ХОМ-ийн зөрчилтэй найман хүнд хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

ХОМ-ийн зөрчилтэй найман хүнд хариуцлага тооцжээ

Авлигатай тэмцэх газраас ХОМ-ийн хяналт шалгалтын чиглэлээр 2015 онд 22 байгууллагын 453 албан тушаалтны мэдүүлгийг шалгажээ. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 47 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулсан байна.

Харин энэ он гарсаар ХОМ-ийн зөрчилтэй найман албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, ажлаас халах хариуцлагыг тооцуулжээ. Одоогоор Ашигт малтмалын газар, Хөдөлмөрийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нийт 124 мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтыг явуулж буй аж.

Улсын хэмжээнд 39853 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол хоёр хүн хугацаа хожимдуулж, гурван хүн мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар мэдүүлгээ гаргаж өгөөгүй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлгээ бүртгүүлсэн байна.  

Авлигатай тэмцэх газраас энэ улиралд багтаан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тосны газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж