Монголчууд бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26 мөн үү?

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Монголчууд бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26 мөн үү?

ХХ зууны монголын түүх бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулахын төлөөх их тэмцлийн түүх. Түүний нэгэн үеийг монголчууд Улс тунхагласны баяр хэмээн ёсолдог болоод удаж байна. Олонх хүмүүсийн нүүр номд өнөөгийн Монголын Улсын төрийн далбааг барьсан морьтны доор “Улс тунхагласны баярын мэнд хүргэе!” гэж бичсэн зурагт мэндчилгээ, “Тусгаар тогтнолын баяр” гэсэн үгс залаатай үзэгдэнэ.

11 дүгээр сарын 26-нд үнэхээр Монгол Улсыг тунхагласан гэж үү? Улс тунхагласан өдөр гэж: Тусгаар тогтносон өдөр юм уу? Үндсэн хуультай болсон өдөр үү? Засаглалын хэлбэрээ тогтоосон өдөр үү? Улс байгуулсан өдөр үү? Хөршүүд нь хүлээн зөвшөөрсөн өдөр үү? Олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн өдөр үү? Эсвэл, НҮБ-д элссэн өдөр юм уу?

Монгол хэлний тайлбар тольд “тунхаглах” гэдгийг зарлах, олонд мэдэгдэх хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр, Үндсэн хууль батлах, засаглалын хэлбэрийг сонгох, хөршүүдээрээ хүлээн зөвшөөрүүлэх, олон улсын эрх зүйн этгээд болох зэрэг нь улс тунхаглахтай төдийлөн холбоотой биш байна. Харин, аливаа ард түмэн улсаа байгуулан, тусгаар тогтносноо зарлах нь улс тунхаглаж буйн үндсэн шинж ажээ.

Үүнээс үзэхэд, Модунь шаньюйн Хүннү гүрнээс эхтэй 2200 гаруй жилийн төрийн уламжлалтай монголчууд түүхэндээ хоёр удаа тусгаар тогтнолоо зарлаж, улсаа тунхагласан байна. 800-аад жилийн тэртээд эзэн Чингис хаан Монгол Улсыг анх үндэслэн байгуулсан. Богд Жавзандамба хутагт тэргүүтэн монголын эх орончид 1911 онд туурга тусгаар Монгол Улсаа сэргээн тогтоосон нь удаах түүх. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-нд биш, харин 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь тодорхой байна.

Тэгвэл, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд ямар түүхэн үйл явдал болов? Монголчууд үүнийг хэрхэн үнэлж цэгнэх естой юм бэ? гэсэн асуулт урган гарна. Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн хуульд энэ өдрийг “Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр” гэж заажээ. Хуулийн энэ томъёолол нь жил бүрийн 11 сарын 26-нд идэвхждэг “Улс тунхагласны баяр”-ын тухай төөрөгдлийн шалтгаан болдог. Яагаад гэж үү?

  1. Энэ өдөр ямар нэгэн улсыг тунхаглаагүй, зөвхөн Монголын төр Бүгд найрамдах засаглалын хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан.
  2. Монгол Улс 1924 оны тэр өдрөөс бүр өмнө Бүгд Найрамдах засгийг тунхаглачихсан байв.

Тодруулбал, 1924 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн барс цагт Богд хааныг тэнгэрт дэвшсэн даруйд Намын Төв Хорооноос:

… аливаа ардын эрхтэй улс болбоос цөм Бүгд Найрамдах засгийг явуулах боловч манай Монгол орон цагийн байдалд нийлүүлэн Богд Жавзандамба хутагтыг хаанд хэвээр өргөмжилж, Ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг явуулсан нь эдүгээ Богд хаан нэгэнт таалал төгссөн учир зүй нь одоо чухам Ардын эрхтэй улсын ёсонд нийлүүлэн Бүгд Найрамдах Засгийг явуулбаас зохих болов уу” гэсэн саналыг яаравчлан хүргүүлснийг Олноо өргөгдсөний 14 дүгээр он 5 сарын шинийн 5 (европын 6 сарын 7)-ны өдөр хуралдсан Төв Хорооны Бүгд Хурлын гишүүдийн 3 дугаар хурлын 1-р зүйлд хэлэлцээд:

Бүгд найрамдах ард улсын засгийг явуулбаас зүйтэй болох ба Да жунтан хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй, улсын дээд эрхийг Улсын их хурлын дүрмийн ёсоор тус хуралд хадгалж, хурлын чөлөө цагт Засгийн газар хадгалах ба Бүгд Найрамдах Ард Улсын засгийг явуулах их баярыг 6 сарын шинийн 6-ны өдөр Улсын их баяр лугаа хамтатган явуулж, оны цолыг мөнхүү өдрөөс эхлэн Монгол Улсын 14 дүгээр он хэмээн халах”-аар тогтсон байна. Дангаар эрх баригч намын улс төрийн шийдвэрийг Ардын Засгийн газрын 18 дугаар хурлын тогтоолын I зүйлд шууд ёсчлон баталжээ.

Тиймээс 1924 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуралдсан Намын Төв Хорооны тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлын тогтоолын 1-р зүйл болон Засгийн газрын хуралдаанаас Бүгд Найрамдах Улсын засгийг явуулсны баярыг 1921 оны хувьсгал ялсан зуны дунд сарын шинийн 6-ны өдөр тэмдэглэдэг Улсын их баяртай хамтатган явуулах ёслолын шинэ журмыг батлан тогтоож, түүнд бүх нийтийн оролцоог татсан үйл ажиллагаа тусгажээ.

Тухайлбал, баярын өдөр Нийслэл хүрээний гудамжийг цэвэрлүүлж, албан газар ба айлуудын үүд хаалга зэргийг сайтар гоёж чимүүлэх ажлыг хороодын дарга нар, индрийг гоёх явдлыг Намын Төв Хороо эрхлэн хүлээсэн байна.

Ард олныг хотын захиргаа, нам, эвлэлийн гишүүд ба албан хаагчдыг тухайн Төв Хороо ба яамд, цэргийг Цэргийн яам тус тус хариуцан Индэрийн газарт жагсаан хуралдуулж ёслуулахаар журамласан учир Засгийн газар 1924 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ёслон тэмдэглэсэн Улсын ба Бүгд найрамдах засгийн баярын өдөр албан хаагчдад чөлөө олгожээ. Үүний зэрэгцээ Засгийн газраас цэрэг бүрд нижгээд хайрцаг ёотон, янжуур шагнаж, Цэргийн яам хуучин удаагаар цэргийн хоол хүнсийг нэмсэн аж. Баярт өдөр Засгийн газар төрийн дайллага хийсний зэрэгцээ Цэргийн яамнаас зарлаж, 9 удаа үхэр буу буудуулжээ.

Тэрчлэн, Бүгд Найрамдах Ард Улсын засгийг явуулсан их баяр тохиолдсон учир хорих ялын хугацааны хагас хувьд хүрсэн ялтныг бүрмөсөн суллан тавих, үл хүрсэн ялтныг бүх хугацааны нэгэн дундуурыг хасаж хөнгөтгөх, одоо ял тогтоогүй хүлээгдэн хоригдож бүхүй ялтанд олбоос зохих ялын нэгэн дундуурыг хорогдуулан ял оноох, мөн жинхэнэ алах ял халдсан хүн буй аваас алах ялыг хэлтрүүлэн 10 жил гянданд хорьж, уучлан хишиг хүртээхээр Шүүх яамнаас санал гаргасныг Засгийн газар ёсоор болгон тогтоосон байна.

МАХН-ын дээд удирдлагын шийдвэрийн дагуу Ардын Засгийн Газрын тогтоолоор  Бүгд найрамдах засгийг тогтоосон, Бүгд Найрамдах Засгийг явуулсны баярыг ёслон тэмдэглэсэн, тэр их баярыг тохиолдуулан гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлсэн зэрэг баримт Монгол Улс Бүгд найрамдах засгийг 1924 оны 7 дугаар сарын 8-нд зарлан тунхагласныг хөдлөшгүй гэрчлэнэ.

Ташрамд өгүүлэхэд, төр, эрх зүйн орчин үеийн онолын үүднээс төрийн удирдлагын хэлбэр (төрийн засаглалын хэлбэр)-ийг үндсэнд нь хаант болон бүгд найрамдах төр гэсэн хоёр бүлэгт хуваана. Хаант төр нь Хэмжээгүй эрхт хийгээд Хэмжээт эрхт хаант төр гэсэн хоёр хэвтэй. Бүгд найрамдах төр нь Парламентын ба Ерөнхийлөгчийн бүгд найрамдах төр гэж мөн л хоёр заагтай.

Монгол Улс Ерөнхийлөгчийн бүгд найрамдах төрөөс бусад төрийн түүхэн туршлагатай. Модунь шаньюйгаас эхтэй хэмжээгүй эрхт хаант төрийн хоёр мянган жилийн уламжлал 1921 оны хувьсгалын ялалтаар тасалбар болдог. Түүнийг залгасан  Хэмжээт эрхт хаант төрийн 3 хүрэхгүй жилийн түүх 1924 оны хавар Богд хаантай хамт төгссөн. Түүнээс хойш Монголд парламентын Бүгд найрамдах төр хүчин төгөлдөр оршин байна.

Монгол Улс парламентын Бүгд Найрамдах засагтай болсныг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14-р тогтоолын I зүйлд баталсан тус улсын анхдугаар Үндсэн хууль хуульчлан баталгаажуулжээ.

1924 оны Үндсэн хууль бол 1911 онд туурга тусгаар улсаа байгуулсан цагаас олон улсын орчин үеийн төр эрх зүй чиг хандлагатай уялдуулан төр улсын Үндсэн хууль цаазтай болох гэсэн монголчуудын олон жилийн хүчин чармайлтын үр дүн байв. Богд хаант Монгол Улсын үед Үндсэн хуультай болоход чухалчлан анхаарч иржээ. Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн даалгавраар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн олон улсын төр, эрх зүйн байдлыг судлан “Улсын эрх” бүтээл туурвисан бол нэр нь үл мэдэгдэх орчуулагчид “Түмэн улсын ердийн цааз”, “Түмэн улсын албан цааз” гэсэн олон улсын төр, эрх зүйн онолын номыг монголчилжээ. Түүнээс гадна, АНУ, Япон, Зөвлөлт Орос гурван улсын Үндсэн хууль болон Английн үндсэн хууль гэгддэг хүний эрхийн тунхаг Магна Харта-ийг тус тус бүтнээр нь, Норвегийн Үндсэн хуулийн хурлуудын тухай хэсгийг монгол хэлэнд буулгасан нь одоо Үндэсний номын санд хадгалаатай байна. Цаг үе төр, эрх зүйн эдгээр түүхэн баримтын талаарх мэдэгдэхүйц судалгааг хүлээсээр байгаа юм. 1910-аад онд Засгийн газарт зөвлөх эрхтэй Улсын дээд, доод хурал (хоёр танхимтай парламент) зэрэг төрийн ардчилсан байгуулалтыг шат дараатай буй болгосон нь Богд Хаант Монгол Улсын үед эхэлсэн Үндсэн хууль боловсруулах ажлын тусгал байсныг доктор З.Лонжид нарын судлаачид тэмдэглэжээ.

Улмаар, Ардын Засгийн газар өмнөх төрийн хүчин чармайлтыг үргэлжлүүлж, 1922 оны 5 дугаар сард Шүүх Яамны сайд Магсаржаваар ахлуулсан Үндсэн хууль зохиох комиссыг байгуулж, Англи зэрэг улсын жишгийг харгалзах чиглэл өгч байснаа мөн оны сүүлчээр гэнэтхэн энэ ажлаа зогсоосон байна. Тэр үед Үндсэн хуулийн хоёр ч төсөл боловсруулаад байсныг Бодоогийн төсөл, Ж.Цэвээний төсөл гэж ялган тэмдэглэдэг. Цэвээний төсөл нь Японы Үндсэн хуулийг баримжаалсан шинжтэй байдаг бол Бодоогийн төсөл Английн төр, эрх зүйн харилцааг жишээлсэн талтай ажээ. Удаах төслийн зарим хэсэг 1921 оны намар Богд хаан хийгээд Ардын Засгийн Газрын хоорондын харилцааг зохицуулсан Тангаргийн гэрээнд туссан учир тэр үеийн Ерөнхий сайдын нэрээр  Бодоогийн төсөл гэж нэршсэн юм. 1922 оны намар Бодоог улс төрийн хилс хэрэгт цаазалсны дараахан Үндсэн хуулийн комиссыг тараасан нь Хэмжээт эрхт хаант засгийг байгуулах гэсэн монголын хувьсгалчдын үзэл санаа гадны хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдсны гэрч.

Богд хааныг нас барангуут тунхагласан парламентын Бүгд найрамдах засгийг хуульчлан баталгаажуулах зорилгоор Ерөнхий сайд Цэрэндорж, Зөвлөлтийн тусгай томилолтын дагуу Монголын Засгийн газарт хууль цаазын зөвлөхөөр ажиллахаар ирсэн орос П.В.Всесвятский, Коминтерны төлөөлөгч, киргиз Т.Т.Рыскулов нарын бүрэлдэхүүнтэй Үндсэн хууль зохиох комиссыг байгуулжээ. Энэ комисс Зөвлөлтийн Үндсэн хуулийг баримжаалсан төсөл зохиосныг Улсын анхдугаар хурал 1924 оны 11 дүгээр сарын 24-26-нд хэдхэн өдөр хэлэлцээд шууд баталсан гэдэг.

Коминтерн ба Зөвлөлтийн тал 1921-1924 онд “Анхны долоо”-гийн Д.Бодоо, Д.Чагдаржав, С.Данзан нарын олон хүнийг улс төрийн хилс хэрэгт егүүтгэсэн нь монголчуудыг зөөврийн Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Цаашлаад, энэхүү Үндсэн хуулиар иргэдээ жинхэнэ ба жинхэнэ бус ард гэсэн хоёр хэсэгт ялган хувааж, жинхэнэ ард (манай тал) ядуу ардад засгийн эрхийг олгоод жинхэнэ бус ард (дайсан): чинээлэг иргэд, урьдын ван, гүн, хутагт хувилгаад, лам нар зэрэг нийгмийн бүлгүүдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж, нийгмээс ялгаварлан гадуурхсан нь 1940-өөд он хүртэл үргэлжилсэн улс төрийн их хэлмэгдүүлэлтийн эрх зүйн шалтгаан болсон юм.

Гэхдээ, Үндсэн хуультай болсон нь төр, эрх зүйн томоохон дэвшил байв. Хаант засгаас татгалзаж, Парламентын Бүгд найрамдах засгийг баталгаажуулсан нь Монголын түүхэнд шинэ хуудас нээснийг тэмдэглэх нь зүйтэй. Хамжлагат ёсыг халснаар нийгмийн харилцааны бүхий л хүрээнд ардчилсан ёс нэвтэрч, эмэгтэйчүүдэд улс төрийн эрх олгосон зэрэг нь ХХ зууны Монголын нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлжээ.

1924 оны энэ үйл явдал монголын түүхийн онцгой тэмдэглэлт баярын нэг мөн учир жил бүрийн 11 сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгийн баталгаажуулсан баяраа монгол нийтээр ёслон тэмдэглэж байх учиртай.  Эл их баярын түүхийг сөхвөл, 1924-1939 онд Бүгд найрамдах засаг тогтоосон баярыг Улсын баяртай хамтатган 16 удаа тэмдэглэжээ. Гэвч, 1940 онд дараагийн Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноор Бүгд найрамдах засгийн баярын эрх зүйн зохицуулалт хүчингүй болов. Гэхдээ, Бүгд найрамдах засгийг тогтоосон тэгш ойн баярыг 1964 онд МАХН-ын III их хурлын ойтой хамтатган, 1974 онд Л.Брежнев, 1984 онд В.Гришин тэргүүтэн Зөвлөлтийн нам-засгийн удирдагчид, төлөөлөгчдийг урилгаар айлчлахад сүрлэг тэмдэглэж байсныг профессор Д.Баярхүү өгүүлжээ.

Ардчилсан хувьсгалын ялалтаар марксист үзэл суртал, үнэт зүйл нь үнэгүйдсэн МАХН нийгмийн нөлөө, нэр хүндээ алдахгүйн тулд төдий л ойшоохгүй явж ирсэн 1924 оны 11 дүгээр сарын 26-ныг 1990 оноос “Бүгд найрамдах улс тунхагласны баяр” болгон өргөмжлөн тэмдэглэж эхэлсэн нь монголчуудыг “Улс тунхагласны баяр” хийгээд “Тусгаар тогтносны баяр”-ын мананд төөрүүлээд байна. Харин, Ардчилсан нам засагласан 2012-2015 онд энэ баярыг тэмдэглэлт өдөр болгон зэрэглэл бууруулж, ажлын өдөр болгосныг МАН 2016 оны сонгуулийн дараа бүх нийтээр амрах баярын өдөр болгон сэргээсэн билээ.  Үүгээр тооцоход монголчууд энэхүү баярыг 46 дахь удаагаа ёслон тэмдэглэж байгаа аж.

“Улс тунхагласны баяр”-ын нэр хүнд өсөхөд үндэсний бөхийн барилдаан ихэд нөлөөлсөн бөгөөд 1984 онд анх зохион байгуулагдаж, 1990 оноос үргэлжилж байгаа энэ барилдаан 1996 онд Ардчилсан Засгийн газрын бодлого, 2009 онд N1H1 вирусын дэгдэлт, энэ 2020 онд титэмт вирусын цар тахлын улмаас улмаас 3 удаа өнжөөд байна. Энэ баярт зориулсан 29 удаагийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 6, улсын аварга Ч.Санжаадамба 5, Г.Өсөхбаяр 3, Д.Сумъяабазар болон улсын гарьд И.Доржсамбуу нар хошоод, дархан аварга Х.Баянмөнх нарын 11 бөх тус бүр нижгээд түрүүлжээ.

11 дүгээр сарын 26-нд монголчууд Бүгд найрамдах улсаа тунхаглаагүй, тусгаар тогтнолоо зарлаагүй, зөвхөн анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг хуульчлан баталгаажуулсан баярын өдөр. 12 дугаар сарын 29: Тусгаар тогтносон Монгол Улсыг сэргээн тунхагласан баярын өдөр, 7 дугаар сарын 8: Монгол оронд Бүгд Найрамдах засгийг тунхагласан баярын өдөр, 7 дугаар сарын 11: 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын баярын өдөр.

Монгол төрийн баяруудыг түүхэн үнэнд нийцүүлэн хуульчилж, түмэн төөрөгдөл, мянган хоцрогдлоос гарахад эрдэмтэн судлаачдын санаачилга, улс төрчдийн хүчин чармайлт, улс төрийн намуудын хүсэл зориг чухал юм.

Түүхийн ухааны доктор (Ph.D) Тайжууд Х.Мөнхбаяр

munguu_zag@yahoo.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж