Малын хорогдол 416.5 мянгад хүрлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

Малын хорогдол 416.5 мянгад хүрлээ

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хаваржилт болон мал төлөлтийн талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар мал төллөлт 209.4 мянган эх мал төллөж 204.7 мянган төл буюу 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай явна. Харин малын хорогдол 416.5 мянга болж 68.0 мянгаар нэмэгджээ. Үүнээс тэмээ 130, адуу 15.3 мянга, үхэр 39.9 мянга, хонь 142.2 мянга, ямаа 219.0 мянга буюу оны эхний нийт малын 0.7 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (71740), Сүхбаатар (69139), Завхан (58390), Баянхонгор (40279), Архангай (36593)   аймгууд байна.  2009-2010 оны хаврын мөн үед 5.0 сая орчим мал хорогдсон байсан бол энэ жил өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулсан, Засгийн газраас хэд хэдэн удаагийн арга хэмжээ авч байгаа, гадаад орны тусламж, дэмжлэгүүд малчдад хүрч байгаатай холбогдуулан малын хорогдол хэвийн байна гэж салбар яамнаас нь үзэж байлаа.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй, хүйтний хэм өдөртөө 12-15, шөнөдөө 20-25 байна.  Одоогийн байдлаар 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай байгаа нь хоёрдугаар сарын 20-ны байдалтай харьцуулахад 38 сумаар, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” болж 69 сумаар буурчээ. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цас ихтэй аймаг, сумдын малчдад Засгийн газраас нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган өвс, тэжээл хүргүүлжээ. Тодруулбал өвөлжилт хүндэрсэн  18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11 мянган тонн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй өгсөн байна. Мөн 7.4 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан өгөхөөр болжээ.

Цаашид мал их хэмжээгээр хорогдохоос урьдчилан сэргийлж  малын тэжээл, эрдэс долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж малыг тэнхрүүлэх шаардлагатай болжээ. Иймээс НҮБ-ын ХХААЯ-тай хамтран 4.2 сая ам.долларын тусламж үзүүлж, малчдад малын тэжээл хивэг, долооцууд, эм тариа, витамины тусламж үзүүлэхээр болсон байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж