"Одоогийн арга хэмжээгээ сулруулахгүй байж, халдварыг хумих нь чухал байна"

Хуучирсан мэдээ: 2020.11.28-нд нийтлэгдсэн

"Одоогийн арга хэмжээгээ сулруулахгүй байж, халдварыг хумих нь чухал байна"

"Одоогийн арга хэмжээгээ сулруулахгүй байж, халдварыг хумих нь чухал байна"

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нийтдээ 11,929 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүний шинжилгээнд Covid-19 илэрсэн. Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдлээ. Нэг тохиолдол нь нэг орцны хүний ойрын хавьтал бөгөөд тусгаарлагдсан байсан. Хоёр дахь тохиолдол нь мөн ажиглан тусгаарлах байранд байсан хүнээс илэрсэн. Хоёр нь өчигдөр шинээр бүртгэгдсэн нэг хүний ойрын хавьтал. Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд тусгаарлагдсан байсан хүмүүс. Ингэснээр нийслэл хотод халдварын батлагдсан тохиолдлын тоо 70 болсон.

Дүүрэг тус бүрээр зургаар харуулбал:

Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь мөн хавьтлын хүмүүс. Сэлэнгэ аймагт нийт 167 тохиолдол боллоо.

Дархан-Уул аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 35 тохиолдол болсон. Дорноговьд нэг тохиолдол бүртгэгдсэн нь төмөр замын ойрын хавьтал.

Орхон, Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй. Орхон аймагт 22, Говьсүмбэр аймагт гурван тохиолдол байна. Дотоодод голомтлон гарсан халдвар 318 тохиолдол болсон. Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдлээ. Хоёр нь монгол, хоёр нь гадны улсын жолооч нар.

Нийт батлагдсан 760 тохиолдлоос эдгэрсэн нь 347, ажиглалтад 24, гэрийн ажиглалтад нэг, ажиглалт тандалт дууссан 322 хүн байна. ХӨСҮТ-д 254 хүн, Цэргийн төв эмнэлэгт 152 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал нь маш хүнд хоёр хүн, хүнд найм, хүндэвтэр 73, хөнгөн 323 хүн эмчлүүлж байна.

Covid-19 туссан 760 хүний насны ангиллыг танилцууллаа. Тодруулбал, 02-94 насны хүмүүс байгаа аж. Нэг насны 2, 2 насны 3 хүүхэд, жирэмсэн 2 эмэгтэй байна. 0-15 насны 75 хүүхэд, 70-аас дээш насны 80 хүн байна. Бүр тодруулбал, 80-аас дээш настай 3, 90 настай 1 иргэн байна. 0-4 насны 14, 5-9 настай 24, 10-14 настай 30, 15-19 настай 14 хүн байна. 20-24 насны 16, 25-29 насны 29, 30-34 насны 39, 35-39 насны 28, 40-44 насны 21, 45-49 насны 27, 50-54 насны 21, 55-59 насны 10, 60-64 насны 15, 65-аас дээш насны 16 байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Манай улсын хэмжээнд Covid-19-ийн найман голомт байна. Нийслэл хот, таван аймаг, Энхсаран сувилал, ХӨСҮТ гэсэн найман кластер буюу багц голомтод 378 хүнээс Covid-19 илэрсэн. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 3852 хүнийг тусгаарлалтад авсан.

Нийтийн тээврийн хэрэгсэлд хүн бүрийг нэг суудал алгасч суулгах, хоорондоо зай барих тэмдэглэгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэлээ. Мөн автобусны карт уншигчийг спиртэн суурьтай гар ариутгагчаар халдваргүйжүүлэх шаардлагатай бөгөөд нийтийн тээврээр заавал амны хаалт, бээлийтэй үйлчлүүлж, гар халдваргүйжүүлэгч болон спиртэн суурьтай алчуур авч явах хэрэгтэй.

Мэдээллийн үеэр сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

-ЭМЯ-наас хөл хориог 14 хоногоор сунгах шаардлагатай гэсэн саналаа УОК-т хүргүүлсэн. Ямар ямар үндэслэлээр хөл хориог сунгах нь зөв гэж үзсэн бэ?

-Хөл хориог сунгах эсэхийг УОК шийднэ. Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног. 14 хоногт тухайн хавьтлыг илрүүлэх, олох шинжлэх, гинжин хэлхээгээр үргэлжлүүлэн шинжилж байна. Анх халдвар бүртгэгдсэнээс хойш дөнгөж нэг нууц үеийн хугацаа дуусч байна. Гэтэл араас нь өвчлөлүүд бүртгэгдэж байна. 14 хоногийн нууц үеийн дараа хяналтын 14 хоногт аль болох хөл хөдөлгөөн хязгаарлагдмал, авч буй хариу арга хэмжээний эрчийг сулруулахгүй байх ёстойг дэлхий дахин сургамж болгон хэлж байна. Иймээс нууц үеийн хугацаа, сүүлд бүртгэгдсэн тохиолдол, хяналтын 14 хоногоо тооцож, мэргэжлийнхээ дагуу саналаа өгсөн. Өнөөдөр эрсдэлийн үнэлгээ дахин хийнэ. Нийслэл болон аймгуудад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудыг орон нутгийн байдлаар дахин үнэлнэ. Халдварыг улсын хэмжээнд, нийт ард иргэдийнхээ дунд тараахгүйн тулд энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнийгээ сулруулахгүйгээр халдварыг барьж авах нь манай улсын зорилго. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, УОК-ын шийдвэрийг дагаж мөрдөх нь чухал байна.

-Covid-19-ийн халдвар гадаа хүйтэнд тэсвэр муутай гэж хэлсэн. Тэгэхээр хүйтний эрч чангарах тусам халдварын тархалт буурна гэж үзэж болох уу?

-Covid-19 хүйтэнд тэсвэргүй гэж огт хэлээгүй. Гадаа хүйтэн агаарт Covid-19 эргэлтэд ороод байхгүй гэж л хэлсэн. Хүйтэнд эсрэгээрээ тэсвэртэй. Яагаад гэвэл БНХАУ-д хөлдөөж, гаднаас ирсэн бүтээгдэхүүн болон сав боодлоос халдвар илэрч байна. Солонгос улсад мөн гаднаас тээвэрлэдэг бараа, бүтээгдэхүүний агуулахаас илэрч байна. Агааргүй битүү орчинд вирус үржинэ. Гадаргууд гараараа хүрч болохгүй. Хүйтэнд агаар дуслаар халдвар нэмэгддэг. Тухайлбал, томуу, томуу төст, улаан бурхан, салхин цэцэг зэрэг өвчлөл өвлийн улиралд хамгийн  их гардаг. Тиймээс гэртээ агаар сэлгэлт хийж байх нь чухал. Өвлийн хүйтэнд Covid-19 тэсвэргүй гэж ойлгож болохгүй. Дэлхийн олон эрдэмтэн өвөл хүйтэрдэг орнуудад халдвар улирлын томуутай хавсарч, Covid-19-ийн халдвар илүү их нэмэгдэнэ гэдгийг бидэнд байнга анхааруулж байсан.

-Эмчилгээг уламжлалт анагаах ухаантай хослуулж байгаа юу?

-ДЭМБ-ын удирдамжийн дагуу стандарт эмчилгээ хийж байна. Туршилтын байдлаар уламжлалт эмчилгээ хийсэн. Үр дүн гарсан хойно нь клиникийн зөвлөх багийн шийдвэрээр ард иргэдэд танилцуулна.

-ХӨСҮТ кластер голомт болж 11 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан. Тусгай камерын хяналтад тусгаарлах хувцсаа өмсөж, тайлаад, ариутгалын өрөөгөөр гардаг, маш хатуу хяналттай гэж олон хэлсэн. Яагаад нэг багийн 11 хүн халдвар авсан бэ? Хоол унднаас уу, эсвэл ээлжийн бус цагаар хоорондоо дэглэм алдсанаас уу? Ялангуяа эхний халдаагч ажилтнаа та нар тодорхойлж чадсан уу?

-Дэлхийн орнуудад эмнэлгийн ажилтнууд халдварт олноороо өртөж байна. Батлагдсан нийт тохиолдлын 14 хувь нь эмнэлгийн ажилтнууд халдвар авсан гэсэн судалгаа бий. Эмнэлгийн ажилтнууд 14 хоног өвчтөнүүдтэй ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа баг халдварт өртөх эрсдэл байна. Гүнгийрүүлэн судалж байна. Дахин ийм эрсдэлд өртүүлэхгүйн төлөө ХӨСҮТ эмч, ажилтнуудынхаа хамгаалалтад онцгой анхаарч байна.

-Найман голомтоо хумьж чадсан уу?

-Найман голомтын анхны голомтын цар хүрээг тогтоогоод, ойрын хавьтлуудыг 14 хоног тусгаарлаж, тэр дотроос халдвартай хүмүүсээ ялгаж аваад, хавьтал болсон 177 хүнийг тусгаарлаж, 3-4 удаа шинжилгээ хийхэд сөрөг гарсан учраас гэрийн ажиглалтад шилжүүлээд байна. Эхний голомтыг үндсэндээ хяналтдаа авсан. Түүнээс салбарласан голомтууд гардаг. Тэр халдварын голомтууд дээр бусад орны жишгийн дагуу эмх цэгцтэй ажиллаж байна.

-Вакцин авах асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан. Ямар вакцин монгол хүний биеийн онцлогт тохиромжтой талаар судалж үзсэн үү?

 ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: 

-Covid-19-ийн эсрэг вакцины анхны туршилтууд явагдаж эхэлсэн үеэс Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Өнгөрсөн долдугаар сард “COVAX” хөтөлбөр буюу ДЭМБ, Английн засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, вакцин дархлаажуулалтын Глобал Алиансе зэрэг байгууллагуудын хамтарсан “COVAX” хөтөлбөрт нэгдэх хүсэлтээ илгээсэн. Энэ нь ерөнхийдөө хөгжил буурай орнууд болон дэлхийн нийт хүн амд Covid-19-ийн эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор байгуулагдсан хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд элсэх хүсэлтээ өгөхөд Монгол Улсыг эхний орнуудын нэгээр бүртгэж авсан. Бид энэ хөтөлбөрийн хүрээнд хүн амынхаа 20 хувь буюу эрсдэлт бүлэг болох эмнэлэг, цэрэг, цагдаа, онцгой гэх мэт халдвартай хүнтэй хамгийн түрүүнд ойрын хавьтал болж, голомтын арга хэмжээг цомхотгох арга хэмжээнд оролцож байгаа бүлэг хүмүүсийг, хоёрдугаарт өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг, гуравдугаарт сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа багш нарыг үе шаттайгаар хамруулъя гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Үүний дагуу вакциныг авах, түгээх, вакцинжуулах төлөвлөгөө гарган, УОК-т хүргүүлсэн.

Одоогоор олон вакцин сайн хөгжүүлж байгаа боловч яг “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “Moderna” компанийн вакцин, мөн In activated буюу сулруулсан, вирусгүй вакцинууд байна. Тэгэхээр бид энэ гурван төрлөөс In activated буюу ямар нэгэн вирус агуулаагүй, эсвэл “Moderna” компанийн вакцинуудыг нэвтрүүлэхээр дараалал гарган хөтөлбөрөө боловсруулаад, төслөө хүргүүлж байна. Өчигдөр Монголын цагаар 09:00 цагийн үед төслөө Женев дэх Габигийн байгууллагад цахимаар болон албан бичгээр илгээсэн.

Төсөл хөтөлбөрийг маань хүлээж авсан. Гэхдээ бидний гол тавьсан нэгдүгээр шаардлага бол ДЭМБ-ын зөвшөөрлийг авсан вакцин байх нь хамгийн чухал. Хоёрдугаарт, манай улсад байгаа хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн хэмжээнд хадгалж болохоор гэх мэт 12 зүйлийг ангилж хүсэлтээ явуулсан.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, November 27, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
28
ХарамсалтайХарамсалтай
23
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж