Монголбанкны хар дансанд бүртгэгдсэнээс банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авах боломжгүй болсон иргэд ломбарднаас зээл авдаг ч өндөр хүүтэй зээлийг буцаан төлөх боломжгүй болсноор алданги тооцуулан, хохирдог ч өнөөг хүртэл энэ асуудлыг зохицуулсан эрх орчин бүрдээгүй байгаа.
Covid-19 цар тахал дотоодод алдагдсаны дараа Засгийн газраас банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл иргэд, аж ахуйн нэгжийн зээлийг хойшлуулах даалгавар өгсөн ч ломбард сугарч үлдсэн нь хэнд ч захирагдалгүй үйл ажиллагаа эрхэлж ирсэн гэсэн үг юм.
Тодорхой тайлбарлавал, Монголбанк арилжааны банкуудад, Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод хяналт тавьж ирсэн бол ломбард эрхлэгч нь харьяа дүүргийнхээ Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авснаар үйл ажиллагаа эрхэлж иржээ. Нэг үгээр хэлбэл, зарим ломбард банк бус санхүүгийн байгууллагын хэмжээнд хүртлээ томорсон ч хяналт тавьдаг статусгүйгээр ажиллаж иржээ. Хааяадаа цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг нь хязгаарладаг ч удалгүй өөр хүний нэр дээр ломбардаа үргэлжлүүлэн ажиллуулдаг байна.
Зарим эдийн засагчид Монголд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон хууль эрх зүйн зохицуулалт байдаггүйгээс арилжааны банкны зээлийн хүү жилийн 20+, банк бус санхүүгийн байгууллага 30+, ломбард 60+, өдрийн зээл 80+ хувьтай байдаг тухай мэдээлж ирсэн.
Харин ломбардуудын иргэдтэй хийж буй зээлийн гэрээг сонирхвол ихэнх нь 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл, олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-аас дээш хувиар алданги, торгууль тооцохоор гэрээ байгуулдаг нь мөнгө хүүлэх бололцоо олгож ирснийг хуульчид шүүмжилж ирсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын тайлбараар бол ломбардны талаар нэгдсэн бүртгэл, хяналт байдаггүйгээс хэдэн хувийн хүүтэй зээл олгогдож байна вэ гэдэг бүрэн дүүрэн мэдээлэл байхгүй болж таарч буй. Үндсэндээ зээлдэгч цаг хугацаандаа багтаан зээлээ төлөх боломжгүй болсон нөхцөлд ломбард алданги, торгуулийг хэдэн ч хувиар нэмж, тооцон мөнгө хүүлж байсан төр оролцох, хянах боломжгүй нь эндээс харагдана.
Мөн улсын хэмжээнд хэчнээн ломбард үйл ажиллагаа эрхэлж байна вэ гэдэг мэдээлэл ч бүрхэг хэвээр буй. Ойролцоогоор 1500 орчим ломбард ажилладгаас 900 нь Улаанбаатар хотод байдаг гэх бүдүүн тойм статистик гарч буй юм.
Хууль зүй, дотоод хэргийн яаманд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулагдсан ч хэзээ УИХ-аар хэлэлцэгдэх нь тодорхойгүй байна.
Уг нь цаг алдалгүй энэхүү хуулийн төслийг хэлэлцэн баталбал барьцаалан зээлдүүлэх газар болон мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн хүүг буцаан төлөх болон бичил санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй юм.
Хуулийн төсөлд тусгагдаад буй зарим заалтыг сонирхуулъя.
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРТГҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ
- 5.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан этгээд өргөдлөө аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж бүртгүүлнэ.
- 5.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн дараах этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ:
- 5.2.1.аймаг, нийслэлд хоёр, түүнээс дээш, эсхүл хоёр, түүнээс дээш аймагт салбараа байгуулах; 5.2.2.аймагт 100,000,000 төгрөг, түүнээс дээш, эсхүл нийслэлд 300,000,000 төгрөг, түүнээс дээш хөрөнгийн үнэлгээтэй хуулийн этгээд;
- 5.2.3.мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх.
- 5.3.Энэ хуулийн 5.1, 5.2-т заасан өргөдөлд дараах үндсэн мэдээллийг тусгана:
- 5.3.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;
- 5.3.2.өргөдөл гаргагч нь хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- 5.3.3.өргөдөл гаргагч нь иргэн бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, хаяг;
- 5.3.4.өргөдөл гаргагчийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалтан, менежерийн нэр, хаяг; 5.3.5.мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах арга хэлбэр, зээлийн төлөлт хийгдэх дансны мэдээлэл, дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга;
- 5.3.6.хуулийн этгээд бол хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигч болон нийт хувьцааны 20, түүнээс дээш хувийг эзэмших этгээдийн мэдээлэл;
- 5.3.7.иргэн бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд оруулж байгаа нийт хөрөнгийн хэмжээ; 5.3.8.энэ хуулийн 22.2.7-д заасан зар сурталчилгаанд ашиглах утасны дугаар болон олон нийтийн сүлжээнд ашиглах цахим хаяг.
- 5.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээд энэ хуулийн 5.1, 5.2-т заасан өргөдлийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан маягтын дагуу гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулна.
- 5.5.Мөнгөн зээлийн бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягт, зааврыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
- 6.1.Энэ хуулийн 5.1, 5.2-т заасан өргөдөл гаргагч мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгэлд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг хавсаргана:
- 6.1.1.энэ хуулийн 5.5-д заасан маягтын дагуу гаргасан өргөдөл;
- 6.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг;
- 6.1.3.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
- 6.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- 6.1.5.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримт;
- 6.1.6.энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хариуцлагын эсрэг арга хэмжээ авсан талаарх нотлох баримт;
- 6.1.7.энэ хуулийн 26.10-д заасан цахим бүртгэлийн системд холбогдсон талаарх нотлох баримт;
- 6.1.8.хөрөнгийн эх үүсвэрийг нотлох баримт.
БҮРТГҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- 7.1.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгүүлэхийг хүссэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
- 7.1.1.хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хэрэв иргэн бол нийт хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх;
- 7.1.2.энэ хуулийн 10.1-д заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдсан байх;
- 7.1.3.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх;
- 7.1.4.хуулийн этгээд бол гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх;
- 7.1.5.менежер нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх;
- 7.1.6.Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлгийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлгийн Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт, эсхүл Зөрчлийн тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчилд хариуцлага хүлээж байгаагүй;
- 7.1.7.сүүлийн 5 жилийн хугацаанд энэ хуулийн 27.1-д заасны дагуу үйл ажиллагаа нь зогсоогүй, эсхүл энэ хуулийн 28.1-д заасны дагуу бүртгэлийг хүчингүй болгосон тохиолдол гараагүй байх. 7.2.Энэ хуулийн 5.2-т заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагааг бүртгүүлэхийг хүссэн этгээд энэ хуулийн 7.1.2-7.1.7-д зааснаас гадна энэ хуулийн 4.1-д заасан ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд байна.
- 7.3.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг бүртгүүлэхийг хүссэн этгээдэд тавигдах нэмэлт шаардлага, үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
- 7.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага, стандартыг холбогдох байгууллага батална.
- 7.5.Энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлага мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээдэд хамаарахгүй.
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ
- 8.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 5.1, 5.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянаж, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бол өргөдөл гаргагчид бүртгэлийн гэрчилгээ олгоно.
- 8.2.Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ тухай өргөдөл гаргагчид энэ хуулийн 8.1-д заасан аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “бүртгэх байгууллага” гэх/ мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэлийг хангаж бүртгүүлэх хүсэлтээ ажлын 5 өдрийн дотор дахин гаргаж болно.
- 8.3.Бүртгэх байгууллага өргөдөл гаргагчийг бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол түүнд татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу мэдэгдэнэ.
- 8.4.Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичиг хуурамч болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол бүртгэхээс татгалзана. Энэ тохиолдолд тухайн этгээдийг дахин бүртгэхгүй.
- 8.5.Энэ хуулийн 8.1-д заасан хугацаанд бүртгэх байгууллага өргөдөл гаргагчид хариу ирүүлээгүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэсэнд тооцно.
- 8.6.Бүртгэх байгууллага энэ хуулийн 8.1, 27.1, 28.1-д заасан бүртгэлийн хувь хүний нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг холбогдох шийдвэр гарсны дараах өдөр цахим бүртгэлд оруулж, олон нийтэд нээлттэй байршуулна.
- 8.7.Энэ хуулийн 8.1-д заасны дагуу хийгдсэн бүртгэл нь бүртгэгдсэн өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд хүчинтэй байна.
- 8.8.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч бүртгэлийн гэрчилгээгээ гээсэн, эсхүл үрэгдүүлсэн бол энэ тухай харьяа бүртгэх байгууллагад даруй мэдэгдэж, ажлын гурван өдрийн дотор бүртгэлийн гэрчилгээг дахин авах өргөдөл гаргана.
- 8.9.Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн нарийвчилсан журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ
- 9.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэхийг хүсвэл энэ хуулийн 8.7-д заасан бүртгэлийн хүчинтэй хугацаа дуусахаас нэг сарын өмнө харьяа бүртгэх байгууллагад хугацааг сунгуулахаар өргөдөл гаргана.
- 9.2.Бүртгэх байгууллага мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө бүртгэлийн хугацаа дуусах болон хугацаа сунгах журмын талаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэнэ.
- 9.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бол бүртгэл нь энэ хуулийн 8.7-д заасан хугацаагаар сунгагдана.
- 9.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд бүртгэлийн хугацааг сунгахгүй.
- 9.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн хугацааг сунгах нарийвчилсан асуудлыг энэ хуулийн 8.9-д заасан журмаар зохицуулна хэмээн заажээ.
Тодруулж хэлбэл, дээрх зохицуулалтыг хуульчилж өгснөөр дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Үүнд:
- Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид бүртгэл, хяналттай болсноор тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд ажиллах Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл тогтоох, дээд хэмжээ дотроо үйл ажиллагаа эрхлэгч нар өрсөлдөх зарчмыг хангах,
- Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй байх талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан байдаг. Энэ утгаараа зээлийн үйл ажиллагаа байнга, ашиг олох зорилгоор эрхэлж буй этгээд анз (алданги, торгууль) хэрэглэхгүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүү тооцох,
- Иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа нь ашгийн төлөө, байнгын шинжтэй болж, хэт өндөр хүү тогтоохоос гадна алдангийг гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож зээлдэгчээс авч байгаа. Ийм учраас ашгийн төлөө, байнга зээл олгох иргэдийн үйл ажиллагааг бүртгэлтэй болгосноор Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх,
- Иргэнээс олгох болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авч байгааг бичил санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эдгээр эрхлэгчээс олгох зээлд шимтгэл авахыг хориглохоор тусгав.
- Өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох. Зээлдэгч зээлийг авч хэрэглэснээр ашигласан хугацааны мөнгөн дүнг зээлдүүлэгчид төлөх нь зээлийн гэрээний гол зарчим байдаг боловч өдрийн зээл нэрэн доор үндсэн зээлийг бүрэн ашиглаагүй байхад өдөр өдрөөр тооцон үндсэн зээл, хүүг зээлдүүлэгчид төлдөг зээлийн хэлбэр түгээмэл байдлаар иргэдийн дунд байнга явагдах болжээ. Тиймээс зээлийн хүүг урьчдилан авахыг хориглож, хэрэв урьдчилж үндсэн зээл, хүүг тооцож авбал Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх байдлаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэгчид тодорхой мэргэжлийн болон бусад шаардлагыг тавьж, тус үйл ажиллагааг цаашид мэргэжлийн болгоход чиглэсэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан,
- Хуулийн төсөлд зээлийн гэрээ, холбогдох барьцаа, батлан даалтын гэрээнд заавал тусгах зүйлс, гэрээг хадгалах, бүртгэх, үүнд цахим бүртгэл хөтлөх, цагдаагийн байгууллагад сэжиг бүхий барьцааны зүйлийн талаар мэдээлэх, барьцааны зүйлийг өдөр бүр цахим бүртгэлд оруулах, барьцааны зүйлийг зарж борлуулах талаарх мэдэгдэл гаргах хугацаа, хэлбэр, барьцааны зүйлийн үнэлгээний талаарх зээлдүүлэгчийн үүргийг тусгасан,
- Зээлийн үйл ажиллагааг зөвхөн бүртгэлтэй этгээд сурталчлах, сурталчилгаанд тавих агуулгын шаардлага, заавал тусгах мэдээлэл, үүнд зээлийн хүүгийн хэмжээ гэх мэт, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч бүртгэлийн гэрчилгээгээ үйл ажиллагаа эрхлэх газраа байршуулах үүрэг, зээлийн хүүгийн хэмжээг ил тод баршуулах зэрэг үүргийг хуулийн төсөлд тусгасан,
- Иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа эрхлэгч, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчийг аймаг, нийслэлийн Засаг дарга бүртгэх, харин тодорхой мөнгөн дүнгээс дээш хөрөнгийн үнэлгээтэй, 2 болон түүнээс дээш аймагт, эсхүл аймаг, нийслэлд салбараа байгуулахыг хүссэн барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэж, холбогдох хяналт шалгалтыг эдгээр байгууллагаас хийх, хариуцлага тооцох, бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох арга хэмжээ авах талаар хуулийн төсөлд тусгажээ.
- Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ