5000 сонгогч бүртгэлээ баталгаажуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.11-нд нийтлэгдсэн

5000 сонгогч бүртгэлээ баталгаажуулжээ

Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан байгаа. Урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая 4 мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс өнөөг хүртэл тус сайт руу 5000 орчим сонгогч өөрийн мэдээллийг нягталж, бүртгэлээ баталгаажуулаад байгаа талаар Бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээлж байна.

Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-ныг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулна. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газрын лавлах утас 1800 1890 дугаарт хандах юм.

Мөн сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсооно. Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай. Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11 мянган иргэн байгаа юм.

Ямартай ч одоогоор Сонгуулийн хэсгийн хувьд 2091 хэсэг 21 аймаг 9 дүүрэг 332 суманд байгуулагджээ.

Үүнээс гадна гадаадад байгаа Монгол Улсын иргэд зургадугаар сарын 17, 18, 19-ны өдрүүдэд саналаа өгнө. Саналаа өгөхдөө 40 хоногийн өмнө тухайн газрынхаа дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр болон интернетээр мэдүүлэх шаардлагатай.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж