"Угжны хурга шиг компаниудтай үнэ нэмэхгүй гэх хэлцэл хий"

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Live"Угжны хурга шиг компаниудтай үнэ нэмэхгүй гэх хэлцэл хий"

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, November 26, 2020

 

14 : 05
2020-11-27

Б.Пүрэвдорж: Та нар 800 тэрбум төгрөгийг үр ашиггүй сонгуульд зориулсан

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Covid-19-ийн цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.    

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-НӨАТ-ыг таван хувь болгох тухай миний санаачилсан хуулийг хэлэлцэхгүй байна. Өнөөдөр хамгийн чухал хууль энэ. Талх бүтэхийн тулд хичнээн олон НӨАТ-ын татвар төлдгийг би та нарт хэлж өгье. Үр тариагаа ургуулахын тулд тариалангийн компаниуд хамгийн гол зардлуудаа НӨАТ-ын 10 хувийн татвар авдаг. Тариагаа ургуулчхаад гурилын компаниудад тариагаа 10 хувийн НӨАТ-тай өгдөг.Гурилын компаниуд нь талхны компанид гурилаа мөн 10 хувийн НӨАТ нэмж өгдөг. Талхны компаниуд талхаа дэлгүүрт өгөхдөө дахиад 10 хувийн татвар нэмж өгдөг. Дэлгүүр нь хэрэглэгчдэд талхаа зарахдаа НӨАТ-ын 10 хувь нэмдэг.Үйлдвэрийн үе шат бүрт 10 хувийн НӨАТ нэмдэг энэ байдал эцсийн эцэст ард түмэнд дарамт болж байна. Тиймээс өнөөдөр НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах ёстой.Та нар 800 тэрбум төгрөгийг үр ашиггүй сонгуульд зориулсан. Дахиад л 4.2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталчхаад өөрсдөө хулгайлсан. Үүний оронд НӨАТ-ыг таван хувь болгож ард түмнийг ачаанаас чөлөөл.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Хэдэн компаниудад ашиг болох ийм зүйл хийхээ хэзээ болих юм бэ.100 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг компаниудад өгөх гэж байна. Жирийн иргэдэд энэ мөнгөө хүртээгээч. Томоохон ААН, компаниудад дандаа давуу байдал олгож байх юм. Хэрэглэгчдэд шууд наалдах тэр талаас нь хийгээч ээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Үр ашиг нь ард түмэнд шууд очно. 150 мянган тонн улаан буудайг оруулж ирэх 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж байгаа юм. Гурил үйлдвэрлэгч ААН-үүд энэ зээлийг аваад улаан буудайг оруулж ирнэ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

-Арга нь буруу байна. Компаниудад өгөх мөнгийг иргэдэд хүртээх олон арга зам бий. Шуурхай горимоор ажилламаар байна. Оношлогоо эмчилгээний талаар УИХ тусдаа яръя гэж би зөндөө хэлсэн, саналаа ч хүргүүлсэн. Энэ асуудал нь  но-той байгаа шүү. Хоёрт зээлийн асуудал мянга яриад юу ч шийдээгүй. Түр хороог хуралдуулаад өгөөч. 

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үүгээр Баасан гаригийн чуулганы хуралдаан дууслаа.

13 : 35
2020-11-27

Л.Энх-Амгалан: Угжны хурга шиг компаниудтай үнэ нэмэхгүй гэх хэлцэл хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслүүдийн хүрээнд хамаарах бараа, бүтээгдэхүүний гааль, НӨАТ-аас нийт 39 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх тооцоотой байжээ.

Татварын хөнгөлөлт үзүүлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн гар дээр очиход үнээ нэмэхгүй байх чиглэлд анхаарч ажиллахыг гишүүд хэлж байлаа.Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Энэ хуулийн гол үр дүн ард түмэнд л хүрэх ёстой. Ард түмний гар  дээр гурил, будаа, ургамлын тос яг ямар үнээр хүрэх вэ гэдэг нь чухал. Бид 16.5 хувийн хөнгөлөлт өгч байна. Одоогийн зарж байгаа үнээс хамгийн багадаа 16 хувийн бага үнээр л иргэдийн гар дээр очих ёстой. Гэтэл энэ компаниуд  татвараа хөнгөлүүлж авчхаад үнээ буулгадаггүй. Тиймээс компанийн эздийг дуудаж авчраад ам өчгийг нь авч, тодорхой хэлцэл хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хөнгөлөлтүүд энэ компаниудын халаасанд л орно гэсэн. Угжны хурга шиг яамны үүд сахидаг хэдэн компани л энэ хөнгөлөлтийг эдэлнэ. Тиймээс компаниудтай үнэ нэмэхгүй гэсэн хэлцлийг хийсний дараа энэ хуулийн төслийг дэмжинэ гэдгийг тэрбээр тодотгов. Уг асуултад ХХААХХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулахдаа “Энэ хөнгөлөлтөд 80 орчим компани хамрагдана. Үнэ өсгөхгүй байх чиглэлд анхаарна. Хуулийн гол ач холбогдол нь хүнсний нөөцийг бүрдүүлэх юм.

Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна. Гэхдээ уг хугацааг долдугаар сарын 1-ний өдөр гэж сунгах нь зөв гэсэн саналыг ч гишүүд хэлэв.

12 : 15
2020-11-27

Ч.Хүрэлбаатар: Covid-19-ийн вакциныг НӨАТ-аас чөлөөлнө

УИХ-ын хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна. Covid-19-ийн цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос, өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Цаашдаа НӨАТ-ыг чөлөөлөхдөө анхаарах зүйл байна. НӨАТ-аас чөлөөлөгддөг гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, тахианы мах зэрэгт заавал НӨАТ-ын падаан бичиж өгдөг байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Зөвхөн хуульд заасан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж байгаа импортлогч нар дээр ийм хөнгөлөлт явна. Дотоодын борлуулалтын НӨАТ-ыг яах юм бэ. Дотооддоо ч гэсэн чөлөөлнө гэж ойлгоод байна. Энэ талаар Сангийн яам тодорхой хариулт өгөөч. Ийм хэмжээний хөнгөлөлт үзүүлснээр эцсийн хэрэглэгч дээр жагсаалтад орсон бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар хямдарч очих вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Импортлогчдыг зөвхөн татвараас чөлөөлөөгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр боловсруулсан ургамлын тос, дотооддоо үйлдвэрлэсэн бүх төрлийн малын тэжээл, бүх төрлийн хүнсний будааг НӨАТ-аас тус тус чөлөөлнө. Вакцин ч гэсэн НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Нийтдээ төсвийн орлого 39 тэрбум төгрөгөөр буурна. Яагаад гэвэл 2021 оны төсвийг хэлэлцэж байх үед covid-19-ийн халдвар дотоодод гараагүй байсан. Тийм учраас хамт өргөн мэдүүлээгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ эрэлтээс хамаарах учраас эцсийн хэрэглэгчид тэдэн төгрөгөөр очно гэж хэлэх боломжгүй. Үнэ өсгөхгүй байх боломжийг л энэ хуулиар олгож байгаа гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Газар тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн гурван хувийн зээл олгоно гэсэн. Энэ зээлийн шалгуурыг хангаад ч авч чадахгүй байна гээд их ярьж байна. Үүнд хариулт өгөөч. Мөн ургацын баланс эцэслэгдэн гарсан уу. Хэдэн хувьтай гарав, өвөлжилт хэд хэдэн аймагт хүндэрнэ. Өвсний үнэ өндөр байна. Урьдчилан авах арга хэмжээнүүдээ хэр авч байна вэ. Импортоо хэрхэн төлөвлөж байна. Хивэг гэхэд дотооддоо маш үнэтэй байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Тариаланчдад олгох 150 тэрбум төгрөгийн зээлд 280 гаруй ААН 54 тэрбум төгрөгийн зээл авсан. Хөгжлийн банканд саатсан зүйл байхгүй. Гүйцэтгэлээрээ зээл гарч байгаа. Энэ хуулийн төслөөр бүх төрлийн малын тэжээлийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө. 80 гаруй тонн тэжээл импортоор авна гэж тооцоолсон. Дотоодын үйлдвэрээс 60 тонн.Эрэлт өндөр байгаа учраас үйлдвэрүүдэд үнэ өссөн тал бий. Цаашид үнийн өсөлтөд зохицуулалт хийнэ. 428.9 мянган тонн үр тариа авсан. 408.1 тонн улаанбуудай, 240.5 мянган тонн төмс, 113.5 тонн хүнсний ногоо, 169.4 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч гурилын үйлдвэрт 238.6 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Хүнсний улаан буудай 64 мянган тонн. Засгийн газраар хэлэлцээд 150 мянган тонн үр тариа оруулж ирэхээр зээлийн эх үүсвэрийг нь шийдвэрлэсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Дотоодын НӨАТ чөлөөлөгдөөд явах гэж байна ойлголоо. Тогтоолын төслийг дэмжиж байна. Хүнсний хангамжид сайнаар нөлөөлнө. Хэдийгээр хүнсний хангамж сайжирсан ч худалдан авч чадахгүй байгаа иргэд бий болж байгааг анхаарах ёстой.  Өдрийн орлогоороо амьдардаг, ЖДҮ эрхэлж байгаа, үйлчилгээний салбарынханд маш хүнд нөхцөл үүссэн байна. Гэр хорооллынхон түлээ, нүүрсээ авч чадахгүй байна.Хүүхдийн мөнгө авсан ч, өмнө нь өдрийнхөө орлогыг оллоо ч амьдрал нь хүрэлцдэггүй олон айл өрхүүд байгаа. Тийм учраас төсөв батлахтай холбогдуулж ЖДҮ-ийн хүндрэлд арга хэмжээ  авах асуудал үүсч магадгүй юм. Хөл хорионы энэ үед хүнд өвчтэй байгаа иргэд дээрээ анхаарч хамгаалах тал дээр анхаараад, харин бизнесийн үйл ажиллагааг хэвийн болгох тал руу явах хэрэгтэй байна. Хэчнээн бид татварын хөнгөлөлт хийсэн ч, худалдан авч чадахгүй иргэд бий болж байна гэдгийг анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Байдал хүндрээд ирэхээр л импортын татвараас чөлөөлдөг дотоод үйлдвэрлэлээ дэмждэггүй ийм л арга хэмжээг авдаг боллоо. Цагийн ямар ч үед ЖДҮ эрхлэгчдээ дэмжмээр байх юм. Дотоод үйлдвэрлээ дэмжих чиглэлд юу хийх вэ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: 

-ЖДҮ эрхлэгч нараа дэмжилгүй яах вэ. ЖДҮХС-г агентлаг болгоод ажиллаж байна. Цаашид ЖДҮХС-г төсвөөр санхүүжүүлдэг бус зээлийн эргэн төлөлтөөр нь санхүүжүүлдэг байх зохицуулалт руу орно.  1570 гаруй ААН зээл хүсч сонгон шалгаруулалтад орж байна. Нийтдээ 15 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Зээлийн батлан даалтын санд 70 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бий.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Энэ жил өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй байна. Хөдөө аж ахуйн сайдтай оторчдыг хөөж туухгүй байлгахад анхаарахыг зунаас хойш ярьж байгаа. Зөвхөн отрын бүс нутагт өвөлжиж байгаа оторчдыг хөөж туухгүй байх шийдвэр гаргасан нь өрөөсгөл болсон байна. Цаашдаа бүс нутагтаа өвс, тэжээлийг бэлддэг байх талаар ямар арга хэмжээ авах вэ. Өвөлжилт хүндрэхтэй холбоотой Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай аймгуудаас 40.000 тонн мах бэлтгэх чиглэл гаргасан. Энэ бэлтгэл ажил ямар үр дүнтэй байна вэ.

ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан:

-Отрын бүс нутагт отроор явж байгаа бүх малчдыг хөөж туухгүй байх ёстой. Өвс тэжээлийн хувьд энэ хуулийн төслөөрөө бүх төрлийн үрийг чөлөөлж байгаа. Ер нь бид таримал ургамлыг дэмжихгүй бол улаан буудайн тариалалтад сөргөөр нөлөөлөх төлөв байдал харагдсан.  Гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх бараа бүтээгдэхүүний үнийн хяналтад МХЕГ болон ШӨХТГ хяналт тавьж ажиллах юм байна.

11 : 32
2020-11-27

Чуулган: 2021 оны төсөвтэй холбоотой тогтоолын хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхийлөгч өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулиа эгүүлэн татсанаар хэлэлцэх дараагийн асуудалдаа орлоо. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад яагаад оруулаагүй болохыг тодруулав. Тэрбээр энэ тухайгаа “Ард түмний орлого зогссон энэ үед үйлдвэрлэлийн үе шат бүр дээр нэмэгддэг НӨАТ ард түмэнд хүнд болж тусч байна. Гэтэл НӨАТ-ыг таван хувь болгох миний санаачилсан хуулийг хасчихсан байх юм. Энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай. Хоёрдугаарт, хуурамч шатахуунтай тэмцэх тухай хуулийг мөн хэлэлцэх асуудалд ороогүй байна. Хуурамч шатахуун хийдэг бүтээгдэхүүнийг онцгой татвартай болгосноор үүнтэй тэмцэх боломжтой. 7-8 компани өнөөдөр хуурамч шатахуун үйлдвэрлэж асар их ашиг олдог. Ард түмний эд хөрөнгийг эвдсэн хуурамч шатахуунтай та нар яагаад тэмцэхгүй байгаа юм. Яагаад миний өргөн барьсан хуулийг хасав гэсэн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа,Б.Ганбат нар энэ хоёр хуулийг хэлэлцүүлэх саналтайгаа хэлсэн. Холбогдох байнгын хороодын саналаар хэлэлцүүлгийн шаардлага хангаагүй гэж УИХ-ын Тамгын газар үзсэн учраас энэ удаагийн чуулганд оруулаагүй" гэв. 

Ингээд үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг батлах нь зохимжгүй болов уу. Дэгийн тухай хуульд заасан зохицуулалт байдаггүй юм байна. Хоригийг хүлээж авах эсэхээс хамаараад энэ тогтоолын төслийг хэлэлцэхийг нь хойшлуулах саналтай байна” гэсэн юм.

УИХ-ын Тамгын газар:

-Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн санал гаргах эрхтэй. Төсөвт бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьсан учраас уг тогтоолын төслийг ч хэлэлцэхээс хойшлуулах эсэхийг санал хураалтаар шийдвэрлэж болно.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төсвийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагаж гарах тогтоолын төслийг одоо ярих нь зохисгүй. Энэ тогтоолдоо вакцинтай холбоотой зардлыг хэрхэн шийдвэрлэх мөн төсвийн орлого, зарлагын заалтуудад өөрчлөлт хиймээр байна. Ингэх зайлшгүй шаардлага байна. Төсвийн зарлага хэт цамаан байгаад анхаарах хэрэгтэй. Вакцины зардлыг ч мөн анхаарах ёстой. Тиймээс Төсвийн байнгын хороог хуралдуулах санал гаргаж байна.

Ингээд Б.Жавхлан, С.Бямбацогт нар гишүүдийн гаргасан саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

10 : 15
2020-11-27

Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулиа эргүүлэн татлаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр Шүүхийн тухай багц хуулийн төслийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдэв.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлалцахад, Шүүхийн тухай хуулийг боловсруулахдаа ч тодорхой бүрэн эрхээсээ өөрөө татгалзаж, шударга ёсыг тогтоох гэсэн зорилгоор УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг өргөн барьсан учраас бүрэн эрхийн хүрээнд байр сууриа илэрхийлж байна. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн тухай багц хуулийн төсөл хэт их улстөржсөн, төрийн уламжлалд үл зохицох байдлаар явж буйд харамсч байна. Тиймээс Шүүхийн тухай багц хуулийн төслүүдээ татаж авч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Шүүхийн асуудал бол нийт иргэн, аж ахуй нэгжүүдэд хамаарах өргөн хүрээний асуудал. Тиймээс шүүхийн асуудал улс төрийн нэг нам, түүний дотор фракциудын явцуу ашиг сонирхлыг хангах бус, эрх баригчдын намын гишүүн торгуулаад өнгөрдөг, энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг зэрэг олон талын санал санаачлагатай хуулийн төсөл болсон. Жишээлбэл, нийгмийн даатгалын сангийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувшуулсан намын гишүүн торгуулж өнгөрсөн бол 50 мянган төгрөгийн хулгайн хэрэгтэй иргэн 2 жилийн авч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүсч байна. Энэ мэт хууль ёсны асуудлыг шударгаар иргэн, аж ахуй нэгжүүдэд тэгш үйлчлэх зарчмаар төсөл боловсруулсан ч эрх баригч намын хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэдгээ зарлаж, улстөржүүлсэн. Хууль тогтоогчид та бүхэн юм бүхний учир шалтгааныг өргөн хүрээнд харж, өнөөдөр юу өөрчлөгдөж, юу болж байгааг харах хэрэгтэйг сануулж байна. Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулж шүүгчийн хараат бус байдлыг бий болгох бодит боломжийг бий болгосон. Тиймээс ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг томилох заалтыг хасч, шүүхэд итгэх иргэний итгэлийг сэргээх шаардлагатай гэж үзэж шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлсэн бодлогыг дэвшүүлсэн. Харамсалтай нь миний өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг улстөржүүлж, хэлэлцэхээс татгалзав. Ерөнхийлөгчийн хувиар өмнө нь Засгийн газраас өргөн барьсан шүүхийн тухай багц хуулийн төслүүдтэй санал нийлэхгүй, шүүмжлэлтэй хандаж байгаа. Ухралт хийсэн хууль болсон гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр ганц шүүх бус ард түмний ахуй амьдралд ахиц гарч, тодорхой үр дүнд хүрэх ёстой. Хууль тогтоогчид үүнийг анхаарч, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг өргөн хүрээнд дүгнэж ажиллахыг онцлон шаардаж байна. УИХ шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байгаа нь хэлэлцүүлгийн явцад сайжруулна гэх итгэл үнэмшлийг огт төрүүлэхгүй байна. Миний бие Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд 2020 оны гуравдугаар сард Хууль зүйн яам, Хуульчдын холбоо, хуульчдын байр суурийг тусгасан, хуулийн төслүүдийг судалж, зарчмын зөрүүтэй асуудлуудыг судалж, ажил хэрэгч саналуудыг тусган, шийдэл бүхий хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэх нь зөв гэж илэрхийлсэн байдаг. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам мэргэжлийн холбоод, мэргэжлийн хуульчдын саналыг үл тоомсорлон алдаа завхрал ихтэй хуулийн төсөл шууд өргөн мэдүүлсэн. Тиймээс оновчтой, зөв хууль гаргахын тулд хоёр хуулийг нэгтгэж, зарчмын зөрүүтэй асуудлыг сайжруулаад явна гэж бодсон боловч эрх баригч нам улстөржүүлсэн алдаагаа ухамсарласангүй.

Шүүхийн тухай хуулийг цахимаар хэлэлцэх нь болчимгүй алхам. Хатуу хөл хорио онцгой дэглэм тогтсон үед ард түмний элч болсон УИХ-ын гишүүд цахим хурал хийж байгааг гайхаж байна. Өнгөрсөн хугацаанд хууль шүүхийн шинэчлэлд нийгмийг автуулж байсан ч дорвитой шийдэл, гарц гараагүйг ард түмэн мэдэж байгаа.  ЖДҮ-ийн зээлийг бүлэглэсэн, Хөгжлийн банкны зээл, уул уурхайн лицензийг бүлэг, фракциараа хуйвалдан авснаа татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлдэг, ББСБ-аараа угаадаг, төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг хүмүүс шүүхийн тухай хуульд нөлөөлөх гэсэн оролдлогоор илэрч байна.

Эцэст нь, Монгол Улсын Үндсэн хууль, хууль санаачлахаас гадна, УИХ-аар хэлэлцэгдэж буй хуульд санал өгөх, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих, Цэцэд хүсэлт гаргах боломжуудыг Ерөнхийлөгчид олгосон байдаг ч цаашид УИХ-ын гишүүд ард түмний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж ажиллана гэдэгт итгэж байна.

Хууль санаачлагч хуулиудыг татан авсан учраас Шүүхийн тухай багц хуулийн төслийг буцааж байна. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг шинэчилсэн найруулгын төслүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга татан авсан учраас, буцаалаа. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

09 : 53
2020-11-27

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд оролцож, үг хэлнэ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2020.11.27/ 10.00 цагаас хуралдана. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлнэ. 2021 оны төсөв баталсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт бүхэлд нь хориг тавиад байгаа юм.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж