“Монгол Улс дампуурах вий”

Хуучирсан мэдээ: 2020.11.28-нд нийтлэгдсэн

“Монгол Улс дампуурах вий”

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


УОК ВИРУС ЯРЬСААР ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛЭЭ ЗӨНД НЬ ОРХИЛОО

Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Цар тахлын улмаас дотоодод хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Хөл хорио тогтоомогц үсээ засуулах гэж байсан хүн гэрээсээ гарч чадахаа болилоо. Тавилга авна гэж бодож байсан компани мөн адил худалдан авалтаа зогсоосон. Үр дүнд нь үсчин, тавилгын дэлгүүрээс эхлүүлээд худалдаа, үйлчилгээний салбар бүхэлдээ таг зогссон. Үсчин байрны зээлтэй. Тавилгын дэлгүүр банкнаас бизнесийн зээлтэй. Энэ бүх таг зогсож буй худалдаа, үйлчилгээний бизнесүүдийг нэгтгээд үзвэл маш том, маш аюултай дүр зураг харагдана. 2019 оны эдийн засгийн хэмжээ буюу дотоодын нийт бүтээгдэхүүн 37.3 их наяд төгрөг байна. Эндээс 40 орчим хувийг нь үйлчилгээний салбар эзэлдэг гэж үзвэл бид хөл хорио, вирустэй холбоотойгоор ямар том эдийн засгийн эрсдэлийн өмнө зогсож байна вэ гэдэг нь ойлгомжтой болно. Үүнийг Сангийн яам тооцож, ирж буй эдийн засгийн хямралаас гарах арга замыг цогц байдлаар тодорхойлох цаг болсон санагдана. Одоо бидэнд хойноос нь дагаж хөөцөлдсөн жижигхэн ажиллагаанууд биш харин цогц, нэгдмэл бодлого, төлөвлөгөө, гүйцэтгэл хэрэгтэй байна.

-Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих багц 23 арга хэмжээнд ажлын байр хадгалах болон компаниудыг эрсдэлээс сэргийлэх боломж харагдана уу?

-Шуудхан хэлэхэд, сая гарсан шийдвэрүүд бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдэх хэмжээнд гарсангүй. Монголбанк, Сангийн яамны зүгээс эрүүл мэндийн эрсдэлийг хамгаалах гэж байна гээд эдийн засгийн эрсдэлийг бий болгочихлоо. Нэг талдаа халдварыг хумихын тулд хөл хорио тогтоох нь зөв ч нөгөө талд эдийн засгаа орхигдуулж огт болохгүй. Монголбанк, Сангийн яам эрүүл мэндийн эрсдэлд анхаарч хэт сэтгэл хөдлөлд автсан шийдвэрүүдийг гаргаж байна. Зээлийн хугацаа сунгах, бодлогын хүү бууруулах, хүүхдийн мөнгө олгох, нийгмийн даатгалын шимтгэл хойшлуулах зэрэг арга ядсан, наад захын, хэнд ч мэдээжийн ажлууд нь цогц бодлого болж чадахгүй байна. Эдийн засагт учирч болзошгүй маш том эрсдэлд хангалттай хариу болж чадахаар цогц биш байна. Төр засаг эрүүл мэндийн эрсдэл, эдийн засгийн эрсдэлийн аль алийг нь баланслахгүйгээр дан ганц эрүүл мэндийн эрсдэлээ яриад байж болохгүй. Өндөр хөгжилтэй орнууд ч хөл хорио тогтоосон гээд жишээ их ярих юм л даа. Гэтэл Австрали, Англи зэрэг орон санхүү хөрөнгийн өндөр нөөцтэй шүү дээ. Австралийн жижиг дунд бизнес эрхлэгчид гэхэд санхүүгийн нөөцтэй байх жишээний. Миний санаа зовж байгаа асуудал ядуурал. Эдийн засгийн эрсдэлийн цаана ядуурлын түвшин нэмэгдэнэ гэсэн үг. Манайд ядуурлын түвшин 35 хувиас доош бууж байгаагүй. 35 хувь гэдэг бол манайх ядуу улсад тооцогдоно. Ядуурлын энэ түвшин өнөөдөр хэд дахин нэмэгдэх нөхцөл байдал бий болчихлоо. Хоёрдугаарт, сүүлийн 30 жилд арай гэж хөл дээрээ боссон жижиг, дунд бизнес эрхлэгчид дампуурах эрсдэл ойрхон байна. Нэгэнт дампуурсан компани дахин хөл дээрээ босдоггүй. Төр захиргаадалтын аргаар “Та нар хэдэн сардаа тэсчих” гэж хэлж болохгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Н.ЭНХТАЙВАН: ЭХНИЙ ЭЭЛЖИНД ВАКЦИН АВАХ БОЛОМЖ БИЙ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай Covid-19 цар тахлын эсрэг вакцины талаар ярилцлаа.

-Covid-19-ийн эсрэг вакцин дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Цар тахлын эсрэг вакцин гаргаж авах явц олон улсын хэмжээнд ямар байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 164 вакцин туршилтын өмнөх шатандаа, 48 вакцин туршилтын шатандаа байна. Туршилтын шатны 48 вакцинаас АНУ-ын дөрөв, БНХАУ-ын мөн дөрөв, Их Британийн нэг, ОХУ-ын нэг, Энэтхэгийн нэг, нийт 11 вакцин туршилтын гуравдугаар шатандаа байна.

-Таны хэлсэн дээрхи 11 вакцинаас одоогоор тодорхой үр дүн гарсан вакцин байна уу?

-Одоогийн байдлаар нэр бүхий 11 вакцинаас АНУ-ын “Moderna” компани, мөн АНУ-ын “Pfizer”, ХБНГУ-ын “BioNTech” компаниудын хамтран хөгжүүлж буй вакцинуудын эмнэл зүйн III шатны үр дүн өндөр гарсан. Тухайлбал, “Moderna” компанийн вакцины туршилт 94.5 хувьтай бол “Pfizer” компанийнх 95 хувийн үр дүнтэй гарсан байна.

-Засгийн газраас хүн амаа вакцинжуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Covid-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, орлогч даргаар миний бие ажиллаж байна. Хүн амынхаа аюулгүй байдлыг хангаж, вакцинжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна. Манай улсын хувьд Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байна. Вакцин худалдан авалтыг COVAX хөтөлбөрийн хүрээнд хийснээр ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй вакцин авахаас гадна үнэ өртөг нь COVAX хөтөлбөрийн хөнгөлөлттэй үнээр байх юм. Эрүүл мэндийн яамнаас вакцин тээвэрлэх, түгээх, хүн амаа вакцинжуулах үндэсний төлөвлөгөөг 2020 оны долдугаар сараас боловсруулан ажиллаж байна. ДЭМБ-аас тавьж буй шаардлагыг хангаж буй вакцинуудын нэр төрөл, хүн тунгийн хэмжээ, хоногийн зай зэрэг мэдээлэл энэ сараас л тодорхой болж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж