"Хөл хориог сунгавал 430 мянган хүн ажилгүй болно"

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

COVID-19

"Хөл хориог сунгавал 430 мянган хүн ажилгүй болно"

"Хөл хориог сунгавал 430 мянган хүн ажилгүй болно"

ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ЦАГААС ХОЙШ 152 МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭ

Монголын үндэсний, худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар 3500 гаруй аж ахуйн нэгжээс цахимаар судалгаа авчээ. Энэхүү судалгаанд худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбар хамрагдсан байна.

Борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ.

Ажиллагсдын тоогоор, 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байна. Covid-19 цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлжээ. Тухайлбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох суурь салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын байр бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн том ажил олгогч. Хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд өөрийн нөөцөөр ажлын байраа хэдий хугацаанд хадгалах боломжтойг уг судалгаагаар дамжуулан авчээ.

ХӨЛ ХОРИО СУНГАВАЛ ААН-ҮҮД НЭГ САР Л "АМЬДРАХ" БОЛОМЖТОЙ

Судалгааны үр дүнгээс харахад 53 хувь нь нэг сар буюу 30 хоног л амьдрах боломжтой гэж хариулсан байна. Хатуу хөл хорио тогтоосон цагаас хойш аль хэдийн 14 хоног өнгөрсөн.

Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 31 хувь нь өөрийн нөөцөөр 1-3 сар тэсэх, үүнээс цааш тэсэх боломжгүй гэсэн байна.

Хамгийн их анхаарал татсан үзүүлэлт бол ажлын байр байлаа. Энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогджээ. Өөрөөр хэлбэл, 150 мянган хүний ажлын байрны асуудал энд яригдаж байгаа юм. Хөл хориог он дуустал үргэлжлүүлэх бол нэмж 430 орчим мянган ажлын байр цомхотголд орохыг  МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа гэж судалгаанд хариулжээ.

Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөцийг хүрэлцээтэй хугацааг энэхүү судалгаагаар тодорхойлсон байна. Үүнээс харахад, хувийн хэвшлийн 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэжээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Аж ахуйн нэгжүүдэд  ажлын байраа хадгалах, ажилтны цалин тавих, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал бизнест үүсээд буй гол хүндрэл болж байгааг судалгаанд тодотгожээ.

Тодруулбал, хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан байна. Хатуу хөл хорионы өмнө аж ахуйн нэгжүүд өвдөг сөхөрч байгааг дээрх судалгаа илтгэх аж. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин өдөр ирэх тусам улам дордсоор байна.

Иймд хатуу хөл хориог сунгасан тохиолдолд эдийн засгийн болон экспортын гол салбаруудын үйл ажиллагааг сэргээх, хэвийн явуулах, ААН-үүдийг ажлын байраа хадгалахад нь дэмжлэг үзүүлэх, цар тахлаас үүдэн ихээхэн хохирол амссан хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.

Үүнд

  • Үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • Богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • Жижиг дунд бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид, цар тахлын нөлөө хүндээр туссан салбарын ААН-үүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох,
  • Цар тахлын нөлөөллийн улмаас борлуулалтын орлогогүй болон орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх,
  • Нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах буюу чөлөөлөх,
  • Нөлөөлөлд ихээр өртсөн салбарын жижиг дунд ААН-ийн тогтмол зардлыг санхүүжүүлэх, түрээсийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх,
  • Нөлөөллийн улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийн татаас өгөх,
  • Нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг санхүүгийн хөрвөх чадвараар хангах зорилгоор олгох банкны зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж