Дархан-Уул аймагт covid-19 халдварын 11 тохиолдол шинээр батлагдлаа гэж аймгийн Онцгой комиссоос /2020.11.27/мэдээлэв. Тодруулбал, өчигдөр 19.037 мянга гаруй өрхөөс шинжилгээ авахад хоёр тохиолдол илэрсэн байна. Батлагдсан хоёр тохиолдлын ойрын нэгдүгээр хавьтал болох 26 иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу шөнө гарахад 7 гэр бүлийн гишүүнээс covid-19 илэрчээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:
-Батлагдсан хоёр тохиодлол нь өмнөх 20 тохиолдолтой холбоотой байсан. Шинэ хоёр тохиолдлын ойрын хавьтал болох 26 иргэнийг тусгаарласан. Эдгээр иргэний шинжилгээний хариу өнгөрсөн шөнө гарсан ба 7 гэр бүлийн гишүүний хариу эерэг гарсан.Мөн өмнө нь тусгаарлагдсан төмөр замын ажилчдын ар гэрээс буюу тусгаарлалтад байсан дөрвөн иргэнийн давтан шинжилгээний хариу эерэг гарч нийт covid-19 халдварын 11 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр нэмэгдсэн 11 тохиолдол бол тусгаарлалтад байсан бөгөөд анхны болон давтан шинжилгээний хариу нь эерэг гарлаа. Нэг өрх-нэг иргэн шинжилгээний хүрээнд тухайн иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд өрх гишүүд халдвар авсан байх өндөр магадлалтай гэдэг нь харагдаж байна. Шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд аль болох нийгмийн харилцаанд бага оролцож, хүнсний үйлчилгээ авахад гараа угааж, маскаа зүүх хэрэгтэй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ