Аргентин улс даяар Диего Марадонагийн үхэлд харуусан гурван хоногийн үндэсний хэмжээний гашуудал зарласан билээ. Тэгвэл гашуудлын хоёр дахь өдөр цагдаа болон иргэдийн хооронд мөргөлдөөн гарч, эмх замбараагүй нөхцөл байдал үүсчээ.
Диего Марадонагийн шарил өчигдөр/2020.11.27/ Буэнос Айрес хотын төвд байрлах ерөнхийлөгчийн харш Каса Росадад байрлаж байсан бөгөөд харшийн үүдэнд өглөө 06:00 цагаас хэдэн мянган хүн цуглаж, шүтээнтэйгээ салах ёс гүйцэтгэх гэж иржээ. Орон нутгийн цагаар өчигдөр орой салах ёс гүйцэтгэх хүмүүсийн тоо улам нэмэгдэж, хянаж зохицуулахад хэцүү болжээ. Ийнхүү цагдаа нар хүч нэмэгдүүлэн ажиллаж, үймээн дэгдээсэн этгээдүүдийг нулимс асгаруулагч, усан буугаар дарж авсан гэнэ.
Аргентины Буэнос Айрес хотоос гадна одоогоор Испанийн Севилья, Барселона болон Италийн Неаполь хотуудад Диего Марадонаг дурсан санаж, олон зуун хүн цуглаж байгаа ажээ.
Мөн оршуулгын ёслолтой зэрэгцэн нэгэн харамсалтай мэдээ цацагдсан нь Марадонагийн шарилыг хариуцан ажиллаж байсан ажилчид Марадонатай хамт зургаа даруулж, олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Төд удалгүй эдгээр ажилчдыг ажлаас нь халсан бөгөөд Марадонагийн үнэнч хөгжөөн дэмжигчдээс тэднийг заналхийлсэн утгатай захидлууд олноор илгээж байгаа гэнэ.
Диего Марадонаг оршуулах үйл ажиллагаа өнөөдөр/2020.11.27/ явагдсан бөгөөд түүнийг ээж, аавынх нь дэргэд хөдөөлүүлжээ. Энэхүү оршуулгын үйл ажиллагаанд домогт хөлбөмбөгчний гэр бүл, дотны найз нар гээд тун цөөн хүмүүс оролцсон гэнэ.
Холбоотой мэдээ