ЭМЯ: 80 настай иргэн маш хүнд, аппаратад байна

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 80 настай иргэн маш хүнд, аппаратад байна

ЭМЯ: 80 настай иргэн маш хүнд, аппаратад байна

ЭМЯ: УЛААНБААТАРЫН СҮҮЛИЙН ХАЛДВАР "АМАН ХУУР" ХОТХОНООС БҮРТГЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэж байна.  Өчигдөр /2020.11.26/ нийт 18031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 300 боллоо. Батлагдсан 26 тохиолдлын хоёр нь нийслэлд , Сэлэнгэ аймагт ес, Орхон аймагт нэг, Дархан-Уул аймагт 11, Дорноговь аймагт хоёр иргэнээс халдвар нэмж илэрчээ. Монгол Улсад батлагдсан халдварын тоо 738 болж, 347 хүн эдгэрсэн, ажиглалтад 24, гэрийн ажиглалтад нэг хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна.  ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 384 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа. Үүнээс 80 настай нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ хүн аппаратад байгаа, сахартай, даралт өндөртэй, зүрх судасны архаг өвчтэй. Гэхдээ биеийн байдал тогтвортой байна. Хүнд хүн тав, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байна. Өвчлөгсдийн насны байдал 2-90 нас, дундаж наслалт нь 32.8 байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн хоёр тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гэр бүлийн хүүхэд байсан бол нэг нь бариа засалтай холбоотойгоор халдвар авсан. Улаанбаатар хотод дөрвөн голомт байгаа. Сувиллын ажиглалтад байсан 59 хүн батлагдсан тохиолдолд орж байгаа.

Өчигдөр ХӨСҮТ-ийн нэг эрүүл мэндийн төвийн ажилтан халдвар авч, нийт 11 эмнэлгийн тусламж үзүүлж байсан хүмүүс халдвар авсан байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, сувилал руу шилжиж байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварыг аймгаар нь авч үзвэл, 

  • Сэлэнгэ аймаг-157
  • Дархан-Уул аймаг-33
  • Говьсүмбэр аймаг-3
  • Дорноговь аймаг-20
  • Орхон аймаг-22
  • Улаанбаатар-65 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотын голомтыг задалбал,

  • Баянгол дүүрэг -16
  • Сонгинохайрхан-10
  • Баянзүрх дүүрэг -18
  • Сүхбаатар дүүрэг 12
  • Хан-Уул 7
  • Багануур 1
  • Чингэлтэй 1 тохиолдол тус тус батлагдаад байна. Нийтдээ эдгээр дүүргийн 23 хороонд 65 тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтал 977 хүнийг тусгаарлаж, 3-4 удаа шинжилгээ хийж байна. ЭМЯ-аас арваннэгдүгээр сарын 11-ээс хойш эхний тохиолдлын ойрын хавьтал болох 100 гаруй хүнийг гэрийн хяналтад гаргасан. Одоогийн байдлаар 159 хүн хоёр удаа хийсэн.

-ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ДЭМБ-аас халдварт гарснаас хойш 50 гаруй өвчтөн дээр хийсэн судалгаагаар халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж үзсэн. Дэлхийн улс орнууд 5-6 хоногт нууц үеийн хугацаа илэрч байна гэж үзсэн. Монгол Улсад нийт 29 тохиолдолд нууц үеийн хугацааг судлахад халдвартай хүний хавьтал болсноос хойш 3-13 хоногт шинж тэмдэг илэрч байна. Дунджаар 5-7 хоногт халдвар илэрч байна гэж ойлгох хэрэгтэй. Тухайн хүний дархлаа, эрүүл мэндийн байдлаас хамаарна. Сүүлийн тохиолдлууд бариа засалтай холбоотой халдварт өртсөн Баянзүрх дүүргийн 14 хорооны хувийн эмнэлэгт арваннэгдүгээр сарын 1-ээс хойш бариа хийлгэсэн хүмүүс яаралтай шинжилгээ өгөх хэрэгтэй.

Ард иргэдийн дунд цар тахал гарчихлаа гэж айж, сандрах шаардлагагүй. Та бүхэн ч гэсэн биднийг дэмжиж, амны хаалтаа зүүж, гараа ариутган, зайгаа бариарай.

-ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: 

-Монгол Улсын хувьд нийслэл хот, таван аймагт өвчлөл багц хэлбэрээр бүртгэгдэж байна. Бид ихэнх ойрын хавьтлуудыг хяналтдаа авч, шинжилгээнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар 127.821 хүн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, 91.829 хүнийх сөрөг, бусад хүний шинжилгээг хийж байна. Нийслэлд ЗӨСҮТ-ийн хоёр баг 15 объектод эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн иргэд тусгай гурван утсанд 8497 иргэн хандаж, зөвлөгөө авсан. Цаашид эмнэлэг, олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй.

“НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН 98 ХУВЬ НЬ ОЙРЫН ХАВЬТЛААС ИЛЭРСЭН”

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Эрүүл мэндийн яамнаас 14 хоногийн хугацаанд бүх ард иргэдээ шинжилгээнд хамруулж болдоггүй юм уу. Ганц ХӨСҮТ-д халдвартай иргэдийг эмчлэхээс гадна орон нутгийн эмнэлгүүдэд эмчилгээг хийж болдог уу?

Д.Нарангэрэл: Манай улсад анх гадаад улсаас халдвар зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдэж байсан. Одоо нийт хүн амын дунд Covid-19-ийн халдвар алаг цоог хэлбэрээс багц өвчлөл бүртгэгдсэн улс болсон. Энэ үед дэлхий дахинд голомтод болон эрсдэлт бүлгийнхээ иргэдийг шинжилгээнд хамруулах тактик баримталж байна. Гэхдээ бид бүх ард иргэдээ шинжилгээнд хамруулж болно. Бид ДЭМБ-аас зөвлөсөн хоёрдугаар үе шатандаа явж байна. Одоо энэ ХӨСҮТ-д халдвартай иргэдийг эмчилж байгаа ч цаашдаа аймаг орон нутагтаа эмчилж эхэлнэ. Сэлэнгэ аймагт тусгай эмчилгээний тасгуудыг нээгээд байна.

А.Амбасэлмаа: Бид цар тахлын төлөвлөлтийн дагуу арга хэмжээ авч, ажиллаж байна. Өнөөдөр шинжилгээ өгсөн хүн маргааш халдвар авах эрсдэлтэй. Гэхдээ бид нууц үеийн хугацаанд илрүүлэх бүрэн боломжтой. “Энхсаран” сувиллын асуудлыг нуугаад байгаа зүйл байхгүй. Анх арваннэгдүгээр сарын 3-нд ирсэн тээврийн жолоочийг тусгаарлахад эхний хүн өвчилсөн. Бас гадаадаас ирсэн иргэд тусгаарлах байраа голж, сахилга бат алдсан. Хотын нэг багц голомт тэнд гарсан. Нийт 59 тохиолдлыг эмчилж, эхнээсээ эдгэрсэн. Одоо голомт нь тасарсан.

-Дархан аймагт Covid-19-ийн халдвар гуравдагч хавьтлаас илэрсэн гэж үнэн үү. Халдвар авсан хүмүүсийн нэг нь Онцгой байдлын алба хаагч гэдэг мэдээлэл байна. Үүнд хариулт өгөөч?

А.Амбасэлмаа: Нийт батлагдсан тохиолдлуудын 98 хувь нь ойрын хавьтлаас илэрсэн. Үлдсэн хоёр хувь нь хоёрдогч болон дам хавьтлаас илэрсэн. Бид ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд байлгаж, бусад хавьтлуудыг гэрээр тусгаарлаж байгаа. Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлуудаас найм нь гэр бүлээс гарсан бол бусад нь ажлын хамт олноос нь илэрсэн. Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн тохиолдол гэхэд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох хүүхэд нь байсан. Харин дараагийнх нь  хоёрдогч хавьтал буюу гэрийн ажиглалтад байсан хүн. Сүүлийн батлагдсан тохиолдол “Аман хуур” хороолол гарсан. Бид өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж