Монголд Covid-19-ийн эмчилгээнд 8 сая төгрөг, бусад оронд хэд вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Монголд Covid-19-ийн эмчилгээнд 8 сая төгрөг, бусад оронд хэд вэ?

Монголд Covid-19-ийн эмчилгээнд 8 сая төгрөг, бусад оронд хэд вэ?

Монгол Улс Covid-19 халдварыг дотооддоо алдаж, энэхүү өвчний эмчилгээний зардлын асуудал иргэдийн анхаарлын төвд байна. Эрүүл мэндийн яамнаас нэг өвчтөнийг эмчлэхэд хүнд, хөнгөн өвчлөлөөс шалтгаалж 7.5-9 сая төгрөг зарцуулдаг гэсэн мэдээллийг өгсөн бөгөөд ард иргэдийн зүгээс энэ өртөгийг хэт өндөр байна хэмээн шүүмжилж байгаа юм. ХӨСҮТ-ээс Covid-19 халдварын зардлыг нарийвчлан тооцохдоо батлагдсан тохиолдлын 200 гаруй өвчтөний эмчилгээний түүхийг судалж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй тооцоо, хүчин чадлыг тооцоолсны үндсэн дээр гаргасан гэж тайлбарласан. Тэгвэл бусад улс орнуудад Covid-19 халдвартай өвчтөнүүдийн хэдий хэмжээний зардлаар эмчилдэг талаар мэдээллийг хүргэе.


АНУ ХАЛДВАРТАЙ ХҮНИЙ НАСНААС ХАМААРЧ 51-78 МЯНГАН АМ.ДОЛЛАР

АНУ-д уушгины хатгалгаа, хүндрэлтэй өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх зардал дунджаар 11.5-24.2 мянган ам.долларын хооронд хэлбэлздэг. Covid-19 өвчний хувьд хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй, даатгалд даатгуулсан иргэдийн зардал 9.8 мянга, хүндэрсэн өвчтөнийг эмчлэхэд 20.3 мянган ам.доллар байгаа аж. Харин даатгалгүй иргэдийн хувьд эмчилгээний дундаж өртөг нь 21-40 насны өвчтөнүүдэд 51389 ам.доллар, 41-60 насны өвчтөнүүдэд 78569 ам.доллар болж байгаа аж. Мөн 20-иос доош насныхны эмчилгээний төлбөр дунджаар 68261 ам.доллар байгаа бол 60-аас дээш насны хүмүүсийн хувьд ойролцоогоор 77323 ам.доллар байгаа юм. Түүнчлэн дээрх дүн эмнэлэгт хэвтсэн хоногийн  тоогоор нэмэгддэг.

Дээрх тоо баримтаас харахад эмнэлэгт зургаан хоног эмчлүүлсэн, дундаж насны, даатгалгүй,  covid-19-тэй өвчтөн энэ хугацаанд нийт 73 мянган ам.долларыг төлөх нь. Дээрх төлбөрт шинжилгээ, эмчилгээ, зөвлөгөө зэрэг багтжээ. АНУ-д 27 сая хүн ямар нэгэн даатгалд хамрагдалгүй амьдарч байна. Иймд, тус улсын эмч мэргэжилтнүүд хүнд хэлбэрийн өвчлөлтэй биш бол гэртээ өөрийгөө тусгаарлаж, гэрээр өөрийгөө эмслэийг зөвлөж байна.

ХЯТАД УЛС COVID-19-ТЭЙ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ БҮРЭН ДААНА

Халдвар авсан иргэдийнхээ шинжилгээ болон эмчилгээний зардлыг Хятадын Засгийн газраас 100 хувь хариуцаж байгаа. Тус улсад нэг хүний шилжилгээний зардал ойролцоогоор 370-700 юань байдаг. Хэрэв иргэнээс вирусийн халдвар илрээгүй тохиолдолд шинжилгээний мөнгийг тухайн иргэн өөрөө төлөх ба илэрсэн тохиолдолд улсаас зардлыг даахаар шийдвэрлэжээ.

Эмчилгээний хувьд хөнгөн хүнд өвчлөл, муж хотоосоо шалтгаалаад өөр үнэтэй. Тухайлбал, хамгийн чинээлэг Гуандун мужийн Шэньжэн хотод эмчилгээний дундаж өртөг өндөр настнуудын хувьд 23 мянган юань, харин насанд хүрээгүй хүүхдүүдэд 5600 юань байгаа юм.

Харин шинэ төрлийн Covid-19-ийн голомт гэгдэж буй Ухань хотод 10 гаруй хоног хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нийт 739 600 юанийг эмчилгээнд зарцуулсан талаар нэгэн өвчтөн хуваалцжээ. Тухайн өвчтөний хувьд өдрийн эмийн эмчилгээнд 5000 юань зарцуулдаг байсан ба альбумин гэх эмийг өдөрт хоёр шил, хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны үед хэрэглэх гамма альбумин эмийг найман шил хэрэглэдэг байжээ. Эмчилгээний үед ашигласан хамгийн чухал багаж хэрэгслийн нэг бол “ECMO” амьсгал дэмжих аппарат байв. Энэ аппаратны нэг өдрийн төлбөр 50 мянган юань байсан гэнэ.

Халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зардлыг Засгийн газраас нь хариуцаж байгаа юм. Харин гадаадаас ирж буй хүмүүсийн хувьд тусгаарлалт болон эмчилгээний зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах өөрчлөлтийг сүүлд оруулжээ. Эрүүл мэндийн даатгалтай бол даатгалын нөхцөлөөс шалтгаалан эмчилгээний төлбөрөөс 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна.

ИСПАНИ ХҮНД ӨВЧТӨНД 43.4 МЯНГАН ЕВРОГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Испанид PCR шинжилгээний өртөг 93 евро (109.4 ам.доллар) байдаг. Covid-19-тэй өвчтөнийг гурав хоног хүртэл эмнэлэгт хэвтүүлэх зардал 2.3 мянган евро (2.7 мянган ам.доллар), гурав хоногоос дээш хугацаанд таван мянган евро (5.9 мянган ам.доллар) байна. Харин эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй буюу амьсгал дэмжих аппаратад орж буй өвчтөний хувьд 43.4 мянган еврог (51.1 мянган ам.доллар) эмчилгээнд зарцуулж байна.

ОХУ-Д ДУНДАЖ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 28000-255000 РУБЛЬ

ОХУ-д Covid-19 халдвартай өвчтөний эмчилгээний зардал дунджаар 28-255 мянган рубль байдаг. Улсын эмнэлгүүдийн эмчилгээний зардлын талаар нарийн мэдээлэл хараахан байхгүй байгаа юм. Одоогийн байдлаар Москвад “Отрадное”, “К + 31”,  “Медси” зэрэг хувийн эмнэлгүүд Covid-19-тай өвчтөнүүдийг хүлээн авч байна. “Медси” эмнэлгийн хувьд дунд болон хөнгөн шинж тэмдэгтэй нэг өвчтөнийг эмчлэхэд өдөрт дунджаар 28000 рубль зарцуулдаг байна. Харин уушиг орлуулах аппарат зэрэг эрчимт эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд эмчилгээний нийт өртөг нь хоёр сая орчим рубль хүрнэ. “К + 31” клиникт covid-19 халдвартай өвчтөнийг эмчлэх зардал 1.2 сая хүртэл байгаа юм. Гэхдээ энэ эмнэлэгт хэвтэхэд 500 мянган рублийн барьцаа шаардагдана.

Covid-19-тэй өвчтөнийг хүлээн авч буй өөр нэг эмнэлэг бол “Лапино”. Энэ эмнэлэгт хэвтэхэд мөн 400 мянган рублийн урьдчилгаа төлбөрийг төлөх ёстой. Нэг ортой өрөөний нэг хоногийн төлбөр 75 мянган рубль, хоёр ортой өрөөнд хэвтвэл 40 мянган рубль төлнө. Шаардлагатай тохиолдолд амьсгалын аппарат ороход цаг тутамд 4800 рублийн зардал гардаг байна.

ОХУ-д covid-19-ийн эмчилгээнд авифавир, арепливир, коронавир гэсэн гурван төрлийн эмийг ашиглаж байгаа. Есдүгээр сарын сүүлээр эмийн сангууд сүүлийн хоёр эмийг зарж эхэлсэн бөгөөд арепливир эмийг таван өдөр уухад жижиглэнгийн үнэ 12320 рубль (160 доллар), коронавир 11550 рубль (150 доллар) болдог. Аравдугаар сард авифавир эм худалдаанд гарсан. Энэ эмийн тав хоног уух тун найман мянган рубль (105 доллар) болдог. Гэхдээ эмчилгээний хугацаа 10 хоног буюу вирус бие махбодоос алга болох хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, бүрэн эмчилгээ хийлгэхийн тулд хоёр багц эм худалдаж авах хэрэгтэй гэсэн үг юм. ОХУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12 мянга орчим рубль байдаг.

ГЕРМАНД ӨВЧНИЙ ХҮНД ХӨНГӨНӨӨС ХАМААРЧ 10,700-85,000 ЕВРО

Германд PCR шинжилгээний төлбөр 123-240 евро байна. Covid-19-тэй өвчтөн хэвтүүлэн эмчлэхэд дунджаар 10.7 мянган евро зарцуулдаг гэж Германы эрүүл мэндийн даатгалын “AOK” компани мэдээлжээ. Тус компани нь 26.5 сая үйлчлүүлэгчтэй бөгөөд даатгуулагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийж эмчилгээний дундаж зардлыг тооцсон байна. Харин амьсгалын аппарат шаардлагатай өвчтөнүүдэд дунджаар 38.5 мянган еврогийн эмчилгээ хийгдэж байгаа гэнэ. Берлиний их сургууль, Лейбницийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаачдын үзэж байгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт өвчтөнүүдийн 14 хувьд нь уушиг орлуулагч төхөөрөмж буюу амьсгал дэмжих аппаратад орох шаардлага бий болдог аж.

ӨМНӨД СОЛОНГОСТ ДУНДЖААР 70 САЯ ВОН БУЮУ 57 МЯНГАН АМ.ДОЛЛАР

Үндэсний эрүүл мэндийн даатгалын газар (NHIS) -аас гаргасан тайланд дурдсанаар хүнд хэлбэрийн covid-19 өвчтэй хүнийг эмчлэхэд шаардагдах эмнэлгийн төлбөрийн дундаж хэмжээ 70 сая вон (57562 ам.доллар), дунд болон хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнд 4.78 сая вон зарцуулж байна. Бага зэргийн шинж тэмдэгтэй хүмүүст нэмэлт эмчилгээ шаарддаггүй бол хүнд гэсэн оноштой өвчтөнүүдэд нэмэлт хүчилтөрөгчийн эмчилгээ, биеийн байдал нь маш муу байгаа хүмүүст амьсгал дэмжих “ECMO” аппаратны эмчилгээ шаардагддаг байна. Хүнд хэлбэрийн өвчлөлтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардал өдөрт дунджаар 650 мянган вон байсан бол хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд 260-180 мянган вон байгаа юм. Гэхдээ covid-19 халдвар авсан өвчтөнүүдийн зардлыг тус улсын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх тухай хуульд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардлын 80 орчим хувийг даадаг бол үлдсэн 20 хувийг орон нутгийн засаг захиргаа хариуцдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж