Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд маргааш /2020.12.01/ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал болно. Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-ны өдөр товлогдсон ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг түр хойшлуулаад байсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээр зайлшгүй орох шаардлагатай буюу цагдан хорих, зөрчлийн яаралтай хурлууд л орж байсан бол Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлуудыг цахимаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ юм.
Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.
С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон.
Харин Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ.
С.БАЯРЦОГТ, Д.ГАНБОЛД, Б.БЯМБАСАЙХАН НАР АРВАНХОЁРДУГААР САРЫН 3-НД ДАВЖ ЗААЛДАНА
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 3-ны өдөр товлогджээ. Тэдэнд холбогдох шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 6-ны өдрөөс хойш зургаан өдөр үргэлжилж, долдугаар сарын 17-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байдаг. Шүүх хуралдаанаар, С.Баярцогтод арван жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байна. Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулжээ.Мөн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзжээ. Харин шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм.
Д.Ганболдыг 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ