НИТХ: ААН-ийг хэвийн ажиллуулах саналыг УОК-д танилцуулна

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

НИТХ: ААН-ийг хэвийн ажиллуулах саналыг УОК-д танилцуулна

НИТХ: ААН-ийг хэвийн ажиллуулах саналыг УОК-д танилцуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  /НИТХ/ цахим хуралдаан өнөөдөр /2020.11.27/ болж байна. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс цахимаар 19 хүн оролцож байгаа бол 26 төлөөлөгч хүрэлцэн ирснээр  57 хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн юм.

Хуралдаанаар,

  • Covid-19 халдварын  эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нөхцөл байдал
  • Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
  • Нийслэлийн засаг даргын 2020-2024 оны үлй ажиллагааны хөтөлбөр
  • Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай
  • Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт,2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл
  • Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн  зургаан асуудлыг хэлэлцэх юм. 

ОЙРЫН ХАВЬТЛЫН 991, ДАМ ХАВЬТЛЫН 68729 НИЙТ 7720 ХАВЬТЛЫГ ТОГТООСОН

Хэлэлцэх эхний асуудал болох Covid-19 халдварын  эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Тэрбээр “ Covid-19 халдвар Улаанбаатар хот болон зарим аймгуудад илэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын 178, 181 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Халдвар илэрсэн голомтын бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 68729 нийт 7720 хавьтлыг тогтоож  түргэвчилсэн болон PCR шинжилгээг 59346 иргэнд хийлээ.  Өнөөдрийн  байдлаар нийслэлд Covid-19 халдварын   батлагдсан нийт  тохиолдол  64 боллоо. Нийслэлийн хэмжээнд тусгаарлах байранд  1536, гэрийн ажиглалтад 1307 иргэн байна. Олон нийтийг хамарсан хурал цуглаан, жагсаал тэмцээн уралдаан, баар, сүм хийд урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар, спортын арга хэмжээ, зочид буудал, амралтын газруудын үйл ажиллагааг зогсоож хүнсний худалдаа болон эмийн сангуудын цагийн хязгаарлалтыг  07.00-22.00 цаг хүртэл тогтоосон. Хотоос орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хугацаанд өнөөдрийн байдлаар зохих журмын дагуу нийт 19478 тээврийн хэрэгслээр 40 мянга гаруй зорчигч нэвтэрсэн байна” гэв.

Дараа нь төлөөлөгчид асуулт асуулаа.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.ПҮРЭВДАВАА:

2020 оны  нэгдүгээр сараас хойш нийслэл  хот Covid-19 халдварын эсрэг  бэлэн байдлыг  хэрхэн хангасан  юм бэ. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад бэлэн биш байсан гэдэг нь харагдаад байна. Ялангуяа Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөд  7.3 тэрбум төгрөг төсөвлөсөн атлаа арвннэгдүгээр сард данс нь улайсан тэг төгрөгтэй байсан. 4.5 тэрбум төгрөгийг тодотголоор нэмж баталсан шүү дээ.  Хоёрдугаарт хичнээн ажлын байр цар тахлын улмаас зогсчхоод байна вэ.  Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбар. Энэ салбарын онцлог нь тухайн цаг үедээ л орлогоо олдог буюу нөхөж олох боломжгүй. Уул уурхай бол нөхөж орлогоо олох боломжтой.. Цаашдаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжлэх юм бол нийслэл хэдэн хоногийн хөл хориог даахаар байгаа юм бэ гэдэгт хариулт авмаар байна? 

-Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР:

-Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өдөр тутмын бэлэн байдал,  өндөржүүлсэн бэлэн байдал гэсэн хоёр бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Засгийн газраас  дотооддоо халдвар алдахгүйгээр, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн зохицуулалт шийдвэрүүдийг  гаргаж ирсэн. Тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулах, 14 хоногийн гэрийн хориог цуцлах хүсэлтүүд их ирсэн учраас цуцалсан. Ингэснээр өдөр тутмын бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлсэн. Үүнээс улбаалан цар тахлыг дотооддоо алдах нөхцөл үүссэн гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаанд хамрагдсан нийт 3530 ААН-үүдийн 96  хувь нь маш хүнд нөхцөл байдалд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 мянган орчим жижиг, дунд том ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.

-НИТХ-ын дарга Ж.БАТБАЯСГАЛАН:

-Нийт төлөөлөгч нарт  цаасан болон файл хэлбэрээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан, нөөц хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл өгье.

– НИТХ-ын төлөөлөгч Д.ПҮРЭВДАВАА:

-Ж.Батбаясгалан дарга та өнгөрсөн долдугаар сард  “НИТХ-ын төлөөлөгчид сонгуульд анхаараад Улаанбатар хотод ажил хийдэг хүн алга байна” гэж хэлж байсан. Зарим хүмүүст нь та хариуцлага тооцсон. Гэтэл орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль гэж улстөржсөөр байгаад Covid-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг сулруулсан юм байна гэдэг дүгнэлтийг ард түмэн өгч байна. Мөн та нар өөрсдийгөө сайн ажилласан гээд  сая төгрөгөөр өөрсдийгөө шагнасан. Нийслэлийн онцгой комиссын хариуцлаггүй байдал халдварыг дотооддоо алдахад нөлөөлсөн гэж бодож байна хэмээн саналаа илэрхийлсэн юм.

НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС ЭДИЙН ЗАСГАА ЧӨЛӨӨЛӨХ ТАЛ ДЭЭР АНХААРЧ АЖИЛЛАНА

Дараа нь хуралд цахимаар оролцож буй НИТХ-ын төлөөлөгч  П.НАРАНБАЯР:

-Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын судалгаан дээр айхтар тоо байна. Нийт судалгаанд оролцсон ААН-үүдийн 70 хувь нь цалин олгоогүй бол ердөө 14 хувь нь цалингаа 100 хувь олгожээ. Ийм байдлаар  эдийн засаг хэдий хүртэл тэсэх вэ.  Эрүүл  мэнд, эдийн засаг хоёр Монгол Улсыг хэцүү байдалд оруулж байгааг ойлгож байна. Гэхдээ бид хорио цээрийн дэглэмээ барингаа эдийн засгаа барьж үлдэх хэрэгтэй байна. Үүн дээр нийслэлээс ямар бодлого баримталж байгаа юм бэ. Завхөн хорьж, барьж, боох гэхээс илүүтэй өөр бодлого баримталмаар байна?

Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР:

-Эдийн засаг хүндхэн байгаа. Тиймээс жижиг том гэлтгүй үйл ажиллагаа явуулж байгаа  ажлын байр хадгалж  байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих цаг болсон. Хөл хориог гуравдугаар сар хүртэл сунгахаар болбол эдийн  засаг, ажлын байранд үзүүлэх нөлөөллийн тоон судалгааг гаргасан. Ер нь засгийн газар огт ажил хийгээгүй гэж ойлгож болохгүй. Бүх байгууллагууд тодорхой хэмжээгээр хяналтаа тавьж ирсэн. Харамсалтай нь  14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцлуулах  асуудлыг сөрөг хүчний зүгээс удаа дараалан шаардаж, шахсаар байгаад Засгийн газраас гэрийн хориог цуцлуулах,  хүчингүй болгох шийдвэрийг гаргуулсан.  Хаа, хаанаа хариуцлаггүйн улмаас халдварыг дотооддоо алдсан. Иргэд ААН-үүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана гэсэн үг. Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримтлах саналтай байгаа.  Бодлогоо боловсруулсан бөгөөд нөгөөдөр УОК-т танилцуулна. Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллана.  ААН-үүд ажиллаж байж иргэд орлоготой байна.

Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.САНДАГСҮРЭН:

Нийслэлийн онцгой комисс нь УОК-оос гарсан шийдвэрийн хүрээнд  нийслэлд ямар зохицуулалт хийх вэ гэдгийг шийддэг. Одоо энэ цаг үед төр бүх хариуцлагыг өөртөө хүлээж, хяналтыг тавьж,  хэн хаана байхыг нь хүртэл Засгийн газрын тогтоолоор зааж байна. Хойшдоо бид иргэддээ хэр итгэх вэ. Засгийн газар болон нийслэлийн захиргаа өөртөө нааж байгаа олон үүрэг хариуцлагаасаа иргэддээ өгөхөд иргэд бэлэн үү гэдэг зүйл дээр л голчлон ярилцаж байна. Иргэд хоёр метрийн зайгаа барьж, дэглэмээ хатуу барьж чадах уу. Энэ талаарх  ерөнхий зураглалыг бид хэд, хэдэн хувилбараар гаргасан байгаа” гэлээ.

Дашрамд дурдахад, хурлын үеэр “Монгол Улсын нийт хүн амын 96 хувь нь ямар нэгэн хавсарсан өвчинтэй гэсэн судалгаа байна. Тэгэхээр хүн амын 96 хувь нь Covid-19 халвар авах эрсдэлтэй гэсэн үг. Хамгийн гол нь хүн бүрийн ухамсар чухал”  гэдгийг төлөөлөгчид  онцолж байсан юм.

НИТХ-ын төлөөлөгч М.ТУЛГАТ:

Нийслэлээс шийдвэр гаргах процесс яаж яваад байна вэ? Шөнийн хүргэлт хийх, нийтийн тээврийн цагийн зохицуулалт нь алдаа дутагдалтай байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Цаашид ийм алдаатай шийдвэр гаргахгүй гэсэн баталгаа байна уу?

Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.САНДАГСҮРЭН:

-УОК-оос ерөнхий гол шийдвэрүүд гарч эхэлсэн. Тус шийдвэрийн хүрээнд цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн удирдлага, тагнуул гэсэн байгууллагууд тус, тус ажлаа хийсээр байна. Шөнийн хүргэлт болоод тээврийн хэрэгслийн цагийн хязгаарлалтын талаар хэдэн зүйл хэлье. УОК-ын хөл хорионы шийдвэр гарсан ч маргааш нь огт хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Учир нь хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэх ёстой замын цагдаа нар  зайлшгүй ажиллах шаардлагатай 13 ААН-үүдийн машинтай зэрэгцээд иргэдийн машин хөдөлгөөнд оролцоод байхаар ялгахаа больсон. Тухайн үед иргэдийн хувийн машин онлайнаар зөвшөөрөл авсан эсэхийг хянах сүлжээний асуудал огт шийдэгдээгүй байсан учраас цагдаа нар өөрсдөө хувийн бие даасан шийдвэрүүд гаргаж ирсэн. ТиймээсУОК-оос цагдаа нар үүрэг гүйцэтгэх боломжгүй байгаа учраас нийслэлээс яаралтай тусгай зөвшөөрөл өгч байгаа машинуудад таних тэмдэг наа гэсэн үүрэг өгөгдсөн. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл гарсан ч тэр оройдоо төрөөс олгодог лицензийн бичиг шиг сөрөг үр дагавар гаргасан учраас нийслэлийн зүгээс энэ бичгийг ашиглахыг зогсоосон. Үүнээс ч өөр арга байгаагүй. Сандарсан иргэд зах худалдааны төвөөр хүнсээ бэлдэх гэж яваад замын хөдөлгөөн тэг зогсолт хийх хэмжээнд хүрсэн. Хүнсний чиглэлийн үйлчилгээ хүргэдэг машинуудын бүртгэл огт байгаагүй. Маргааш нь жижиг дэлгүүрүүдэд хангалт хийдэг 10 мянга гаруй машин, дэлгүүрүүдэд бараа хүргэдэг 6000 машин дээр нь нэмээд 13 чиглэлийн 20 гаруй мянган машин тусгай зөвшөөрөлтэйгөөр хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдсэн. Энэ тохиолдолд хүргэлтийн үйлчилгээг өдрөөс эхлэн шөнийн чиглэлд нэг өдөр явуулах шийдвэр гаргасан. Нэг шөнө туршсан. Энэ нь 60 хувийн үр дүнд хүрч  замын хөдөлгөөнд 100 мянган машин оролцдог байсан бол маргааш нь  30-40 мянгад хүрч буурсан. Энэ хугацаанд томоохон үйлдвэрлэл эрхлэгчдийн хүргэлтийн машиныг QR кодын системд оруулчхаад тэднийг цагийн хуваарьт оруулсан. Ийм л процесс өрнөсөн. Хэдийгээр хэсэг хугацаанд 6000 гаруй хүргэлтийн машины үйлдвэрлэл эрхлэгч нарт тухгүй байдал үүсч зарим бараа тасарсан тохиолдол гарсан. Гэхдээ энэ асуудал шийдэгдсэн.  Үүнээс гадна халамжийн үйлчилгээг авдаг иргэдийн амьдрал цар тахлын үед  хэвийн явж байна.  Гэтэл өдрийн орлогоороо амьдардаг иргэд хүндхэн байдалд байна. Баар,рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6000 ААН-үүдийн ажилчид өнөөдөр орлогогүй байх жишээний. Энэ хүмүүс рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр нийслэл  ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.СУМЪЯАБАЗАР:

-Нэмэлт хариулт өгье. Улаанбаатар хотын хэмжээнд жижиг, том 126 мянган ААН үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн ажлын байрыг хамгаалах үүрэг нь нийслэлийн үүрэг болчхоод байна. Үйл ажиллагааг нээхээр санал хүсэлт ирүүлсэн худалдаа үйлчилгээний байгууллагуудын судалгааг өчигдөр авсан. Жишээлбэл нийслэлийн есөн дүүрэгт хүнсний зах худалдааны төв,  ахуйн хэрэглээний бараа худалддаг газруудын тоо харилцан адилгүй байна. Хүнсний зах, худалдааны төвийн араас ресторан,кафе, цайны газрууд, түргэн үйлчилгээний цэг,үсчин, хувцас захиалга засвар, гэр ахуйн тавилгын дэлгүүр, хими цэвэрлэгээ, авто засвар, авто угаалга зэрэг  эдгээр байгууллагыг нийлүүлэхэд 6588 ААН-үүд байна. Эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа нээх саналыг ирүүлсэн. Нийслэл өөрөө том айл. Тиймээс хот өөрийн гэсэн шийдвэр гаргахдаа тооцоо судалгааг гаргаж , иргэд төрийн байгууллагын саналыг авч байна. Хамгийн гол нь ААН-үүд  хорио цээрийн дэглэм баримтлах, иргэд хоёр метрийн зайгаа барьж, амны хаалтаа зүүгээд хэвшчих юм бол халдвар авах эрсдэл нь 96 хувиар буурна. Ингээд хотынхоо амьдралыг хэвийн горимд нь оруулах саналтай байгаа.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж