Засгийн газар хатуу хөл хориог сунгах уу, сулруулах уу?

Хуучирсан мэдээ: 2020.11.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар хатуу хөл хориог сунгах уу, сулруулах уу?

Засгийн газар хатуу хөл хориог сунгах уу, сулруулах уу?

Засгийн газар өнөөдөр /2020.11.29/ хуралдаж, хатуу хөл хорионы дэглэмийг сунгах уу, сулруулах уу гэдэг шийдвэрийн аль нэгийг гаргана.

Covid-19 цар тахал дотоодод алдагдсаны дараа буюу арваннэгдүгээр сарын 11-нд Засгийн газар улс орон даяар хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргаж, улмаар дунд нь сунган арванхоёрдугаар сарын 1-н хүртэл мөрдөхөөр болсон.

Улсын онцгой комисс өчигдөр хуралдсан бөгөөд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн санал зэргийг хэлэлцсэн мэдээлэл бий. Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг дахин 14 хоног сунгах санал гаргасан бол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аж ахуй нэгжүүдээ дэмжиж ажиллах санал гаргасан.

Аль, аль нь үндэслэлтэй ч гамшгийн үеийн менежментээр бол амь чухал гэсэн зарчим үйлчилдэг.

Одоогоор дотоодод алдагдсан Covid-19 халдвар хяналтад бүрэн орсон гэж хэлэхэд эрт буй. Хорь хүрэхгүй хоногийн хугацаанд дотоодоос халдвар авсан иргэдийн тоо 318 болсон. Илрүүлэг шинжилгээг цаг алдалгүй сайн хийж буйн хүчинд халдвар тээгчдийн тоо олноор бүртгэгдэж байна гэж тайлбарлаж буй ч Дархан-Уул аймагт хийгдсэн “Нэг өрх нэг иргэн” шинжилгээгээр 10 гаруй хүнээс Covid-19 илэрсэн нь хоёрдугаар хавьтагчаар бүртгэгдээгүй байсан хүмүүсээс халдвар илэрсэн гэсэн үг юм.

Архангай аймагт шинээр халдвар бүртгэгдсэн нь мөн л хүрээг нэмэгдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, төмөр зам дагасан таван аймаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй бусад аймагт ч Covid-19 тархах өндөр эрсдэлтэйг харуулсан анхааруулга болж буй.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Улаанбаатар хотын хэмжээнд 2000 ор дэлгэх боломжтой” гэдэг мэдээллийг өгсөн. Гэвч халдвар цааш дэлгэрвэл 2000 халдвар тээгчид хүрч ажиллах хэмжээний эмч, мэргэжилтэн байна уу гэдэг асуудлыг хөндөхөөс аргагүй болж буй.

Учир нь халдвартай иргэн хамгийн багадаа 40 хоног цаашлаад 80 гаруй хоногоор эмчлэгдэж байж бүрэн эдгэрч буй. Ор хүрэлцэхгүй байна гэдэг шалтгаанаар дутуу дулимаг эмчлэн эмнэлгээс гаргавал халдвар дахих эрсдэл бий.

Дээр нь Covid-19 халдварын нууц үе 14 хоног байна. Нэгдүгээр хавьтагч нартай холбоотой хоёрдогч хавьтагч нарыг тусгаарлалтад авсан ч хоёрдугаар хавьтагчдаас халдвар илэрсэн нөхцөлд дахин шинэ хавьтагч нарыг илрүүлэх ажил хийгдэх болж буй.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас гаргасан хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах саналыг илүү ач холбогдол өгөн бодолцох ёстой болж байна.

Нөгөө талаас хатуу хөл хорионы уршгаар хувийн хэвшлүүд ажиллах боломжгүй болж, эдийн засаг хүндэрч байгааг анхаарлаас гадуур тавьж болохгүй.

Хэрвээ хатуу хөл хориог энэ хэвээр үргэлжлүүлэхээс аргагүй байгаа бол Засгийн газар хувийн хэвшлээ дэмжсэн эдийн засгийн арга хэмжээ хэрэгжүүлэх, зарим үйлчилгээг хүргэлт рүү шилжүүлэх шаардлага ч тулгарч буй юм.

Covid-19 цар тахлыг үндэсний хэмжээний асуудал болгохгүйн тулд Засгийн газар шинжлэх ухаанд суурилсан, дотоодын нөөцөө зөв тооцсон, эрсдлийг харсан зөв шийдвэр гаргах шаардлага тулгараад байна.

Нөгөө талдаа энэ хүнд цаг үед иргэд хамгийн ухамсартай, хариуцлагатай байх хэрэгтэй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж