Я.Содбаатар: Боловсруулах салбарыг үе шаттай нээж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.29-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Боловсруулах салбарыг үе шаттай нээж байна

 

🔴 ШУУД | УОК, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна

🔴 ШУУД | УОК, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Sunday, November 29, 2020

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

Шадар сайд Я.Содбаатар:

Covid-19 цар тахал дотоодод илэрсэн тул арваннэгдүгээр сарын 11-ээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа.

Хэд, хэдэн чиглэлд амжилттай ажиллалаа. Өвчнийхөө голомтын хүрээг бүрэн зураглах, тандалт судалгааны ажлын дагуу халдвартай иргэдийг олж илрүүлэх, эмчлэх, эдийн засагт үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд УОК, аймаг, нийслэлийн Онцгой комисс шуурхай ажиллалаа.

Энэ хугацаанд 156 мянган хүнд түргэвчилсэн,  166300 хүнд  PCR шинжилгээг тус бүр хийлээ. Нийтдээ 330 гаруй мянган хүнээ шинжилгээнд хамруулсан. АШУҮИС-ийн оюутнууд судалгаа хийлээ.

Хатуу хөл хориог 90 орчим хувьтай мөрдөж чадсаны хүчинд цар тахлын өвчлөлийг 10 дахин бууруулсан гэдэг мэдээллийг эрдэмтэд гаргасан. Дотоодод халдвар авсан  341 тохиолдол дотоодод бүртгэгдсэн. Хэрвээ хатуу хөл хорио тогтоогоогүй бол 3400 гаруй хүн өвчилсөн байх магадлалтай.

Бид хэд, хэдэн чиглэлд буюу Сэлэнгийн Алтанбулаг, Сүхбаатар хотын иргэдийн 98 хувийг, Дархан-Уул аймагт 28 мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан.

Орхон аймагт халдвар гарсан тул  “Эрдэнэт” үйлдвэрийн 6600 ажилчдыг шинжилгээнд  хамрууллаа.

Төмөр зам дагасан голомт үүссэн тул Улаанбаатар төмөр замын нийт бие бүрэлдэхүүн болох 15800 хүнийг шинжилгээнд хамрууллаа.

Дам хавьтлын 30 мянга, анхны 8000 хавьтлыг шинжилгээнд хамруулсан. Орцоор нь байраар нь шинжилгээнд хамрууллаа.

Сэлэнгэ аймагт 174, Дарханд 44, Дорноговьд 23,  Говьсүмбэрт 3, Орхонд 22, Архангайд 2, Улаанбаатар хотод халдварын 75 тохиолдол бүртгэгдсэн.

Улсын онцгой комисс өнөөдөр үдээс өмнө, үдээс хойш Засгийн газар хуралдаад улсын хэмжээнд тогтоосон байсан бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг хэсэгчлэн үлдээж, хяналтад авсан газраа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог арванхоёрдугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио хэрэгжихээр шийдвэрлэлээ. Мөн энэхүү шийдвэртэй холбогдуулж арванхоёрдугаар сарын 1-нээс боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг үе шаттай нээх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргахын өмнө Худалдаа аж үйлдвэрийн танхимтай санал солилцсон.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт хатуу хөл хорио арав хоног үргэлжлэх ч дараах 18 салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэлээ.

Хязгаарлалтад ороогүй ажиллах 18 салбар

  1. Эрчим хүч хангах
  2. Хүнсний үйлдвэр худалдаа түгээлт тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн
  4. Түлшний хангамж, түгээлт тээвэрлэлт
  5. Хот суурин усан хангамж ариутгах татуурга
  6. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ханган нийлүүлэлт худалдаа
  7. Банк санхүү, Хөрөнгийн бирж
  8. Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, шуудан илгээмж
  9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага
  10. Малын өвс тэжээлийн үйлдвэр худалдаа тээвэрлэлт
  11. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  12. Арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэр
  13. Хэвлэх  болон сав баглаа боодлын үйлдвэр
  14. Модон эдлэл, материалын үйлдвэрлэл
  15. Бараа материалын цахим худалдаа
  16. Үйлчилгээ хүргэлтийн үйл ажиллагаа
  17. Хууль тогтоох, нутгийн өөрөө удирдах, төрийн захиргааны байгууллага, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат,
  18. Оршуулгын үйл ажиллагааг хязгаарлалтгүй явуулна.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад холбогдох сайд нар хариулт өгөв.

-Халдварын голомтыг хумих ажил ямар шатандаа явна вэ. Амьсгалын аппарат 150 орчим байгаа, өвчтөнүүдийн бие хүндэрч байна, яаж зохицуулах вэ. Дундаж орлоготой иргэд 10 хоногийг тэснэ, идшийг шийдэх боломжтой юу. Өдөр тутмын орлогоороо амьдралаа авч явдаг байсан иргэд хүнд байдалд орлоо?

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

Идэш бэлтгэх асуудлыг иргэд тавьж байгаа. Хэсэгчилсэн байдлаар зарим үйлдвэрийг нээж байна. Зарим баруун аймаг яамтай хамтраад Улаанбаатар хот руу идэш зөөвөрлөх, эргүүлээд өвс тэжээл ачих  ажлыг зохион байгуулж байна.

Тав хоногийн өмнөөс манай яам Төв шуудангаар дамжуулаад хүргэлтийн үйлчилгээг эхлүүлсэн. Одоогоор 550 гаруй захиалга авсан. Иргэд энэ хүргэлтийг ашиглаач ээ гэж хүсэх байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлыг тухай бүрт нь тусгаарлаж байгаа. Зарим иргэд санаатай болон санамсаргүй байдлаар ойрын хавьтлаа хэлэхгүйгээс цаг алдаж,  ойрын хавьтал илрэх тохиолдол байна. Архангайн халдвар ойрын хавьтлаа хэлээгүйгээс үүдэлтэйгээр аймгийн хэмжээнд халдвар тархах эрсдэл үүссэн. Олон тохиолдол биш учраас халдварын тархалтыг хумих боломж байна гэж харж байгаа.

Амьсгалын аппаратын хувьд ХӨСҮТ-д 23 аппарат, Цэргийн төв эмнэлэгт 12 аппарат суурилуулсан. Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 амьсгалын аппарат, аймгийн нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатны эмнэлэгт нэмж 50 орчим аппарат, зөөврийн 20 аппарат ашиглахад бэлэн байгаа. Одоо бэлэн 180 амьсгалын аппарат бий.

Наймдугаар сард амьсгалын аппарат авахаар захиалга өгсөн байсан. Тэр үед халдвар өндөр байсан тул захиалга хэсэг хугацаанд саатсан. Гэхдээ удахгүй нэмж захиалсан 200 гаруй аппарат орж ирнэ.

Амьсгалын аппаратын дутагдалд орохгүй, түүн дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудал тулгарч байна.

Шадар сайд Я.Содбаатар:

Халдвартай нь тогтоогдсон иргэд ойрын хавьтал, дам хавьтлын талаар мэдээллээ өгөх хэрэгтэй байна. Маршрутаа буруу хэлэх тохиолдол ч гарч байгаа. Гэхдээ манай хуулийнхан ойрын хавьтлын 84 орчим хувийг богино хугацаанд илрүүлсэн байдаг. Хувийн асуудалтай холбоотойгоор ойрын хавьтлаа нуудаг. Архангайн тохиолдлыг хуулийн байгууллагынхан олсон. Манай иргэд энэ асуудалд хариуцлагатай хандаач ээ. олон иргэнийг эрсдэлээс хамгаалах чухал алхам шүү гэдгийг сануулах байна.

Түрээс, өдөр тутмын орлогоороо амьдардаг байсан иргэдэд маш их санаа зовюж байна. Нэг талаасаа амь на чухал учраас халдварыг хумьчих, эрсдэл багатай даван туулах, аль болох алтан амь эрсүүдлэхгүй юмсан гэж зүтгэж байна.

Эдийн засгийн хүндрэл иргэдийн амьжиргаанд цохилт өгч, амаргүй байна. УИХ-ын төвшинд түр хороо байгуулан гарц гаргалгаа гаргахаар ажиллаж байна. Түрээс иргэн хооронд, аж ахуй нэгж хоорондын асуудал учраас төр шууд оролцоход хүнд байгаа.

Халдвар гараагүй аймгуудад үйлдвэр, худалдааны салбар нь чөлөөтэй ажиллана.

-Улаанбаатарт хоригдоод байсан орон нутгийн иргэдийг явуулах боллоо. Эрсдэл дагуулахгүй юу?

-Зориглоод шийдвэр гаргасан. одоо гарах гэж байгаа хүмүүс асар их эрсдэл дагуулж байгаа. Түргэвчилсэн шинжилгээ алдаатай гарах тохиолдол бий,  PCR шинжилгээг гурав дахиа хийж байж, халдвар илэрч байгаа тохиолдол бий.

Мал хуйгаа орхиод ирсэн учраас хэчнээн эрсдэл байгаа ч орон нутаг руу нь явуулж байна. Төр бүртгэлээ хийсэн, орон нутгийн хуулийн байгууллагад нь хүлээлгэж өгнө.

Хамгийн гол нь иргэд халдвар хамгааллын дэглэм,  14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг горимыг сайтар сахихгүй бол нутаг орондоо өвчин тархаах эрсдэл бий.

-Хөл хориог 10 хоног сунгалаа. Энэ хоногт яг юу хийх вэ. Улс орнуудын сайн туршлага судлаад байна л гэсэн. Гэтэл шинжилгээ өгөх гэж байгаа иргэд шинжилгээ өгөх цэгийн гадаа хонох нь. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ээлж солилтыг яаж шийдвэрлэх вэ?

Шадар сайд Я.Содбаатар:

Улаанбаатар хотод гацсан иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлын хэсгийг арваннэгдүгээр сарын 23-нд байгуулсан. Орон нутаг руу буцах иргэдийн бүртгэл нээхэд  60 мянга гаруй хүн бүртгүүлсэн байсан, өнөөдөр өглөө 80 мянга гарсан. Одоо 91 мянгад хүрсэн.

Өнөөдөр өглөө шинжилгээ эхэлсэн даруйд хүндрэл гарсан. Төрийн байгууллагын ажлын чадамж, ажил зохион байгуулах чадвар, нөгөө талдаа иргэдийн ухамсартай холбоотойгоор хүндрэл гарсан. Тиймээс үдээс хойшдоо нэлээд жигдэлсэн, тодорхой хүмүүст хариуцлага яригдсан.

Иргэд 2-3 хүндрэл үүсгэсэн. Нэг цэг дээр нэг цагт 700 хүн ирэх ёстой. Иргэд гурвуулаа ирэхэд нэг нь л бүртгэлтэй байх жишээтэй. Цаг өгч байгаа. Гэтэл бүгд өнөөдөр өглөө дайрсан, цагтай хүмүүсийнхээ өмнүүр дайрсан. Эргээд энэ нь ажил хийх гэж байгаа хүмүүст хүндрэл үүсгэсэн. Нийслэлийн 41 дүгээр сургууль дээр байгуулсан байсан цэг дээр компьютер гацсан.

Цагаа авсан, хууль номынхоо дагуу ирсэн иргэд 2-3 цаг дугаарлах асуудал гарсан. Ийм учраас нийслэл дээр энэ асуудлаар дахиад хуралдаж байна.

Хүмүүсээ бид явуулна. Явуулахдаа шинжилгээ хийж явуулахгүй бол ямар хүндрэл дагуулах вэ гэдэг нь Архангайн иргэн дээр гарлаа.

Нийтийн тээврээр явах уу, онгоцоор явах уу, хувийн машинаараа явах уу гээд бүртгэхдээ мэдээллийг нь авч байгаа. Нийт 91 мянган иргэн бүртгүүлснээс 29 мянга нь хувийн машинаараа, үлдсэн нь онгоц болоод нийтийн тээврээр явах санал өгсөн.

Дөрвөн цэг дээр гаргалт эхлүүлэх учраас үе шаттай ажил зохион байгуулна. Их л шалгасан, гэхдээ хэрэгжилт дээр алдаа гарч байгаа учраас холбогдох хүмүүст сануулга өгсөн.

Уул уурхайн салбарт 2700 хүн ээлж солих шаардлага гарсан. Ээлж 14 хоногоор солигддогийг 21 хоног болгоно. Ээлж солихтой холбоотойгоор тусгайлан цэг байгуулж, шинжилгээ хийх чиглэлээр ажиллаж байна. Компаниуд ч хамтарч байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Бид бүхэн халдварын тархалтыг богино хугацаанд хумьж тогтоохоор ажиллаж байна. Ойрын хавьтлуудыг илрүүлж, халдвар авсан эсэхийг тогтоох. Хоёрдогч хавьтлыг тогтоож, шинжилгээ авах.

Халдварын голомт илэрсэн бүсүүдэд тандалтыг өргөн хүрээнд хийж, шинжилгээ авна.

Томуугийн тандалт өнгөрсөн хугацаанд байнга хийж байсан түүн шиг Covid-19-ийн тандалтыг нэмэгдүүлж, ард иргэдийн дунд халдвар байна уу гэдгийг тандаж, тогтооно.

Олон улсын жишигт нийцсэн аргачлалаар ойрын болоод хоёрдогч хавтагчийг тогтоох ажлыг хийнэ.

Доктор, профессор н.Хүрэлбаатар: 

Хүрсэн үр дүнгээ хамгаалах, хадгалах зорилготой хөл хориог 10 хоног сунгасан. Олон улсын туршлагыг харахад хөл хориог мөн сунгаж байгаа.

Тархвар судлалын тандалт судалгаа хийж байна. Есөн аймаг энэ судалгаа хийгдэж байгаа. Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 13-наас хийгдсэн. Энэ судалгааг дуусгах ёстой. Эмнэлзүйн судалгаа хийж байна, энэ судалгааг мөн дуусгах шаардлага бий. Энэ мэтчлэн хийх тодорхой ажил байгаа учраас хатуу хөл хориог 10 хоног сунгасан.

НЭМЭЛТ: 

Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаас Covid-19 цар тахлын голомтын бүс болоод буй Улаанбаатар хот, Сэлэнгэ, мөн Архангай аймагт ирэх арванхоёрдугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл хөл хориог сунгахаар, харин халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон бусад халдвар тархаагүй аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоохоор болж, хатуу хөл хорины дэглэмийг бууруулахаар шийдвэрлэжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн аймагт халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлнэ. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээг хоригложээ.

Хатуу хөл хориог сунгасан болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан талаар Засгийн газраас мэдээлэл хийх ч одоогоор хуралдаан дуусаагүй байгаа тул цаг тодорхойгүй байгаа юм.

НЭМЭЛТ: 

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар 2020 оны арванхоёрдугаар сарын 1-н хүртэл тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг сулруулах уу, үргэлжлүүлэх үү гэдэг шийдвэр гаргах учиртай. Тус хуралдаан эхлэхийн өмнө Улсын онцгой комисс хуралдсан бөгөөд Covid-19 цар тахлын голомтын бүс болоод буй аймаг, нийслэлд хөл хориог хэвээр үргэлжлүүлэх, харин халдвар бүртгэгдээгүй аймагт хөл хориог сулруулах асуудлыг ярилцсан гэх мэдээлэл бий. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Хэрвээ голомтын бүсүүдэд хөл хориог хэвээр үргэлжлүүлнэ гэвэл хамгийн багадаа долоо хоног үргэлжилж магадгүй байгаа юм.

НЭМЭЛТ: 

Улсын онцгой комисс хуралдаж байна

Улсын онцгой комисс/УОК/-ын хуралдаан энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна. Уг хуралдаанаар дотоодод тархаад буй Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсч буй бөгөөд арванхоёрдугаар сарын 1-н хүртэл тогтоосон хатуу хөл хорионы дэглэмтэй холбоотой шийдвэр гаргана. Улмаар Засгийн газар үргэлжлүүлэн хуралдаж, шийдвэрийг эцэслэнэ. Засгийн газрын хуралдаан 14.00 цагт товлогдоод байсан ч хойшилж, 17.00 цаг болжээ.

УОК-ын гишүүд "Халдварын голомтын бүс болоод буй бүсүүдэд хөл хориог үргэлжлүүлэх, харин халдвар бүртгэгдээгүй аймгуудад хөл хориог сулруулах арга хэмжээ авах чиглэл барьж буй мэдээлэл байна. Халдвар голомтлон гарсан бүсэд Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь аймгаас гадна Архангай Говьсүмбэр аймагт тус бүр халдвар бүртгэгдээд байгаа юм.

Эрүүл мэндийн яам өнөөдөр цар тахалтай холбоотой мэдээлэл хийх үеэрээ халдвар дотоодод хурдацтай тархаж байна гэдгийг онцгойлон анхааруулсан. Мөн дотоодод халдвар авсан иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 341 болсон бол зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлуудыг нэмбэл 784 болж байгаа. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэгт 421 хүн эмчлэгдэж байгаа юм.

УОК, Засгийн газар хуралдана

Улсын онцгой комисс /УОК/ өнөөдөр 11.00 цагаас хуралдах бол Засгийн газар ээлжит бус хуралдааныг 14.00 цагт товлоод байна.

УОК өчигдөр хуралдаж,  Covid-19 цар тахалтай холбоотой асуудлаар мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл, саналыг сонссон. Гэхдээ тодорхой шийдвэр гаргаагүй, нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн байдаг. Иймээс өнөөдөр үргэлжлүүлэн дахин хуралдах юм. Харин тус УОК-ын хурал дууссаны дараа Засгийн газар үргэлжлүүлэн хуралдаж, хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлаар эцсийн шийдвэр гаргах юм.

Г.ХОРОЛ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж