НЭМЭЛТ:
Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг олгох талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өнөөдөр /2020.11.27/ чиглэл өгчээ. Үүнд, өмчийн хэлбэрий харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хүүхэд харах үйлчилгээний төвд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хүүхдийн тоонд үндэслэн, арваннэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн олгох чиглэл өгсөн байна.
“ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮД ХУВЬСАХ ЗАРДЛАА АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА”
Улаанбаатар хотын хэмжээнд 540 орчим хувийн цэцэрлэг бүртгэлтэй байдаг. Эдгээр цэцэрлэгт 5500 орчим багш, ажилтан ажилладаг гэх судалгаа бий. Нийт багш, ажилчдын 97 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Манай редакцид Баянзүрх дүүргийн хувийн цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн С.Пүрэвсүрэн хандсан юм. Тэрбээр цар тахлын улмаас хувийн цэцэрлэгүүдэд улсаас олгодог хувьсах зардлуудыг төсвийн дагуу олгохгүй байгаа талаар ярилаа. Ингээд түүний яриаг хүргэе.
-Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Үүнтэй холбоотойгоор хувийн цэцэрлэгүүдийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Цар тахлын улмаас хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд асуудал үүсч байна. Хувийн цэцэрлэгүүдэд 2020 оны 11, 12 дугаар сард батлагдсан төсвийн дагуу хувьсах зардлаа бүрэн олгох ёстой. Гэтэл Засгийн газар, Улсын онцгой комиссоос дотоодод Covid-19-ийн халдвар гарсантай холбоотойгоор гэнэт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн. Салбарын сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд баталсан тогтоолоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургууль, хүүхэд харах үйлчилгээний нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 2020 оны баталсан төсвийн дагуу арваннэгдүгээр сарын 11-нийг хүртэлх бүрэн зардлыг мөн өдрөөс эхлэн олгохгүй” гэж тусгасан байсан. Өнгөрсөн есдүгээр сард салбарын сайд хувийн цэцэрлэгийн удирдлагуудад хандаж “Энэ жил таван настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж байгаа. Та нар маань боломжоороо нэмэлт элсэлт аваарай” гээд хүүхдүүд нэмэлтээр элсүүлсэн. Гэтэл тэр хүүхдүүдиийн хоолны мөнгийг ес, аравдугаар сард улсаас өгөөгүй. Өмнөх жилүүдэд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн мөнгийг өгч байсан. Бид сайдын тушаалыг уншаад арваннэгдүгээр сарын 11 хүртэлх ажилласан нэмэлт элсэлтээр авсан хүүхдүүдийн хоолны мөнгийг өгөөд, тэрнээс хойшхийг өгөхгүй юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ тогтоол нь өмчийн хэлбэр харгалзахгүй бүх дүүргүүдийн цэцэрлэгүүдэд арваннэгдүгээр сарын 11-нийг хүртэл ажилласан хоногийн мөнгийг л өг гэсэн гэдэг хариуг өгсөн. Харин улсын цэцэрлэгүүд улсаас авах ёстой бүх мөнгөө авчихсан. Бас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нутаг болох Увс аймгийн хувийн бүх сургууль, цэцэрлэгүүд хувьсах зардлаа 100 хувь авчихсан байна.
-Хувийн цэцэрлэгийн нийт багш, ажилчдын 97 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг гэлээ. Баянзүрх дүүрэгт хэчнээн хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Өнгөрсөн жил Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгүүд нэмэлт элсэлтээр 940 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Энэ жил салбарын сайдтай ярилцаад, 1600 гаруй хүүхдийг хамруулсан. Мөн багш, ажилчдынхаа хүүхдүүдийг үнэ төлбөргүй цэцэрлэгт хамруулдаг. Хувийн цэцэрлэгийн ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд цөөнгүй өрх толгойлсон эхчүүд бий. Өнөөдрийн байдлаар цалин хөлсөө авч чадаагүй багш нар маш олон байна. Бид өнгөрсөн нэг сараас зургадугаар сар хүртэл ямар ч хуримтлал үүсгэж чадалгүй, багш ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалыг төлсөн. Тэгээд есдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлээд хоёр сар болох гэж байтал дахин хөл хорионд орж, хүнд цохилтод орлоо.
-Хувийн цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс салбарын сайдад энэ асуудлаар хандсан болов уу?
-Өнөөдрийн байдлаар цалин, мөнгөө авч чадаагүй олон багш манай холбоонд хандаж байна. Бид улс орныхоо эдийн засгийн ойлгож, маш хүлээцтэй хандаж ирлээ. Энэ хөл хорионы өндөржүүлсэн байдал хэрхэх эсэх нь тодорхой бус байгаагаас харахад хувийн цэцэрлэгүүдэд олгодог хувьсах зардлыг батлагдсан төсвийн дагуу 2020 оны 11, 12 дугаар саруудад хуваарийн дагуу бүрэн бүтэн олгуулахыг шаардаж байна. Иймд уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль болон Боловсролын тухай хууль, бусад хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, уг хууль тогтоомжуудын дагуу шийдвэрлэж өгөхийг Монголын төрийн бус өмчийн нийт 540 гаруй цэцэрлэг, тэдгээрийн 5000 гаруй багш нарын нэрийн өмнөөс холбогдох албаныханд шаардлага хүргүүлж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ