Тайваньчууд өнгөрсөн долоо хоногт нийслэл Тайпэй хотынхоо гудамд мянга мянгаараа цуглан АНУ-аас гахайн мах импортлохоор болсон шийдвэрийг эсэргүүцэн жагссан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.11.27/ Тайванийн хууль тогтоогчид дээрх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, удалгүй уур амьсгал ширүүсч, эрх баригч нам болон сөрөг хүчнийхэн нударга зөрүүлжээ. Үүгээр ч зогсохгүй сөрөг хүчний Гоминдан намын гишүүд бусад гишүүд рүүгээ гахайн түүхий гэдэс шидсэн байна. Тайванийн парламентад үүнээс өмнө нэг бус удаа зодоон болж байв.
Тайванийн удирдагч Цай Инг Вэн удаан хугацаанд үргэлжилсэн АНУ-ын гахайн махны импортод тавьсан хоригоо наймдугаар сард сулруулсан нь хоёр улсын байгуулсан харилцан ашигтай худалдааны гэрээний хамгийн эхний ажлуудын нэг байсан юм. Гэвч дээрх шийдвэрийг энгийн иргэд болон сөрөг хүчний Гоминдан намынхан эсэргүүцээд байгаа юм. Учир нь Тайвань АНУ-аас рактопамин бодисоор бордсон гахайн мах импортлохоор болсон байна. АНУ-ын фермүүд гахайн махны гарцыг нэмэгдүүлэхийн тулд ашигладаг уг бодис нь Европод хориотой ч Америкт зөвшөөрөгддөг.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ