ТӨР нь зохион байгуулалтгүй, ИРГЭД нь ухамсаргүй!

Хуучирсан мэдээ: 2020.11.30-нд нийтлэгдсэн

ТӨР нь зохион байгуулалтгүй, ИРГЭД нь ухамсаргүй!

ТӨР нь зохион байгуулалтгүй, ИРГЭД нь ухамсаргүй!

"Хөл хорионы улмаас гэртээ харьж чадахгүй айлын хаяа бараадаж өдөр хоногийг өнгөрөөх ямар олиг байх вэ дээ. Гэртээ харих өдрөө хүлээсээр хоол, хүнс маань ч дууссан. Улсын онцгой комиссоос орон нутгийн иргэдийг хотоос гаргах шийдвэр гаргасанд баярлаж байгаа ч цахимаар шинжилгээний цаг авах,товлосон газартаа шинжилгээ өгөх нь маш асуудалтай байна” гэж иргэн Б.Оюун хэлэв.

Тэр бол хөл хорионд гацсан олон хүмүүсийн нэг. Түүний хувьд Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу  www.119.mn сайтад хэдхэн хоногийн өмнө СХД-т бүртгэлтэй хаягаараа шинжилгээ өгөх цаг авсан ч Баянгол дүүрэгт хуваарилжээ. Мөн шинжилгээ өгөх өдрийг нь тодорхой шалтгаангүй нэг өдрөөр хойшлуулсан байна.

Б.Оюун Хөвсгөл аймгийн Ханх сумынх, МУБИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан.  Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, найзуудтайгаа байр түрээсэлдэг байжээ. Гэвч хөл хорионы улмаас боловсролын салбар болон үйлчилгээний байгууллагуудыг хаасан тул түрээсийн байрнаасаа гарч, нутаг буцталаа танилындаа толгой хоргодож байгаа аж. Тиймээс хурдхан шинжилгээгээ өгөөд гэртээ харих өдрөө хоног тоолон хүлээж байгаа гэв.

Цар тахлыг дотоодод алдсантай холбоотойгоор оюутнуудаас шинжилгээ авсан. МУБИС-ийн оюутнуудаас түргэвчилсэн оношлуураар нэг удаа шинжилгээ авчээ. Б.Оюуны шинжилгээний хариу сөрөг гарсан, одоогоор сургуулиас нь ямар нэгэн холбоо бариагүй аж.

Улсын онцгой комиссоос энэ сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш 19 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд албан болон амин хувийн ажлаар ирсэн 100 гаруй мянган иргэн нийслэлд хөл хорионы улмаас гацсан гэх мэдээлэл бий.  Орон нутгийн иргэдийн тухайд  танилтай нь айлын хаяа бараадаж, танилгүй нь машиндаа зутруухан амьдарч байгаа нь нууц биш. Цаана нь орон нутагт гэртээ харгалзах хүнгүй бага насны хүүхдүүд, асаргаанд байдаг өндөр настнууд хүндхэн байдалтай байгааг иргэд хэлж байна.

                   ХӨЛ ХОРИОНД ХҮҮХЭД, ХӨГШИД "ЗУТАРЧ" БАЙНА ГЭВ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Жаргал “Орон нутгийн иргэдээ хотоос гаргахаар болсон нь сайн хэрэг. Улсын онцгой комиссын шийдвэрт баярлаж байгаа ч арванхоёрдугаар сарын 7 хүртэл хэцүүхэн байна. Асрах хүнгүй өндөр настай ээжийгээ орхиод хотод нэг өдрийн ажлаар ирсэн ч хөл хорионд орсон” гэв. Тэрбээр хоёр нас болон гурван сартай бага насны хоёр хүүхдээ дагуулан энэ сарын 10-нд нийслэлд хувийн ажлаар нэг өдөр иржээ. Маргааш нь буюу 11-нд буцах байсан ч хөл хорионд гацаж, айлд түр байрлахаас өөр аргагүй болсон байна.

Айлд олон хоног хүүхдүүд нь зутрахын зэрэгцээ  ард нь үлдсэн асрах хүнгүй буурайдаа хамгийн их санаа зовж байгаа гэнэ. Иймд арванхоёрдугаар сарын 7-оос хэдхэн хоногийн наана аль болох нутагтаа хурдан очмоор байгаагаа учирлав.

Хөл хорионд гацсан иргэдийнхээ асуудлыг  Улсын онцгой комиссоос шийдвэрлэхдээ  шилжилт хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10 хүртэл түр хугацаанд нээхээр болсон.

Гэхдээ халдварын голомт болсон Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-оос нээхээр болоод байгаа юм. Мөн өнгөрөгч амралтын өдөр Архангай аймаг голомттой бүс нутагт багтсан тул тус аймаг руу иргэдийг зорчуулахыг түр хугацаанд хойшлуулаад буй.

ЦАХИМ БҮРТГЭЛ АЛДАА ЗААЖ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, РЕГИСТЕРИЙН ДУГААРААР БҮРТГЭВ

Ямартай ч УОК-ын шийдвэрээр хөл хорионы улмаас нийслэлд түгжигдсэн орон нутгийн иргэд маргаашаас /2020.12.01-12.10/ эхлэн нутаг руугаа явцгаана. Үүнээс өмнө иргэд PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Хотоос гарах иргэд  www.119.mn сайтад оршин суугаа хаягаа бүртгүүлснээр шинжилгээ өгөх газрын байршил болон цагийг товлох тул иргэд дугаарлаж, бөөгнөрөл үүсэхгүй гэж албаны хүмүүс мэдээлж байв.

Гэвч PCR шинжилгээ авахдаа иргэдийн бөөгнөрөл үүсгэсэн нь олон нийтийн шүүмжлэл, бухимдлыг дагуулсан юм. Онцгой дэглэмийн үед иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байх, шинжилгээ өгөхдөө товлосон цагт заасан байршилд очихыг зөвлөсөн ч харамсалтай нь төрийн зохион байгуулалт, иргэдийн ухамсар, үүрэг хариуцлага муутайгаас хүний бөөгнөрөл, халдвар тарах эрсдэл үүсгэсэн. 

Иргэдийн урт дараалал төрийн байгууллагуудын бэлэн байдлыг шалгаж бас иргэдийн ухамсрыг ч харууллаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн X хорооны нутаг 39 дүгээр сургуулийн гадаа иргэдийн урт дараалал үүссэн. Тус шинжилгээ авах байрны гадаа өчигдөр /2020.11.29/ өглөөний 10:00 цагийн орчимд 200 гаруй хүн оочерлож байсан гэх. Үүнд ямар ч зохион байгуулалт байгаагүй гэх гомдол, шүүмжлэл багагүй гарсан юм.

Энэ асуудлаар тус хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг “Хорооны хэмжээнд шинжилгээ авах бэлтгэл ажлыг бүрэн хангасан ч иргэд тэвчээргүй, яаруу зан урт дараалал үүсгэсэн. Уг нь манай хороонд бүртгэлтэй орон нутаг руу явах хүсэлтэй 26 иргэн байсан. Тэдэнд урьдчилж шинжилгээ авах байр, цагийн хуваарийг мэдэгдсэн. Гэвч ийм их хүн дугаарлаж, ачаалал үүснэ гэж тооцоогүй. Уг нь шинжилгээ авах багийн ажилчдаас гадна байрны гадаах хяналтад гурван цагдаа ажиллуулахаар төлөвлөсөн ч иргэдийн оочер, бөөгнөрөл үүссэн тул нэмэлт хүчээр цагдаа нарыг ажиллуулж, хяналт тавьсан” гэлээ.

Түүний хэлснээр эрсдэлээ тооцож шинжилгээ авах байранд ачаалал үүсгэлгүй иргэдийг дөрөв, дөрвөөр нь ээлжлэн оруулжээ. Гэсэн ч олон хүн нэг дор цугларсан учраас зай барихад анхаарсныг тодотгов. Зөвхөн нэг хорооны жишээг татахад ийм байна.

Дээрх асуудлыг  Нийслэлийн онцгой комиссоос “Нийслэлийн хэмжээнд 20 шинжилгээний цэгийг шинээр байгуулж, хөдөө орон нутаг руу зорчих иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ. Шинжилгээний цагаа аваагүй, маргаашийн шинжилгээний цаг авсан хүмүүс ихээр ирж, бөөгнөрөл үүсгэж байна” гэх тайлбар өгсөн. Мөн Улсын онцгой комиссоос  шинжилгээ эхлэхтэй зэрэгцэн асуудал үүссэнийг үгүйсгэсэнгүй. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатарын хэлснээр шинжилгээ эхэлсэн даруйд цаг захиалсан иргэдийн өмнүүр бусад нь дайрах, товлосон цагтаа шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүс 2-3 цаг дугаарласан, цахимаар бүртгүүлээгүй зэрэг асуудлыг иргэд үүсгэсэн гэв. Нөгөө талдаа төрийн байгууллагын ажлын чадамж, ажил зохион байгуулах чадвартай холбоотой хүндрэл ч бас үүсчээ. Иймд хариуцлагын асуудал ч бас яригдсан байна.

Албан мэдээллээр иргэдийг цахимаар бүртгэх ёстой www.119.mn сайт хэт ачааллаж, сүлжээнд нь доголдол үүсчээ. Иймд, иргэний үнэмлэх болон РД-ийн дугаараар шинжилгээ өгөх түр зохицуулалт хийж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж