүлсэн бэлэн байдал зарлахад маргааш нь буюу нэгдүгээр сарын 28-нд Рекорд.мн сайтад “Монгол Улсад Covid-19-ээс урьдчилан сэргийлэх болон эмчлэх боломж бий” гэж ярилцлага өгч байсан. Хэрвээ Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс бидэнтэй хамтран ажиллая гэж санал ирүүлвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, Монгол Улсын иргэн болон тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд миний бие болон бусад улсад ажиллаж, амьдарч буй монгол эмч нар бэлэн гэдэгт итгэлтэй байна.

Монгол уламжлалт анагаах ухаан нь байгалийн гаралтай, ямар нэгэн гаж нөлөөгүй, хамгийн богино хугацаанд, хамгийн бага зардлаар үр дүнтэй эмчилдэг эмчилгээний арга юм. Тийм учраас монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээ цар тахлын үед Европын улсуудад маш их эрэлт хэрэгцээтэй байна. Польш улсад ажиллаж байгаа монгол 100 гаруй эмч нар цар тахалтай бүс нутагт энэ чиглэлээрээ үр дүнтэй ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл болон бусад мэдээллийн сувгаар “халдвар хамгаалал” гээд яриад байх юм. Мэргэжлийн хэллэг нь “халдваргүйтэл хамгаалал” гэж ярих ёстой. Халдваргүйжүүлэх ёстой юмыг халдвар тарьчихаад хамгаалж байгаа юм шиг ойлголт төрүүлж байна. Хуучнаар Эрүүлийг хамгаалах яамыг одоо Эрүүл мэндийн яам гээд ямар ч зорилгогүй нэрлэдэг болжээ. Бас “хорио цээрийг сулруулах” бус “хорио цээрийн дэглэмийг бууруулах” гэж ярих ёстой юм.

Цар тахлын үед амны хаалтаа зүүх, зайгаа барих, гараа тогтмол ариутгах гурван зарчмыг баримталсан тохиолдолд заавал тэг зогсолт болон хөл хорио тогтоох шаардлагагүй. Аж ахуй нэгж, албан байгууллагууд ариун цэвэр, хорио цээрийн дэглэмээ сайн сахиад хэвийн үйл ажиллагаагаа явуулж, тандалт судалгааны ажлаа давхар хийх хэрэгтэй.

-Та дархлаа дэмжих эмчилгээний нэг шалгарсан арга бол монгол уламжлалт галтай бумба тавих эмчилгээ гэж хэлсэн. Халдвар авсан хүнд энэ уламжлалт эмчилгээг хийх нь хэр тохиромжтой бол?

-Галтай бумба тавих уламжлалт эмчилгээ нь вакцингүй үед вакцин болж байсан. Ялангуяа дэлхийн I, II дайны үед эм тариа байхгүй байхад олон сая хүнийг галтай бумба эмчилгээгээр аварч байсан. Монгол уламжлалт галтай бумба эмчилгээ бол Аутогемотерапи буюу антивирус, антибактерийн эмчилгээг зэрэг хийдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн онцлогт тохирсон өөрийнх нь эрүүл цусаар өвчтэй цусыг нь эмчилнэ гэсэн үг.

Дархлаа сэргээх галтай бумба эмчилгээний үндсэн найман сонгомол цэгээс гадна давхар 12, нэмэлт 25 гээд нийт 45 цэг бий. Энэ нь бариа засал болон зүүний цэгүүдээс өөр  байдаг юм. Хүний биеийн температур 36.6 хэм байдаг.Тэгвэл галтай бумбаны дотор талын температур биеийн темпаратураас өндөр 38.2 хэм хүрдэг учраас хүний дархлааны эд эсийг сэргээж, идэвхижүүлдэг. Сэрсэн дархлааны эсүүд ямар ч бактер, вирустэй байлдаж эхэлдэг. Заавал өвчин тусахыг хүлээх хэрэггүй. Эрүүл хүнээ ч галтай бумба эмчилгээгээр эмчилж байх хэрэгтэй. Халдвар авсан ч хөнгөн тусна шүү дээ.

Тиймээс галтай бумба эмчилгээ вакцингүй үед вакцин орлох хамгийн үр дүнтэй эмчилгээ арга юм. Галтай бумба эмчилгээг хэрэглэж сурснаар ганцхан Covid-19-ийн үед ч биш жил болгоны томуу томуу төст өвчлөл, ирээдүйд гарч болзошгүй вирусийн гаралтай цар тахлын үед хэрэглэж болох хамгийн үр дүнтэй монгол уламжлалт анагаах ухааны шалгарсан эмчилгээний нэг арга.

Covid-19-ийн вирус залгиур хоолойд ороод дөрөв хоног болдог гэж байсан. Та хоолойн төвөнхийн хоёр талд амьсгалын замын гол цэгт бумба тавьдаг эмчилгээний талаар ярихгүй юу?

-Covid-19-ийн вирус нь эхний дөрөв хоногт хүний хэл, залгиур хоолойн дээр ороод ирдэг. Ингэснээр ханиалгах, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрэхээр нь төвөнхийн хоёр талд амьсгалын замын дархлаа сэргээх сонгомол цэг дээр бумба тавьж эмчилдэг. Үүнийг мэргэжлийн хүн хийх ёстой.

-Энэ цаг үед монголчууддаа зөвлөгөө өгөөч. Дархлаагаа хэрхэн дэмжиж, ямар хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй вэ?

-Ер нь хатуу хөл хориог удаан хугацаагаар тогтоовол цар тахлаасаа илүү бусад өвчний хүндрэлүүд гарах эрсдэл ихтэй. Жишээлбэл, зүрх судас, сахар, артерын даралтын өвчлөл нэмэгдэж, иргэдийн хөдөлгөөн багасч, жин нэмэгдэнэ. Цар тахлын халдвар авсан иргэдээ эмчлэхээс гадна бусад өвчтөнүүдээ авч дийлэхгүй ачаалалтай болох вий. Тиймээс одоо аль болох гурван зарчмаа сайн баримталж агаарт ард иргэдээ сайн гаргаж, дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй.

Монгол хүн таван хошуу малын гаралтай хоол хүнсээ ахиу хэрэглэж, монгол эм тангаа ууж, малын гаралтай ноос, ноолууран хувцсаа өмсч, дулаан хувцаслаж байвал гоёлоос гадна давхар эмчилгээ болдог юм. Монголынхоо нийт ард түмэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. News.mn мэдээллийн сайтын хамт олондоо ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж