Хятад эрдэмтэд цар тахлыг Ухань хотод үүсээгүй, анх өнгөрсөн зун Энэтхэгт гарч, олон улсад тархсан хэмээн бардам тайлбарлаж байна. Цар тахлын үүслийг улам нарийн судлах тухай асуудал хурцаар яригдаж байгаа энэ үед Хятад, Энэтхэг хоёр улс хоорондоо маргаантай байгаа нь эрдэмтдийг ийнхүү ярихад нөлөөлсөн бололтой.
БНХАУ-ын шинжлэх ухааны академийн судлаачид Covid-19 үнэндээ Энэтхэгт анх үүссэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэд 2019 оны тавдугаар сараас зургадугаар сарын үед Энэтхэгт маш их халсан нь усны хомсдол үүсгэсэн бөгөөд улмаар хүн болон зэрлэг амьтан, тэр дундаа сармагчин хоорондын харилцаа илүү ихэссэнээс болж өвчин үүссэн хэмээн тайлбарласан байна.
Тэдний нийтлүүлсэн шинжлэх ухааны өгүүлэл дээр SARS-Cov2 вирус сарьсан багваахайнаас биш, Энэтхэгт хүн, сармагчин хоёр нэг уснаас ундаалж байснаас болж анх хүнд халдварласан хэмээн тодорхой бичжээ. Түүнээс гадна Энэтхэгийн эрүүл ахуйн байдал, эрүүл мэндийн буурай хөгжил, уур амьсгал, хүн амын нягтаршил зэрэг нь өвчин маш хурдан тархах шалтгаан болсон хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн хятад эрдэмтэд хүнээс хүнд халдсан анхны тохиолдол 2019 оны 7-8 дугаар сард Энэтхэгт болсон хэмээн үзэж байгаа аж.
Эргэн санавал, Бээжин анхны Covid-19-ийн дэгдэлтийг Ухань хотод сургуулилалт хийсэн америк цэргүүдтэй холбон тайлбарлаж байсан билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Хятад улс Италийн Милан хотод аль дээрээс Covid-19 байсаар ирсэн хэмээн тайлбарласан юм.
Эх сурвалж: RT