ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Saturday, November 28, 2020
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.11.29) мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
2020 оны арваннэгдүгээр сарын 29-ний 11.00 цагийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 9513 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт 24 хүнээс Covid-19-ийн халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын нийт тоо 784 болов. Үүнээс эдгэрсэн 354, нийт 421 хүн эмчлэгдэж байгаагийн дотор биеийн байдал нь хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 339 хүн, нутаг буцсан 9 хүн байна.
Архангай аймагт 200 гаруй хүнийг тусгаарлаад байна. Батцэнгэл суманд онцгой хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Мөн Их Тамир суманд энэ арга хэмжээг авч, ойрын хавьтлуудыг тусгаарлаад байна. Зоонозын авто лаборатори Архангай аймаг руу хөдөлсөн. Архангай аймагт илэрсэн тохиолдол нь хүнс тээвэрлэж явж байсан учир шалган нэвтрүүлэхээр чөлөөтэй явуулсан байсан.
Долоон хүн эмчлэгдэж, дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүс гадаад орноос ирсэн хүмүүс. Зөөвөрлөгдсөн нь 383 тохиолдол байна.
Дотооддоо халдвар авсан тохиолдол нийт 341 боллоо. Тодруулбал:
- Улаанбаатар хотод шинээр тав, нийт тохиолдол 75
- Сэлэнгэд шинээр 7 тохиолдол, нийт тохиолдол 174
- Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 21
- Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 22
- Дархан-Уулд 9, нийт тохиолдол 44
- Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
- Архангай аймагт шинээр 2, нийт тохиолдол 2
- Зөөвөрлөгдсөн тохиолдол шинээр 1 (ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн тийр автомашины жолоочийн давтан шинжилгээнээс илэрсэн) тус тус бүртгэгдээд байна.
Халдварын голомт Улаанбаатар хотод дүүрэг, хороогоор
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Архангай аймагт халдварын голомт нэмэгдлээ. Манайд тархалтын эрч хурдацтай байна. Одоогийн байдлаар найман голомтод 4100 хүн халдварын хавьтал болоод байна. Манай улсад нэг хүн багадаа 60, дээд тал нь 149 хүнтэй хавьтал болжээ. Нийслэлийн хэмжээнд 4002 хүн түргэн оношлуураар шинжилгээнд хамрагдлаа.
Гашуунсухайт боомтод 1477 хүнд шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.
ЭМЯ-ны 119 тусгай утсанд 422 хүн хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан байна. Халдвар гарсан газруудад өдөр бүр ариутгал хийж байгаа. Томуугийн вакциныг аравдугаар сарыг дуустал улсын хэмжээнд хийсэн. 515 мянган тунг эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийж, дархлаажуулсан. Дархлаа сайтай хүн халдвар авсан ч хүндрэхгүй, богино хугацаанд эмчлэгдэх боломжтой. Архи согтууруулах ундаа хүний дархлааг сулруулдаг. Архи пиво, тамхи хэрэглэдэг хүмүүс коронавирусийн халдвар авбал хүндрэх аюултай.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:
Сүүлийн 48 цагийн байдлаар 143 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Улсын хэмжээнд 9560 иргэн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд иргэдийг дэглэм барихыг сануулж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 26 тусгаарлах байруудад 1403 иргэн ажиглалтад байна. Хөдөө орон нутагт 953 иргэн тусгаарлах байранд байна. Нийт 2356 иргэн улсын хэмжээнд тусгаарлалт, ажиглалтад байна.
Ойрын хавьтлын 217 иргэнийг өнгөрсөн хугацаанд тусгаарлалаа. Өчигдрөөс эхлэн шинжилгээ авах цэгүүдийн бэлтгэл бэлэн байдал дээр ажиллаж байна.
Замын-Үүд сумаас 60 гаруй төмөр замчид гэртээ ирж байна. Эдгээр төмөр замчдаас халдвар илрээгүй. Нийслэлийн хэмжээнд 4241 алба хаагч, 223 техник хэрэгсэлтэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. 7207 алба хаагч ээлжийн үүрэг гүйцэтгэж байна. Тусгаарлах байрыг ажлын хэсэг шалгаж, сонгодог. Шаардлагад нийцсэн, төв шугамд холбогдсон газруудыг сонгохыг хичээдэг. Зарим газарт усанд орох боломжгүй байсан учир бид сонгодоггүй байсан.
Холбоотой мэдээ