Дайчдадаа хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Дайчдадаа хүндэтгэл үзүүлэв

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 80 жилийн ойн баярыг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зургаа дахь жилдээ өнөөдөр дүүргийнхээ чөлөөнд гарсан генералууд, хурандаа болон офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүллээ. “Андуудаа одонгоо зүүцгээе” хүндэтгэлийн цэнгүүнд Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Ч.Цог, ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн 3000 гаруй дайчинд зориулсан “Андуудаа одонгоо зүүцгээ” хүндэтгэлийн цэнгүүнийг Батлан хамгаалахын сайд Ч.Цолмон нээж үг хэлсэн.  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон дүүргийн удирдлагууд цэнгүүний нээлтийн дараа чөлөөнд гарсан хурандаа нарт хүндэтгэл үзүүлэн, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.

Хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн дайчдад Ардын жүжигчин Б.Баярмагнай “Дайчин нөхрийн дуу”, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид “Андууд минь одонгоо зүүцгээе”, “Уяхан замба тивийн наран”, “Алтан соёмбот төрийн далбаа”, МУГЖ Н.Чулуунхүү “ Халагдах цэргийн вальс”, МУГЖ С.Бархас “Алтанзул”, МУГЖ Ч.Баярмаа “Чамайг үдье”, дуугаараа мэндчилсэн юм. Мөн “Андуудаа одонгоо зүүцгээе” цэнгүүнд ЗХЖШ, ЦДБЭЧ, дүүргийн Соёлын ордны бүжигчид, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хөгжимчид мэндчилгээ дэвшүүлэв гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж