Дархан-Уул аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит (2020.11.29) мэдээллээ хийлээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “Нэг иргэн – нэг өрх” шинжилгээний хариу бүрэн гарч дууслаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн 20 мянга орчим шинжилгээнээс дөрвөн эерэг тохиолдол гарч, ойрын хавьтлын 16 тохиолдол бүртгэгдэж, тэднийг ХӨСҮТ- рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээний дүн гарах ажил одоо хийгдэж байна. Яг одоогийн байдлаар Дархан-Уул аймагт нийт 44 тохиолдол, 400 орчим ойрын хавьтал бүртгэгдээд шинжилгээний ажил хийгдэж байна. Эхний хугацаа нь болсон хүмүүс тусгаарлах байрнаас гэрийн хөл хорио руу шилжүүлж байна.
Гурав, дөрвөн удаагийн шинжилгээ авсны үндсэн дээр өчигдөр 13 иргэнийг, өнөөдөр 30 гаруй иргэнийг тусгаарлах байрнаас гаргалаа. Бид энэ өвчлөл хаана, хэрхэн тархсан тал дээр судалгаа хийж, олж тогтоолоо. Нэгдүгээр хавьтлууд бол гэр бүлийн хүрээнд тархсан байна. Иргэд маань тайвшрах болоогүй, 44 тохиолдлын гинжин цуваа нууцаар үргэлжилж байна.
Ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөн эхлэхээр нуугдмал маягаар өвчлөл нэмэгдэх аюултай. Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлж аймгаасаа бид баруун найман аймаг руу явах, өөрсдийн унаатай гэсэн хүмүүсийг гаргах болно. Харин цагийн өмнө Сэлэнгэ аймгийн зүгээс иргэдээ хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Бид Сэлэнгэ аймгийн удирдлагатай энэ асуудлаар дахин ярилцах болно. Өвчлөл ихтэй Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Алтанбулаг сумдаас бусад сумаас ирэх Дархан-Уул аймгийн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлнэ. Ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос Дархан-Уул аймагт ирэх хүмүүсийг шинжилгээнд дахин хамруулна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд:
Идэш хоолоо авчрах хүмүүс ирэх арваннэгдүгээр сарын 1-6-ны хооронд амжуулах боломжтой. Зөвхөн Дархан-Уул аймгийнхаа нутаг дэвсгэрээс идэш, хоолоо бэлдэх ёстой. Идэш хоолондоо явахдаа машинаа ариутгуулж, гарал үүслийн бичиг авах ёстой. Долоо хоног идэш хоолоо бэлтгэх хугацаа байна. Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос идэш, хоол бэлдүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Бусад Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан гэх зэрэг аймгууд руу идэш хийх зорилгоор иргэдийг явуулах боломжгүйг мөн анхааруулъя
Холбоотой мэдээ