Монголчуудын covid-19-ийн вакцины "найдвар" ба байр суурь

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Монголчуудын covid-19-ийн вакцины "найдвар" ба байр суурь

Монголчуудын covid-19-ийн вакцины "найдвар" ба байр суурь

Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрсэн covid-19 халдвараас сэргийлэх, энэхүү өвчнөөс хамгаалах ганц найдвар нь вакцин болоод буй. Өнөөдрийн байдлаар улс орнуудад 140 гаруй вакцин хөгжүүлж байгаагийн 10 нь амжилттай болж байна. Манай улсын хувьд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран covid-19-ийн  вакциныг жигд түгээх “Ковакс” хөтөлбөрт багтснаар тун удахгүй вакцин авахаар болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв.

Эхний ээлжид хүн амын 20 хувь буюу эмнэлгийн ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг  үнэ төлбөргүй хамруулахаар төлөвлөжээ. Гадаад харилцааны яамны мэдээлснээр эхний ээлжид хүн амын 20 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн бол  цаашид хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Гадаад харилцааны яам хоёр талын шугамаар Канад, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Австрали, зэрэг оронтой харилцаж, вакцин худалдаж авахад дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлж буй. Харин зарим эрдэмтдийн зүгээс гадаадын улс орнуудаас вакцин, түргэвчилсэн оношлуур эрж хайхаас илүүтэй дотоодын нөөц бололцоонд үндэслэж эрдэмтдээ дэмжиж ажиллавал вакциныг өөрсдөө бүтээх боломжтой гэх байр суурийг ч илэрхийлээд байгаа юм. Сүүлийн үед  Монгол эрдэмтэд түргэвчилсэн оношлуур бүтээсэн гэх сайн мэдээтэй зэрэгцэн Монгол эрдэмтэн вакцин бүтээсэн гэх мэдээлэл ч нийгмийн сүлжээнд олны анхааралд өртсөн. Гэхдээ энэ мэдээлэл ташаа болохыг доктор Б.Наранбаатар мэдэгдээд байна. Covid-19 халдварын эсрэг вакцины талаарх байр суурийг хүргэе.

ДЭМБ-ЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ВАКЦИНЫГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР АВНА

Гадаад харилцааны сайд Н.ЭНХТАЙВАН: 

– Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Covid-19 цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, орлогч даргаар миний бие ажиллаж байна. Хүн амынхаа аюулгүй байдлыг хангаж, вакцинжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна. Манай улсын хувьд Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байна.

Вакцин худалдан авалтыг COVAX хөтөлбөрийн хүрээнд хийснээр ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй вакцин авахаас гадна үнэ өртөг нь COVAX хөтөлбөрийн хөнгөлөлттэй үнээр байх юм. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ГХЯ-ны зүгээс хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан вакцин хөгжүүлж буй “Moderna”, “Pfizer”, “AstraZeneca” зэрэг компанитай холбоо тогтоож, вакцин худалдан авах асуудлаар уулзалт хийж, мэдээлэл авч байна.

Мөн түүнчлэн ГХЯ хоёр талын шугамаар Канад, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Австрали, зэрэг оронтой харилцаж, вакцин худалдаж авахад дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байна гэлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өөрийн орны онцлог, тоног төхөөрөмжид тохирсон вакциныг сонгож байгааг мэдээлж буй. Вакцин хүлээн авсан тохиолдолд 7-14 хоногт хамруулахаар төлөвлөжээ.

ХҮН АМЫН 60 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ: 

-Дотоодод covid-19 халдвар бүртгэгдснээс хойш халдварын тархалтыг хумихад илүүтэй анхаарч ажиллаж байна.  Энэ өвчний эсрэг эмийн эмчилгээнээс гадна вакцин авах тухай яригдаж байгаа. Бид хүн амын  60 хүртэлх хувийг вакцинжуулах тооцоо байна. Үүний 20 хувь нь хөгжиж буй орнуудад тусламжаар ирж буй вакцин гэж ойлгож болно. Үлдсэн 40 хувийг бид худалдаж авна. Өнгөрсөн мягмар гаригт болсон  Дархлаажуулалтын үндэсний зохицуулах хорооны хуралд  Монголын тэргүүлэх эрдэмтэд оролцсон.Энэ үеэр өөрийн улс орны онцлог, багаж тоног төхөөрөмжид  тохирох вакциныг авах талаар сонгож байна.

Бид -70 хэмээс дээш хүйтэн градуст хадгалах вакцин авахад маш хүндрэлтэй. Олон дагалдах хэрэгслүүдийг авах учраас бид ямар вакцин авах талаар сонгосон. Мөн 7-14 хоногийн хугацаанд вакцин хийх төлөвлөгөөг гаргасан.

Энэ төлөвлөгөө ирэх долоо хоногт Засгийн газраар батлагдна. Үүнийгээ бид ДЭМБ-д танилцуулсны үндсэн дээр эхний ээлжинд вакцин хүлээн авах улс орнуудын жагсаалтад Монгол Улс багтлаа.

ЦАР ТАХЛЫН ҮЕД ГАДААДААС ТУСЛАМЖ ГУЙХААС ИЛҮҮ ЭРДЭМТДЭЭ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ

Зарим эрдэмтдийн зүгээс вакцин эцсийн найдвар биш боловч гаднаас өндөр өртгөөр худалдан авахаас илүүтэй  дотооддоо вакцин бүтээх боломжтой гэх байр суурийг илэрхийлж байгаа юм. Хамгийн гол нь, эрдэмтдэд төрийн дэмжлэг үгүйлэгдэж буйг онцолж байв.

АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, профессор Г.БАТБААТАР:

– Хүмүүст өгөөд байгаа дараагийн мессэж нь вакцин гараад ирвэл бүх зүйл болно гэж бодоод байх юм. Үгүй юм. Коронавирус өнөөдрийн байдлаар долоон төрөл байна. Үүний гурав нь хүнд өвчин үүсгэдэг. Үүнийг яагаад “sars-covid-2” гэж нэрлээд байна вэ гэхээр sars -тай адилхан. Гэтэл өнөөдрийг хүртэл дэлхий дахинд sars-ын эсрэг вакцин гаргаж авч чадаагүй. Хэтэрхий өндөр өртөгтэй, сүргийн дархлаа тогтоод болчих юм байна гэж тооцоод үүний эсрэг вакцин гаргаагүй. Харин өнөөдөр ковид-19-ын эсрэг вакцин гаргах гэж байна. Бид алийн болгон бусдаас гуйж вакцин, эмчилгээний асуудлаа шийдэх юм. Үндэсний эрдэмтдээ тэтгээд, судалгааны ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлээд, дэмжээд өгвөл дэлхийд данстай, нэртэй эрдэмтэд Монголд олон байна. Тэр хүмүүсээ ашиглах л ёстой. Тэгэхээр энд төрийн бодлого хэрэгтэй.

Өвчин гарлаа, сандралдлаа, дарга нарын толгойд хаанаас оношлуур олох вэ, хаанаас вакцин авах вэ л гэж орж ирж байна. Уг нь хамгийн түрүүнд өөрсдийн эрдэмтдээ ажиллуулъя гэдэг юм орж байх ёстой юм. УОК-ын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулагдсан гэдгийг сонсоод тун таатай байна. Энд ганц анагаахын эрдэмтэд бус хууль, физик, түүхийн гээд олон эрдэмтэд орно. Эрдэмтэд ярьж байгаад хамгийн зөв мэдээллийг шийдвэр гаргаж байгаа хүмүүст өгөх ёстой.

Бид цаашдаа коронавирустэй хамт амьдарна. Вакцин гарлаа ч энэ вирус алга болохгүй. Мэргэжлийн хүний хувьд харахад коронавирусийн эсрэг маш сайн вакцин гарлаа гэхэд үүсгэж байгаа дархлал нь тийм удаан тогтохгүй. Яагаад гэхээр вирусийн эсрэг дархлаа дандаа богино хугацаатай байдаг. Тэгэхээр бид жил, хоёр, гурван жилийн дараа яах вэ гэдэг асуудлыг өнөөдрөөс бодож үндэснийхээ судлаач, эрдэмтдийг ажиллах нөхцөлөөр хангаад, дэмжээд явах нь Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны бодлого байх ёстой.

МОНГОЛ ЭРДЭМТЭН ВАКЦИН БҮТЭЭГЭЭГҮЙ

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Монгол эрдэмтэн вакцин бүтээсэн тухай мэдээлэл цацагдсан. Үүнийг доктор Б.Наранбаатар үгүйсгэж, ташаа мэдээлэл болохыг залруулсан юм. Тодруулбал, одоогоор монгол эрдэмтэд вакцин бүтээгээгүй байна.

ФШУ-ны доктор, биофизикч Д.НАРАНБААТАР: 

-Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам манай эрдэмтдийн багийг олон удаа хүлээн авч уулзаж ажилласан. Бид өнгөрсөн даваа гаригт зургаан жилийн төлөвлөгөө болох 180 хуудас бүхий бичиг баримтыг эцсийн байдлаар хүлээлгэн өгсөн. Үүнтэй зэрэгцэн миний тухай үндэслэлгүй ташаа мэдээлэл тарсанд залруулга хийе. Монгол хүн коронавирусийн эсрэг вакцин гаргалаа гэх мэдээлэл. Улс орныхоо төлөө бид чаддаг зүйлээ л хийнэ гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж