Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө 5 хүн цаазлана

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө 5 хүн цаазлана

Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө 5 хүн цаазлана

Жо Байден тангараг өргөхөөс ердөө 56 өдрийн өмнө Дональд Трампын хууль зүйн яам санаанд оромгүй зүйл хийх гэж байгаагаа зарлалаа. Энэ нь Ерөнхийлөгч солигдох хугацаанд амжиж цаазын ял гүйцэтгэх явдал юм. Трамп нэгдүгээр сарын 20-нд болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө нийт таван цаазын ял гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Хууль зүйн яамны ерөнхий хуульч Уйллиам Барр өнгөрсөн зун АНУ-ын түүхэнд  17 жил сонсогдоогүй байсан цаазын ялыг дахин сэргээсэн билээ. Энэ долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ хууль зүйн яам цаазаар авхуулах гэж байгаа ялтнууд нь бүгд онц ноцтой хүн амины хэрэгтнүүд хэмээн дурьджээ. Баррын удирдлага дор хууль зүйн яам цар тахлын хүндрэлийг үл харгалзан энэ жил хэдийн найман хүнийг цаазласан билээ. Хэрвээ төлөвлөсөн таван цаазын ялыг гүйцэтгэж амжвал Трамп, Барр нарын удирдлагаар хууль зүйн яам ердөө зургаан сарын дотор 13 хүний амийг тасалсан хэрэг болох юм.

Өнгөрсөн жил хүртэл цаазын ял гүйцэтгээгүй байсан АНУ-ын хувьд дээрх тоо нь маш ноцтой зүйл юм. Ялангуяа Ерөнхийлөгч солигдох хугацаанд цаазын ял гүйцэтгэнэ гэдэг бол хэдэн зууны турш тохиолдоогүй ховор зүйл билээ. Тухайлбал 1889 онд Грүвер Кливлэнд дараагийн Ерөнхийлөгчдөө суудлаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө цаазын ял гүйцэтгэж байсан түүхтэй. Трамп ийнхүү суудлаа өгөхөөс өмнө аль болох олон цаазын ял гүйцэтгэхээр яарч байгаа нь Жо Байдены цаазын ялын эсрэг байр суурьтай холбоотой байж магадгүй гэнэ. Жо Байдены Ерөнхийлөгчийн суудал хүлээн авах ажлын төлөөлөгч Т.Ж.Дакло “Жо Байден цаазын ялыг тууштай эсэргүүцдэг бөгөөд Ерөнхийлөгч болмогцоо холбооны түвшинд цаазын ялыг хориглох талаар хичээн ажиллана” хэмээн ярьж байсан юм.

Нэгдүгээр сарын 20-оос өмнө цаазаар авахаар төлөвлөсөн таван хүний дунд Брендон Бернард хэмээх хоригдол бий. Тэрбээр өнгөрсөн 70 гаруй жилийн түүхэнд өсвөр насандаа үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө АНУ-ын шүүхээс цаазын ял сонссон хамгийн залуу хэрэгтэн юм. Тэрбээр 18 настайдаа найзтайгаа хамт хоёр хүний амь бүрэлгэсэн бөгөөд хамсаатан Кристопер Виалва нь бүх хэргээ хүлээгээд, есдүгээр сард цаазлуулсан аж. Мөн дээрх таван хүний дунд онц хэрцгий хүн амины хэрэг үйлдсэн Лиза Монтгомери гэх эмэгтэй байгаа нь мөн л АНУ-ын 70 гаруй жилийн түүхэнд цаазын ял сонссон анхны эмэгтэй хүн болж буй юм. Түүнээс гадна Дастин Хиггс, Кори Жонсон хэмээх өнгөт арьстнууд болон Альфред Бургеос хэмээх хүнд гэмт хэрэгтнүүдийн цаазын ялыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд таван гэмт хэрэгтний үйлдсэн хэргийг үл харгалзан өмгөөлөгч нар нь цаазын ялыг хэтэрхий хүнлэг бус хэмээн үзэж, аль болох хойшлуулахаар хичээнгүйлэн ажиллаж байгаа аж. Харин Трамп дээрх цаазын ялуудыг бүрэн эрхийнхээ хугацаанд амжуулан гүйцэтгэхээр төлөвлөж буй нь түүний улс төрийн бодлого болон хувь хүний мөн чанар ямар байгааг харуулж байна хэмээн ажиглагчид үзэж буй юм.

Эх сурвалж: REFINERY29

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
100
ЗөвЗөв
25
БурууБуруу
24
ТэнэглэлТэнэглэл
23
ГайхмаарГайхмаар
22
ХарамсалтайХарамсалтай
19
ХахаХаха
15
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж