Монголд Covid-19 нэмэгдэж, Хятад хилийн хяналтаа чангатгав

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Монголд Covid-19 нэмэгдэж, Хятад хилийн хяналтаа чангатгав

Монголд Covid-19 нэмэгдэж, Хятад хилийн хяналтаа чангатгав

Монголд Covid-19-ийн тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор Хятадын тал хилийн шалган нэвтрүүлэлтээ чангатгаж, нүүрсний тээврийн монгол жолооч нараас PCR шинжилгээний бичиг шаардан, шинжилгээ хийлгээгүй бол хилээр нэвтрүүлэхгүй байгаа аж. Үүний улмаас жолооч нарт маш их хүндрэл үүсч буй юм байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын тал арваннэгдүгээр сарын 20-ноос Ганцмод боомтоор нэвтрэх манай жолооч нараас PCR шинжилгээний бичиг шаардаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж эхэлсэн бөгөөд хоёр цэг (хоёр машинтай)-т жолооч нараас шинжилгээ авч буй юм байна.

Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, нэгдсэн удирдлагаар хангах зорилготой аж.

Энэ сарын 23-ны өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 211 нүүрс тээврийн, 95 зэсийн баяжмалын тээвэр, Шивээхүрэн боомтоор 216 нүүрсний тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн байна. Түүнээс хэдхэн хоногийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэн гаргаж буй автомашины тоо 10 хүрэхгүй болж буурчээ.

Нүүрсний жолооч нарын мэдээлж буйгаар, өнөөдөр хил хааль дээр нэгдсэн зохион байгуулалт байхгүй. Улсын онцгой комисс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн засаг захиргаа, гааль, мэргэжлийн хяналт, Гашуунсухайт боомт гээд төрийн олон нэгжийн уялдаагүй шийдвэрүүд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг шүүмжлэв.

Үүний уршгаар зарим жолооч шинжилгээний бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдол гарч, Хятадын тал хяналтаа улам чангатгасны улмаас гаалийн бүрдүүлэлт хийх үйл явц ч удааширчээ.

Нүүрсний зах зээлийн "SXCoal” цахим хуудаст мэдээлснээр, Тавантолгой-Цагаан хад чиглэлд тээвэр хэвийн үргэлжилж буй бол Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн богинын тээвэрт саатал үүссэн байна.

Арваннэгдүгээр сарын 25-ны Лхагва гаригийн байдлаар “Fenwei Energy”-ийн тооцон гаргадаг Монголын угаасан коксжих нүүрсний үнийн индекс тонн тутамдаа долоо хоногийн өмнөхөөс 20 юаниар өсч, 1080 юань болсон байна. Харин түүхий нүүрсний үнэ 20 юаниар өсч, 880 юань болжээ.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатарын мэдээлснээр, уул уурхайн компаниудын 4200 гаруй хүн ээлж солих шаардлагатай байгаа бөгөөд тэдгээрт зориулж тусад нь шинжилгээ авах цэг байгуулж буй аж. Дээрх жолооч нарыг бүгдийг нь PCR шинжилгээнд хамруулах юм байна.

Мөн одоо явах хүмүүсийн ээлжийг 21 хоног болгосон аж. Уул уурхайн компаниуд дэмжлэг үзүүлж, PCR шинжилгээний аппарат, шинжилгээний урвалж, түргэвчилсэн шинжилгээний оношлуур авахад хамтран ажиллаж байгаа ажээ.

Covid-19-өөс гадна Хятадын тал битүү агуулахгүй учраас нүүрсний импортыг хязгаарлах гэж буй нь нөлөөлсөн гэж “SXCoal”-ийн шинжээчид таамагласан байна.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2020 оны эхнээс арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс 26 сая тонн чулуун нүүрс экспортлосноос 53 хувийг Гашуунсухайт боомтоор гаргажээ. Мөн энэ онд нийт 25 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөнөөсөө давсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж