А.Мөнхбаяр: Covid-19 цар тахлын буруутан нь Банк бус санхүүгийн байгууллага биш

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

А.Мөнхбаяр: Covid-19 цар тахлын буруутан нь Банк бус санхүүгийн байгууллага биш

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХ/-ны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-2020 оны гуравдугаар сараас хойш шинэ төрлийн корона вирус (Covid-19)-ын нөлөөлөл эдийн засагт хүчтэй нөлөөлсөөр байна. Энэхүү нөхцөл байдалд ББСБ хэрхэн ажиллаж байна, тэр дундаа зээлдэгчдийг дэмжих, өрийн дарамтыг хөнгөлөх талаар?

-Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны гуравдугаар сарын 18 өдөр Банк Бус Санхүүгийн Байгууллага ББСБ-уудад зээлийн ангиллын журамд түр хугацаанд өөрчлөлт оруулах мэдэгдэл ирсэн ба энэ нь дахин хоёр дахь удаагаа сунгагдаад байна. Энэ мэдэгдлийн дагуу ББСБ-ууд 2021 оны долдугаар сарын 1 хүртэл харилцагчийн хүсэлтэд үндэслэн зээлийн ангиллыг өөрчилж ажиллаж байна. Тухайлбал зээлийн гэрээний хугацааг 2 болон түүнээс дээш сунгасан бол зээлдэгчийн зээлийн ангилал өөрчлөгдөж хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд шилжсэнийг зээлийн мэдээллийн санд бүртгэдэг байсныг бүртгээгүй. Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөлт нь хугацаандаа хийгдэж байгаа бол хэвийн зээлд тооцохоор байсныг 90 хоног хугацаа хэтэрсэн бол хэвийн зээлд тооцох, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд 1-90 хүртэл хоног байсныг 91-150 хоног болгож сунгасан. Чанаргүй зээлийн ангилалд 151 хоногоос дээш хугацаанд хугацаа хэтэрсэн тохиолдолд бүртгэж Санхүүгийн Зохицуулах Хороо СЗХ-ны мэдэглийн дагуу арга хэмжээ авч ажилласан. Зээлдэгчиддээ дарамт өгөхгүй байх зорилгоор гэрээг шинэчилж, тодорхой зээлдэгчдийнхээ бизнес дээр нь судалгаа хийж хамтарсан гаргалгааг хийж ажилласан олон ББСБ байна. Ер нь ББСБ-ууд өөрийн нөөц боломжоо өнөөдрийг хүртэл тултал нь ашиглаж байгааг тодотгох нь зүйтэй болов уу.

Манай орон дотооддоо вирусийн тархалтыг алдсанаар 11 сарын 11-ээс хойш тэг зогсолт хийж эдийн засаг үндсэндээ зогслоо. Үүнтэй холбоотой гарсан УИХ болон ЗГ-ын тогтоол шийдвэрийн дагуу СЗХ-оос ББСБ-уудыг зээлийнхээ нөхцөлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг гаргасан байсан. Энэхүү мэдэгдэл ББСБ-ын салбарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа вэ, мөн мэдэгдлийн хүрээнд ББСБ-ууд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай улсын нийт аж ахуйн нэгжүүдийн адил маш хүчтэй нөлөө үзүүлж байна. /ББСБ/ системийн хэмжээнд 3421 ажилтан албан хаагч бүхэлдээ гэрийн хорионд байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-аас зээл авсан 550 мянга  гаруй харилцагчийн орлого 100 хувь тасалдахад хүрээд байна. ББСБ бол өөрөө онцлогтой бизнес. Давхардсан тоогоор нийт 2.6 сая гаруй харилцагч, 551 мянган зээлдэгчтэй, үүнээс 4,600 нь дундаж компаниуд байна. Үлдсэн 545 мянган харилцагч нь хувиараа болон бичил бизнес эрхлэгч, иргэд байдаг. Орлогын хувьд дундаж болон бага орлоготой цаашлаад нэн ядуу иргэд ч байна. Эдгээр иргэдийн орлого таг зогссон гэдгийг хэлье. Эдгээр иргэдэд үйлчилдэг ББСБ-уудын үйл ажиллагаа мөн тэг зогслоо. Гэхдээ бид өөрийн нөөц, боломжид тулгуурлан дараах арга хэмжээг авч ажиллаж байна.

  • Харилцагчийн хувьд зээлийн гэрээний хугацааг 2 болон түүнээс дээш сунгасан тохиолдолд ангилал бууруулаагүй;
  • Иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, алданги ногдуулж хүүг нэгтгэн тооцохгүй байна;
  • Харилцагчтай холбоотой аливаа өөрчлөлтийг цахимаар хэрэгжүүлж байна;
  • Харилцагчид хүндрэл үүсгэхгүй, харилцагчийг шаардлагатай мэдээллээр байнга хангаж ажиллаж байна;
  • Зээл олгосон болон бусад үйлчилгээ үзүүлсэн шимтгэлийг тэг болгон бууруулж, зээлийн хүү, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх, бууруулах боломжийг эрэлхийлэн шийдвэрлэлээ;
  • Төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд уян хатан шийдлээр өөрчлөлт оруулах, өрийн дарамтанд оруулахгүй байж, өр орлогын зохистой хэмжээг барьж ажиллаж байна;

Ганц манай улс ч гэлтгүй дэлхий нийтээрээ тахалаас хамаарсан хүндхэн нөхцөлд орчихлоо. Даван туулах эдийн засгийн онол ч , туршлага ч бага байна. Манай улсын шийдвэр гаргагчдын түвшинд хэлэлцэгдээд байгаа шийдлүүд нь олон улсын жишигт яагаад ч нийцэхгүй байгаа. Тухайлбал зээлийн болон хадгаламжийн хүүг хүчээр бууруулна, тэглэнэ гэдэг нь чөлөөт зах зээл дээр зохицуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хувьд Монгол байтугай олон улсын туршлагад байхгүй. Харин хүүг бууруулах зорилгоор төр санхүүжилтээр хангаж байгаа туршлага байна. Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 6 хувь руу буулгасан нь зөв шийдэл гэж харж байгаа. Монголбанкны мэдэгдэж байгаагаар 400 гаруй тэрбум төгрөг зах зээлд суларч гарч ирж байна. Энэ бол арилжааны банкуудын хувьд эх үүсвэр суларч хүү буурах боломж. Өөрөөр хэлбэл бидэнд ч багагүй нөлөөтэй шийдвэр. Зөв шийдвэр гэж харж байгаа. Харин УИХ-ын зарим гишүүдийн яриад байгаа шиг хүүг зогсоох, царцаах, хадгаламжийн хүүг бууруулах, тэглэх гэдэг нь хэн нэгэнд таалагдах гэсэн түр зуурын аргацаасан шийдэл юм. Эдийн засгийг өнөөдрөөр харвал манай улсад чөлөөт зах зээлийг хаан боогдуулах, цаашлаад бичил бизнес эрхлэгч нарын санхүүгийн хүртээмжийг хааж, хөгжих бололцоог нь боогдуулж байна. Албан бус зах зээлд ажилладаг иргэдийг ядуурал руу хөтлөхийг хаа хаана аа анхаарах хэрэгтэй.

-Зээлийн эргэн төлөлтийг гуравдугаар сараас хойш нөхцөл өөрчилж байгаа гэж та хэлсэн, энэхүү арга хэмжээ нь бусад орнуудад ямар байдлаар үр дүн өгч байгаа вэ?

-Дэлхий даяар бичил, жижиг, дунд бизнесийн сектор нийт бизнесийн 90 хувийг эзэлж ажил олголтын 50 хувийг бүрдүүлж байна гэж Дэлхийн банк тооцоолсон байдаг.  Энэ цаг үед бичил бизнесийнхэн хамгийн их нэрвэгдэж байна. Энэтхэгийн төв банк  гэхэд арилжааны банкууддаа санхүүжилт олгосон ч ядуу иргэддээ хүрч чадалгүй том компаниудад хүрсэн байх жишээтэй. Санхүүгийн байгууллагууд зээлийн нөхцөлд удаа дараа өөрчлөлт оруулж, эргэн төлөлт хойшилж байгаа нь мөнгөн урсгалын гачигдалд оруулж байна. Олон улсын  “CGAP” судалгаагаар бол эдгээр ББСБ-уудын 25 хувь нь зээлийн урсгалын гачигдалд орсон, зээлийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэж чадахааргүй болсон байна гэсэн судалгааг гаргасан. Хорио цээр дараа ч бичил бизнес эрхлэгчдийг дэмжих санхүүгийн үйлчилгээний дутагдалд орох эрсдэл байна гэж тус байгууллага дүгнэсэн. Мөн хавтгайрсан  нөхцөл өөрчлөх хандлагаас татгалзах нь зөв гарц гэж дүгнэж байна. Үүний оронд харилцагчийн шийдвэр гаргалтад тусалж зөвөлгөө мэдээллээр хангаж хамтран ажиллах нь хамгийн сайн арга зам гэдгийг бусад орны жишээнээс харж болно.  Нөгөөтэйгүүр санхүүгийн байгууллагуудын мэргэжлийн холбоотой зохицуулагч байгууллага нягт холбоотой ажиллаж шийдэл гаргах гарц нь хамгийн зөв болоод байгааг олон улсын байгууллагууд зөвлөмжиндөө дурьдаж байгаа.

-Арилжааны банкуудтай харьцуулахад ББСБ-ууд харилцагчтайгаа их ойр ажилладаг гэж хардаг. Цар тахлын үед ББСБ-ын зээлдэгч иргэд, бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байгууллагуудад ямар хүндрэл үүсэж байгаа талаар тооцоо, судалгаа байдаг болов уу?

-Нээх олон тоо нуршилгүй ганцхан жишээ хэлье. ББСБ-ууд нийт 551 гаруй мянган зээлдэгчтэй гэж хэлсэн. Өнөөдөр лангуу түрээслээд гутал зарж, гуанз ажиллуулж байгаа бичил бизнес эрхлэгч  эсвэл приус машин зээлдээд таксиний үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, барилгын засал хийж өдрийн орлогоо олдог иргэд арваннэгдүгээр сарын 11-ээс ямар ч орлогогүй болчихоод байна. Таксины жолооч дээр тайлбарлахад өдөрт дунджаар 60 мянган төгрөгийн цэвэр орлоготой. Сардаа дунджаар нэг сая 500 мянган төгрөгийн цэвэр орлоготой. Үүнээс 30 орчим хувиар нь машиныхаа үндсэн зээл, хүүг төлж байна. Үлдсэнээр нь амжиргаагаа залгуулж байгаа. Одоогоор машин лизингээр авсан иргэний орлого тэг болчихоод байна. Энэ хүн яаж зээлээ төлөх, яаж амьдралаа залгуулах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Хэрэв ковидыг дотооддоо алдаагүй бол тухайн хүн зээлээ төлөөд амжиргаагаа асуудалгүйгээр залгуулах л байсан. Тухайн хүний орлого тасалдсан нь ББСБ-ын буруу биш. Харин дотоодод ковид алдагдсанаар иргэн ч тэр, ББСБ ч тэр хоёулаа хохирч байна. Гэхдээ улс төрчдийн яриад байгаа шиг харилцагчид нийтээрээ асуудалд орчихоогүй. Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо “МББСБХ”-нд хоёр ч том ББСБ-д зээлийн нөхцөлийг өөрчлөх хүсэлт харилцагчдаас тун цөөн буюу бараг ирээгүйг мэдэгдсэн. Энэ нь харилцагчтайгаа ойлголцоод ирэхлээр үнэхээр нөхцөл өөрчлөх хэрэгтэй эсэхээ харилцагч шүүн тунгааж байна гэсэн үг. Харилцагчид арванхоёрдугаар сарын 1-нд хөл хорио сунгагдах эсэхээс шалтгаалж шийдвэрээ гаргая  гэх тохиолдол их анзаарагдаж байна.  Хөл хориог МҮХАҮТ-ын санал болгоод буй үе шаттайгаар чөлөөлж эхлэх юм бол хүндрэлээс бид харьцангуй хөнгөн гарна.  Хэрэв хөл хориог үе шаттайгаар хөнгөлж чадахгүй бол маш том хохирлыг хамтдаа үүрэх эрсдэлтэй байна.

-ББСБ-уудыг иргэний зориг гаргаад хүүгээ тэглэх хэрэгтэй гэж зарим УИХ гишүүд шаардаад байгаа, энэ хэр зөв зүйтэй шаардлага вэ?  Хэрэгжих боломжтой юу?

-Монгол улс шинэ үндсэн хуулиа батлаад 30 жил болж байна. Бид 1990 онд чөлөөт зах зээл, ардчиллыг эргэлт буцалтгүй сонгосон. ББСБ гэх мэт бүх хувийн хэвшил тодорхой хэмжээнд өөрийн нөөц бололцоогоороо, зах зээлийн өрсөлдөөнөөр бүхий л чадах зүйлээ хийх нь ойлгомжтой. МББСБХ-нд ирүүлж байгаа мэдээгээр бүгд л чадах бүхнээрээ харилцагчидтайгаа тохиролцож гарцаа олж байна. Өнөөдөр системийн томоохон ББСБ-ууд бүгд гадаад дотоодын санхүүгийн байгууллагууд, ард иргэдээс өндөр хүүтэй зээл, өрийн бичиг татаж жижиг зээлийн үйл ажиллагаагаа явуулдаг. ББСБ иргэн, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, халамжлахдаа мэргэжлийн болсон салбар. Харилцагч нарын зээлийн төлөлт хойшлогдох тутам харилцагчиддаа зээлээ олгож чадахаа болиод эхлэнэ. Ийм эрсдэлтэй үед ард иргэдэд санхүүгийн хүртээмжийг бууруулах нь хамгийн буруу гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Зээлийн хүүг бууруулах нь одоогийн нөхцөл байдалд цогц шийдэл бас л биш, иргэдийг орлоготой байлгах нь харин эцсийн шийдэл. Бусад оронд төр нь төсөвтөө тодотгол хийж, үргүй зарлагаас татгалзаж, сан байгуулж хүүгүй, эсхүл бага хүүтэй мөнгөө арилжааны банк, ББСБ-уудаар дамжуулан зорилтот бүлэгтээ олгож, өндөр хүүтэй зээлүүдийн дарамтыг бууруулдаг.  Монгол Улсад харамсалтай нь аж ахуйн нэгж түүн дундаа санхүүгийн салбарлуугаа асуудлаа чиглүүлж буруутныг хайх явдал гарсаар байгаад харамсаж байна. Хамтын шийдэл гаргаж, хямралыг давах шаардлагатай байгааг улстөрчид ойлгох хэрэгтэй .

-Хадгаламж авдаггүй юм чинь хүүг зогсооход ямар асуудал байгаа юм бэ, танай салбар чинь өндөр хүүгээр зээл олгож байгаа биз дээ?

-УИХ-ын гишүүн 70 хувийн ашигтай, түүнээсээ татгалз гэсэн. Тэгвэл ашигтай бүх өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэгч, импортлогч компаниуд ашгаасаа татгалз гэсэнтэй утга нэг. Ашиг бол өөрийн хөрөнгийн өгөөж гэх үзүүлэлтээр бодитой гардаг. 2019 онд ББСБ-уудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 12.5 хувь гэж гарсан. Энгийнээр зүйрлэх юм бол ББСБ-н хувьцаа эзэмшигч жилдээ 100 төгрөг тутам 12.5 төгрөгийн ашиг олж байгаатай адил бөгөөд арилжааны банкны нэг жилийн хадгаламжийн хүүтэй ойролцоо ашигтай гэсэн үг юм. ББСБ-уудын үйл ажиллагааны зардал банкыг бодвол хамаагүй өндөр байдаг, энэ нь банкны нэг харилцагчид олгох зээлийг ойролцоогоор 5 түүнээс дээш зээлдэгчид олгодогтой холбоотой. Мөн ББСБ-ууд арилжааны банкуудтай адил биш эх үүсвэр татах нь хязгаарлагдмал, өртөг өндөр байдаг. Жишээ нь ББСБ-уудын нэг жилийн дотор бусдад төлөх хүлээгдэж буй өр төлбөр нь 238 тэрбум төгрөг байгаа нь мөнгөн урсгалд ихээхэн хүндрэл учруулна.  Үндсэн хууль зөрчин хүүг царцааж, тэглэх нь ард иргэд орлогогүй, өрхийн бизнесийн үйл ажиллагаа нь таг зогссон ийм үед тохирсон шийдэл биш. ББСБ-ууд системийн хэмжээгээр 3400 гаруй боловсон хүчнийг ажлын байраар хангаад, 551 мянга гаруй иргэд, компаниудад зээлийн үйлчилгээ үзүүлж, Монгол улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, татвар төлж, энэ бүгдийг тусгай хяналт зохицуулалтын байгууллага дор 12 хуультай холбогдож, олон тооны журам зааврыг дагаж мөрдөн ажиллаж байна.

-Тэгвэл ББСБ салбарт бий болж байгаа хөгжил дэвшлийн талаар товчхон танилцуулаач

-Өнөөдрийн байдлааар 533 ББСБ 8,700 хувьцаа эзэмшигчидтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 107 ББСБ алдагдалтай ажилласан. Бүртгэлтэй 533 ББСБ-ын 456 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. ББСБ-ын талаар би танд маш энгийн жишээ хэлье.  Бид зах зээлд 1.3 их наяд төгрөгийн зээл гаргасан. Дэлхий даяар цар тахал гарсан ч гэсэн  1.2 их наяд төгрөгийн зээл хэвийн ангилалд байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 530 гаруй мянган иргэд маань санхүүгийн тодорхой хэмжээний хуримтлалтай болж санхүүгээ удирдаж сурч байна. Санхүүгийн боловсролтой болж байна. Зээл авч ирээдүйн боломжоо өнөөдөр бий болгож байна, зээлийн эргэн төлөлтөндөө дийлэнх олонх нь хэвийн төлөлт хийж байгаа.  Өнгөрсөн оны мөн үеэс жилийн жигнэсэн дундаж хүү 5 хувиар буучихаад байна. Эдийн засгийн зөв механизмаараа явбал энэ хүү цаашид буурах боломжтой. Танд бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд арилжааны банкууд өндөр дүнтэй бизнесийн зээлийг харьцангуй бага хүүтэй, урт хугацаанд олгох боломжтой, төсөл хөтөлбөрийг дамжуулан хямд зээлдүүлж байдаг. Хадгаламж татдаг учраас тийм боломж байна. Бид хадгаламж, төсөл хөтөлбөр татдаггүй.  ББСБ-ууд 100 мянган төгрөөөс эхлээд 10 сая хүртэл төгрөгийг богино хугацаа буюу  1 сараас дээд тал нь 48 сар хүртэл хугацаанд олгож байгаа. Ер нь дэлхий дахинд ч гэсэн манайтай ойр нөхцөлөөр, ойр дүнгээр зээл олгодог юм байна. Зарим талаараа манай ББСБ-ын хөгжил хөгжингүй орны зэрэгт хүрсэн. Олон нийтэд хувьцаагаа санал болгож байна. Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг АНУ-аас илүү хурдтай олгож байгаа гээд бодохоор дэвшингүй хөгжлийн замдаа орсон. Зарим ББСБ-ууд урт хугацаатай, үл хөдлөх хөрөнгийн зээл олгоод эхэллээ. Бид нийт санхүүгийн зах зээлийн 5 гаруй хувийг эзэлж байна. Өнгөрсөн жилийн өдийд 4 хувьтай байсан. Тодорхой тооны иргэд ББСБ-уудад итгэж итгэлцлийн үйлчилгээг авлаа. Хөрөнгийн зах зээл дээр 4 ББСБ гарч иргэд хөрөнгө оруулалт хийж, хоёрдогч зах зээл дээр хувьцааны ханш нь өсөж 8 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон. Энэ салбар санхүүгийн хүртээмж дутагдалтай бүлэгт үйлчилж,  арилжааны банкны ирээдүйн томоохон харилцагч болох суурийг нь бэлддэг зориулалтын болон зохицуулалттай байгууллага.

-Бусад улс орнууд “Ковид 19” цар тахал дотроо алдсан үедээ ямар арга хэмжээ авч байгаа бол, мэдээж суралцах олон туршлага байгаа байх?

-Монгол улс шиг хөгжиж байгаа орнуудын талаар олон улсын судалгаа шинжилгээнүүд их гарсан байна.  Тэдний хувьд 2020 оны эхэн үеэр хатуу хөл хорио тогтоосон, одоо хоёд дахь давалгаагаар дахин хөл хорионд орж эхэлж байгаа ба авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс нь бид хамгийн зөв туршлагаас нь ашиглаж болох юм. Юны түрүүнд бичил зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй.  Жишээ нь хөл хорионы үед аюулгүй байдлаа хангаад заавал ажиллах ёстой салбарын нэг гэж Энэтхэг, Мексик, Иордан гэх мэт олон орнуудад үзсэн. Зарим оронд цахим шилжилтийг шуурхай нэвтрүүлж байгаа. ББСБ-уудынхаа харилцагчийн зээлд нөхцөл өөрчилж, зээлийн ангиллыг тодорхой хоногоор хэвийнд тооцож, зээл хүүгийн төлөлтөө хойшлуулах боломжуудыг нийтлэг олгож байна.  Дийлэнх нь Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны авч хэрэгжүүлж байгаа одоогийн зохицуулалттай маш төстэй байна.  ОХУ гэхэд зээлдэгчийн үйл ажиллагаа цар тахал нөлөөлсөн гэдгээ нотолж байж зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж байна. Египет гэхэд торгууль, шимтгэлгүйгээр 6 сар зээлийн төлөлтийг хойшлуулах боломжоор хангасан. Манайд ойр Киргизстан улс гэхэд харилцагчийн хүсэлтээр гурван сар хүртэл нөхцөл өөрчлөх боломжийг өгч байна.  Олон оронд зөвхөн ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж байна, бодлогын хүүгээ бууруулж байна.  Харин зарим оронд ломбардын зээл, өдрийн зээл олголтын сурталчилгааг зогсоосон, хүүг хязгаарласан гэх мэт зохицуулалтууд Казакстан, Их Британи зэрэг орнуудад хэрэгжүүлсэн туршлага байна. Зохицуулагч байгууллагууд нь ББСБ-ууд болон банкууддаа зохистой харьцаануудаа чөлөөлж өгсөн. Тухайлбал Нигер улсад өөрийн хөрөнгөө өсгөх шаардлагаа нэг жилээр хойшлуулсан байна.  Төлбөр түргэн гүйцэтгэх шалгуураа зөөлөлж байна.  Жишээ нь Пакистанд дотоодын зах зээл, сангуудаас хөрөнгийн эх үүсвэр татах боломжуудыг олгож байна. Индонез, Казакстан гэхэд хөнгөлөлттэй зээлийг санхүүгийн байгууллагуудаараа дамжуулан олгоод явж байна. Хүү тэглэх, царцаах арга хэмжээг ямар нэг орон одоогоор аваагүй.

-Тэгвэл энэ цар тахлын хүнд үед ямар гарц байна гэж харж байна?

-Юун түрүүнд, одоогийн хэрэгжиж байгаа СЗХ-ны арга хэмжээ ямар ч байсан олон улсын жишигтэй ижил байгаа нь авууштай.  Би дээр олон улсын жишиг туршлагуудыг дурдлаа, үнэндээ бидэнд гарын авлага хангалттай байна.  Хэдхэн хоногийн өмнө Монголбанкнаас бодлогын хүүг 6 хувь болгож, заавал байлгах нөөцийн хэмжээг буулгаж 6 хувьд хүргэсэн нь 400 гаруй тэрбум төгрөгийг сулласан гэж мэдэгдсэн. Тэгвэл /ББСБ/ дунд хугацаанд 400-500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн шийдэл  гаргаж өгөх шаардлага байна. Бид яагаад Индонез, Казакстаны туршлагыг нэвтрүүлж болохгүй гэж. Ингэснээр бичил бизнес эрхлэгч болон ард иргэдэд шууд тусч буй хөл хорионы дэглэмээс болж орлогогүй болсон иргэдийг ядуурлаас аврах боломжтой. Энэ нь үндсэн зээл болон зээлийн хүүг ипотекийн зээлтэй адил шийдвэрлэх бүрэн боломж байна. Тухайлбал АНУ-д  2008 онд болсон үл хөдлөх хөрөнгөөс улбаалсан эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Холбооны нөөцийн сан, Сангийн яам нь хамтран 700 тэрбум ам.долларыг компаниудад олгосноор дампуурлаас аварч байсан түүх юм. Үүнтэй адил арга хэмжээг нэн яаралтай авч бичил бизнес эрхлэгч, иргэдээ аврах гарц байхыг үгүйсгэхгүй. Орлогыг нь хаасан бол төр засаг гарц гаргалгааг нь заавал гаргаж орлого олох боломжийг нээж өгөх хэрэгтэй. Мөн энэ оны тавдугаар сар буюу цар тахалын ид идэвхижилттэй үед Трампын Засгийн газар насанд хүрсэн иргэнд 1200 ам.доллар харин хүүхдэд 600 ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Бусад маш олон орон ийм арга хэмжээг авсан.  Өөрөөр хэлбэл эдийн засгийн ТЭГ зогсолт болохоос урьдчилж зөөлөн давах зорилготой ард иргэдийн гарт мөнгө олгож, зарим үргүй зардлуудаа танах ёстой. Түүнчлэн зохицуулагч байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Хороо зарим нэг эрсдэлийг тооцож хязгаарласан зүйл заалтуудаа эргэж харвал сайн байна. Тухайлбал итгэлцлийн үйлчилгээг өөрийн хөрөнгийн 80 хувь гэдгийг нэмэгдлүүлж 120 хувьд хүргэх, заавал байх нөөцийн хэмжээг 8 хувиас бууруулах, ирэх 2021 оны хоёрдугаар сард ББСБ–ын өөрийн хөрөнгө доод хэмжээг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулах, хүүгийн бус орлого олох бааз суурийг өргөтгөх, татварын хөнгөлөлт үзүүлэх, даатгалын байгууллагуудын чөлөөт эх үүсвэрийн 20 хувийг ББСБ-д байршуулдагийг нэмэгдүүлэх  гэх мэт арга хэмжээг авбал ББСБ-д хүчтэй түлхэц өгөх болно.

-Цаг үеийн асуудлаар ярилцлага өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
5
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж